Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо өнөөдөр хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцлээ. Тус хурлаар Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах болон салбар хороодын бүрэлдэхүүн, ажлын төлөвлөгөөг баталлаа. Энэ жилийн наадам Тулгар төр байгуулагдсаны 2220, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100, Ардын хувьсгалын 90 жил зэрэг түүхт ойтой давхцаж буй учир ихээхэн ач холбогдол өгч, өргөн цар хүрээтэй тэмдэглэхээр төлөвлөж байна.
Тиймээс энэ жилийн наадмын үйл ажиллагагааг “Монгол туургатны өдрүүд” нэртэй арга хэмжээгээр долдугаар сарын 1-ний өдөр эхлүүлэхээр боллоо. Монгол туургатны өдрүүд ес хоног үргэлжлэх юм. Энэ үеэр морьтон монгол, монгол бичиг, монгол гэр, монгол урлаг, монгол хувцасны үзэсгэлэн гарах юм байна. Мөн эдгээр түүхэн ойн онцлогийг харуулсан дурсгалын медалион, марк, зоос гаргахаар боллоо.
Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хорооны хурлаар мөн баяр наадмын өмнө Улаанбаатарт хотод хийгдэх хот тохижилтын ажлын талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ч.Бат танилцууллаа. 2011 онд тохижилт, гэрэлтүүлгийн ажилд нийт 27,3 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн бөгөөд үүний 10,3 тэрбум төгрөгийн ажлыг баяр наадмын өмнө хийж гүйтэцгэх ажээ. Тохижилтын ажлын хүрээнд явган хүний 122 м/к зам тавьж, усан оргилуур 32, спортын цогцолбор 47-г байгуулахаар ажлаа эхэлсэн байна.
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд М.Энхболд хурлын үеэр “Улаанбаатар хот болоод Төв цэнгэлдэх хүрээлэн, сурын талбай, морь барианы газрын тохижилт, зүлэгжүүлэлтийн ажилд одооноос онцгой анхаарч, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн орчин тойронд автомашины зогсоолын талбайг нэмэгдүүлэх, зарим газарт түр зогсоол бий болгох үүргийг хариуцсан салбар хорооны дарга нарт өглөө. Мөн Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагийн орчмыг зүлэгжүүлэх, эдгээр газарт ямар нэгэн арга хэмжээ зохиохгүй байх тал дээр анхаарахыг Шадар сайд зөвлөлөө.
Тэгш ойнууд давхцаж буй энэ түүхэн жилийн наадмаар 1024 бөх барилдуулж, зургаан насанд 3200-4000 морь уралдуулахаар зохион байгуулах хорооныхон бэлтгэл ажилдаа оржээ. Мөн наадамчдын хамгийн ихээр сонирхдог наадмын нээлт, хаалтын тоглолтын найруулагчдыг тус хурлаар баталлаа. Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын тоглолтыг төрийн шагналт, бүжиг дэглээч Сэвжидийн Сүхбаатар, Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын найруулагч Б.Ганболд нар найруулахаар боллоо.
Энэхүү арга хэмжээнд 1000 морин хуурч, 100 уртын дууч оролцох юм байна. Харин Төрийн хүндэтгэлийн концертыг төрийн хошой шагналт, хөгжийн зохиолч Н.Жанцанноров найруулж, түүнд ардын жүжигчин Д.Жамъяндагва зөвлөхөөр боллоо. Баяр наадмын үдэш Сүхбаатарын талбайд зохион байгуулдаг уламжлалтай “Улаанбаатарын үдэш” цэнгүүнийг “On’n off” продакшнийн найруулагч С.Ононбат, “Total music”төвийн захирал Ж.Од-Эрдэнэ нар найруулна. Салбар хороо бүр хариуцсан ажлаа цаг хугацаанд нь сайтар гүйцэтгэж, баяр наадмын бэлтгэлийг хангахыг Шадар сайд М.Энхболд үүрэг болголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.