Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
6 ГАЗАРТ ГАРСАН ТҮЙМРИЙГ ЦУРМАНД ОРУУЛЖЭЭ
/ мэдээг нийтэлсэн огноо : 2011.04.19 /
Улсын Онцгой комисс 2011 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хуралдан ой, хээрийн түймрийн нөхцөл байдал, мал, амьтны гоц халдварт өвчин болон шувууны томуу өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх тухай болон Увс аймгийн “Увс-Дулааны станц”-д авч хэрэгжүүлсэн ажил, БНХАУ-д гарч байгаа шинэ халдварт өвчнүүдийн талаархи мэдээллийг сонслоо. Булган аймгийн Бугат сум, Архангай аймгийн Өндөр-Улаан, Төв аймгийн Мөнгөнморьт, Батсүмбэр, Нийслэлийн Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэгт гарсан түймрийг цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.

Цаг уур, орчны шинжилгээний газрын Ус, цаг уурын хүрээлэнгийн мэдээгээр Архангай аймгийн Эрдэнэмандал, Өвөрхангай аймгийн Хархорин, Булган аймгийн Бугат, Ингэт толгой, Орхон аймгийн Эрдэнэт, Сэлэнгэ аймгийн Орхон, Ерөө, Баруунхараа, Зүүнхараа, Орхонтуул, Цагааннуур, Дархан-Уул аймгийн Дархан, Төв аймгийн Зуунмод, Угтаал, Жаргалант, Баянчандмань, Сүхбаатар аймгийн Баруун-Урт, Хэнтий аймгийн Баян-Овоо, Дадал, Биндэр, Дорнод аймгийн Чойбалсан, Дашбалбар сум болон Улаанбаатар хотын ногоон бүс түймрийн “Нэн аюултай” зэрэгт хүрч, түймэр гарах магадлал өндөр болжээ.

Улсын Онцгой комиссын хуралдаанаар цагийн байдлыг хэлэлцэн Албан даалгавар гаргалаа.

Юуны түрүүнд ой, хээрийн түймэр гарах магадлалтай аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хороодод Гамшгаас хамгаалах, Ой хээрийн түймрээс хамгаалах, Галын аюулгүй байдлын болон Ойн тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Засгийн газрын 1999 оны “Байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, ой, хээрийн түймэртэй тэмцэх материаллаг баазыг бэхжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоол, Монгол Улсын Шадар сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын хамтарсан “Ой, хээрийг түймрээс хамгаалах үйл ажиллагааг зохион байгуулах арга хэмжээний ерөнхий төлөвлөгөө” зэргийн хэрэгжилтийг 4 дүгээр сарын 28-ны дотор шалган, бэлэн байдлыг хангуулж, түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхийг Онцгой комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд М.Энхболд даалгав.

Мөн ойн сан бүхий газартай хиллэж байгаа хөдөө аж ахуйн болон бусад ангиллын  газар дахь хамгаалалтын шороон зурвасыг сэргээх, ойд цэвэрлэгээ хийх, 6 дугаар сарын 10 хүртэл болон 9 дүгээр сарын 20-ноос 11 дүгээр сарын 10 хүртэл ногоон бүсэд ямар нэгэн арга хэмжээ зохион байгуулах, мод бэлтгэх, ойн дагалт нөөц ашиглах, аялал зугаалгаар явахыг хязгаарлаж, байгаль хамгаалагчнар хяналт, шалгалтаа чангатгахыг үүрэг болгосон байна.

Төрийн болон төрийн бус байгууллага, нөхөрлөлийн гишүүд, иргэдэд түймрээс сэргийлэх ухуулга, сурталчилгаа явуулах, түймрээс урьдчилан сэргийлэх талаар тусгай хамгаалалтын газруудаас зохион байгуулж байгаа ажлыг орон нутгийн захиргаа, Онцгой байдлын газар, хэлтсүүдийн ажилтай уялдуулах, хуурайшилтын зэрэг нь нэн аюултайд хүрсэн, түймэр их гардаг, эрсдэл ихтэй газарт урамшуулалт морин эргүүл ажиллуулахыг Албан даалгаварт тусгалаа. Орон нутгийн хилийн заагт гарсан түймрийг манай, танай нутагт гарсан гэж хойш суулгүй хамтын хүчээр унтрааж байхыг онцгойлон анхааруулсан байна.

Бие бүрэлдэхүүнийг түймрийн голомтод хүргэх нисдэг тэргийг бэлэн байлгаж, шаардлагатай бол цэргийн албан хаагчдыг түймэр унтраах ажилд оролцуулах бэлтгэлтэй байхыг Батлан хамгаалахын сайдад даалгав. Ой, хээрийн түймрийн эзэн, шалтгааныг тогтоон, буруутанд хариуцлага хүлээлгэж олон нийтэд мэдээлэх ажил хангалтгүй байгааг Онцгой комиссын дарга, Шадар сайд М.Энхболд анхааруулж цаашид эргүүл, хяналтын цэг ажиллуулан, тээврийн хэрэгслийг ногоон бүсэд зорчихыг хязгаарлахыг Цагдаагийн ерөнхий газрын даргад үүрэг болгосон байна. 2011 оны 4 дүгээр сарын 18-ны байдлаар улсын хэмжээнд 21 аймгийн 33 сум, дүүрэгт 43 удаа ой, хээрийн түймэр гарч, 1 430 029 га талбай шатжээ. Эдгээрээс Дорнод аймагт хамгийн их буюу 11 удаа түймэр гарчээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

БНХАУ-д гарч байгаа халдварт өвчин манайд илрээгүй

БНХАУ-ын зарим мужид Тромбоцитопени дагалдсан халтай чичрэгт хам шинж буюу шинэ вирусээр үүсгэгдсэн өвчин гарч хурдацтай тархаж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага энэ нь шинэ өвчин, шинэ вирусийн халдвар гэсэн албан ёсны мэдээлэл, сэрэмжлүүлгийг улс орнуудад өгөөгүй  байгаа юм. Энэ өвчний талаар Улсын Онцгой комиссын хуралдаанаар хэлэлцэн манай улсад тархаж болзошгүй байгаа учир урьдчилан сэргийлэх бүх талын арга хэмжээ авахыг Онцгой комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд М.Энхболд холбогдох байгууллагуудад үүрэг болголоо.

Хачигаар дамждаг энэ өвчний халдварыг газар тариалан эрхэлдэг, 50-иас дээш насны эмэгтэйчүүд илүү авсан бөгөөд уулархаг газруудад өвчлөл илүү их бүртгэгджээ. 3 дугаар сараас 11 дүгээр сар хүртэл дэгдэж, 4-8 дугаар сард оргил үедээ хүрдэг энэ халдвар хүнээс хүнд дамжаагүй нь БНХАУ-д хийсэн судалгаагаар тодорхой болсон байна. Өвчний нууц үе 1-2 долоо хоног бөгөөд 38-40 хэм хүртэл халуурч бие сулрах, хоолонд дургүй болох, толгой, булчин өвдөх, захын тунгалгийн булчирхай томорч хөндүүрлэх, суулгах, хэвлийгээр өвдөх, зүрхний цохилт цөөрөх, арьсаар тууралт гарах, ходоод, гэдэснээс цус алдах зэрэг шинж тэмдэг илэрдэг байна.

Мэдрэлийн тогтолцооны өөрчлөлтөөс гадна цус алдаж, цусанд натрийн хэмжээ эрс багасвал нас барах аюултай. Одоогоор тусгайлсан эмчилгээ байхгүй ч онош тодортол доксациллин гэх мэт антибиотик хэрэглэж болох юм байна. Хачигт хазуулахгүй байх нь энэ өвчнөөс сэргийлэх гол үндэс бөгөөд Эрүүл мэндийн сайдын албан даалгавар гаргаж бүх шатны эмнэлгийн байгууллагад хүргэх, өвчний тархалт, халдвар авахгүй байх зөвлөмжийг иргэдэд өгөх, урд хөршид зорчсон иргэдээс асуумж авч, хил гарах гэж байгаа бол анхааруулгаөгч байхыг Онцгой комиссын хуралдаанаас холбогдох байгууллагуудад үүрэг болголоо. Мөн БНХАУ-д гарч байгаа шинэ халдварт өвчнүүдийн тухай мэдээллийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тогтмол авч байхыг Эрүүл мэндийн сайдад даалгасан байна.

Гоц халдварт өвчнөөс сэргийлэх ажил ирэх сараас эхэлнэ

Бог мал төллөж байгаатай холбогдуулан мал, амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг 5 дугаар сарын 1-нээс эхлэн богино хугацаанд чанартай хийж дуусгахыг Улсын Онцгой комиссын хуралдаанаас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай, Мал эмнэлэг, үржлийн газрын дарга П.Дамдиндорж нарт даалгалаа. Хэнтий, Сүхбаатар аймагт тарьсан шүлхийн вакцины дархлааны хүчдэл сул байгаа шалтгааныг тогтоох зэрэг судалгааны ажлыг 4 дүгээр сарын 20-наас эхлэх болсон байна.

Мөн шувууны томуу өвчний дээжийг Дэлхийн мал эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагын бүсийн лавлагаа лабораторид илгээж онош баталгаажуулах, зэрлэг шувуудын дунд тандалт, судалгаа хийн, сэжигтэй тохиолдолд яаралтай  арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг даалгалаа. Улсын Онцгой комиссын хуралдаанаар мөн Улаангом, Даланзадгад хотын дулааны станцын өнөөгийн байдлын талаар мэдээлэл сонссон байна.1 дүгээр сарын 17-20-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад хотын дулааны станцад гарсан гэмтлийг 1 сарын дотор зассаны дүнд станц ямар нэгэн сааталгүй ажиллаж байгаа тухай Эрчим хүчний газрын дарга Ц.Баярбаатар танилцууллаа.

Харин Увс аймгийн Улаангом хотын дулааны станцад байдал өөр байна. Салбарын яам, агентлаг тодорхой арга хэмжээ авч байгаа бөгөөд зуух, дулааны сүлжээний хянах хэмжих хэрэгсэл, хамгаалах клапан байхгүй зэрэг олон хүндрэл гарч байна. Иймээс халаалт зогсохоос өмнө үүнийг шийдэж ажилд оруулах, шаардлагатай засвар, үйлчилгээ хийхийг Эрдэс баялаг, эрчим хүчний сайдад даалгалаа. 2011 оны 1 дүгээр сарын 17-нд Увс аймгийн “Увс-Дулааны станц”-д гарсан техникийн гэмтлийн улмаас Улаангом хот хөлдөхдөө тулж аваарийн байдалд шилжсэн юм.

Станцыг хувьчлалаар авсан компани нь хүлээсэн үүргээ биелүүлж чадалгүй орон нутагт их хэмжээний хохирол учруулж, станцын үндсэн тоноглолын техник, ашиглалтын дүрмийг ноцтой зөрчиж байгаа тухай өмнө нь Засгийн газрын хуралдаанаар яригдсан. Компанийн эзэмшилд байгаа газар доорх шугам, сүлжээ болон станцыг орон нутгийн өмчлөлд эргүүлэн авах талаар судлахыг хуралдааны тэмдэглэлээр үүрэг болгосныг хэрэгжүүлэхийг Онцгой комиссын дарга, Шадар сайд М.Энхболд анхаарууллаа. Станцыг хэвийн ажиллуулахад шаардлагатай 370 сая төгрөгийг өмнө нь Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж байсан юм. Одоогоор Ховд аймгийн дулааны станцын хэвийн ажиллагаа доголдоход хүрээд байгааг Эрчим хүчний газрын дарга мэдээлэлдээ дурджээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ. 

Мэдээний бүлэг: Шадар сайд , Онцгой комисс ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
Засгийн газрын хуралдаан 2011 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа
Ардчиллын төдийгүй байгалийн баялгаа зөв ашиглаж чадсан загвар улс болохыг ерөөлөө
М.Олбрайт: Маргаантай асуудлуудыг тайван замаар шийдэж чаддаг гайхалтай улс орон бол Монгол
Ерөнхий сайд уурхайчдын төлөөллийг хүлээн авч уулзлаа
ШАДАР САЙДЫН САНААЧИЛГЫГ НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САН ДЭМЖИЖ БАЙНА
С.Батболд: Эрх мэдэл албан тушаалтнуудад ээлтэй шүүхийн салбарыг шинэчилж, ард иргэдийн эрх ашгийг хамгаалдаг, шударга ёсыг эрхэмлэдэг болгох ёстой
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан