Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 5 дахь жилдээ зохион байгуулагдсан “Дуулиан-2020” тэмцээн өндөрлөж аваргуудаа тодрууллаа. 11 насны ангилалд 24 дүгээр сургууль, 13 насанд 97, 15 насанд 10 дугаар сургууль, 17 насанд 72 дугаар сургуулийн баг тэргүүлж алтан медаль хүртсэн байна. Дэлхийн хамгийн олон үзэгчтэй спортын энэ төрлийн 11 настнуудын аваргын төлөө тоглолтыг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд үзэж, аваргаар тодорсон 24 дүгээр сургууль, удаах байр эзэлсэн “Оюуны ундраа цогцолбор” сургуулийн багт шагналыг нь гардуулав.
“Хамгийн бяцхан, өхөөрдөм хоёр багийн тоглолтыг үзээд өөрийн эрхгүй сэтгэл хөдөллөө. Тэмцээний аваргаар шалгарсан, аваргын төлөө өрсөлдсөн баг, тамирчид 2020 он гэхэд бүс, тив, дэлхий, олимпийн наадамд дуулиан тарьж, эх орныхоо нэрийг дуурсгана гэсэн итгэл төрлөө. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, иргэдийн дунд нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэхийн тулд Засгийн газар тодорхой, бодитой арга хэмжээ авч, хөтөлбөр хэрэгжүүлж байгаа” гэж тэрээр хэллээ.
Ерөнхий сайд С.Батболд “Дуулиан-2020” заалны хөл бөмбөгийн тэмцээний зохион байгуулагч, ивээн тэтгэгч, шилдэг тоглогчдыг 2010 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч уулзан, амжилттай оролцсон тамирчдад өргөмжлөл гардуулж байсан юм. 6 сар үргэлжилсэн энэ жилийн тэмцээнд 86 сургуулийн 230 багийн 3 мянга орчим тамирчин оролцож, нас насны ангилалд хурд хүч, ур чадвараа сорьсон байна. Тэмцээний нас бүрийн ангилалд шилдэг тоглогч, довтлогчийг тодруулсан бөгөөд 24 дүгээр сургуулийн тамирчин, 11 настай А. Мөнх-Оргил шилдэгийн шилдэг тоглогчоор, шилдэг сургуулиар 10 дугаар сургууль шалгарчээ. А.Мөнх-Оргил өмнө нь Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит шагнал хүртэн, БНУУ-д нэг сарын хугацаатай амрах эрхээр шагнуулж байсан юм.
“Дуулиан-2020” тэмцээний ерөнхий ивээн тэтгэгч “Рио Тинто” компани 5 сургуулийн спорт заалыг засварлах хөрөнгө, спортын хэрэгсэл, хувцас өгчбайгаагаа мэдэгдлээ. Тэмцээнийг “Их талын дуулиан” төрийн бус байгууллага, Биеийн тамир, спортын газар, Монголын хөлбөмбөгийн холбоо хамтран зохион байгуулсан байна. “Дуулиан-2020” тэмцээн 5 жилийн өмнө анх зохион байгуулагдахад цөөн тооны баг, тамирчин оролцож байсан бол одоо хамгийн олон оролцогчтой, хамгийн сонирхолтой, өрсөлдөөнтэй тэмцээний нэгд тооцогддог болжээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээлэв.