Монгол улсын Ерөнхий сайд С.Батболдын урилгаар АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга асан, хатагтай Мадлен Олбрайт манай улсад айлчлахаар хүрэлцэн ирлээ. Тэрбээр одоо Үндэсний ардчиллын хүрээлэнгийн захирлуудын зөвлөлийн даргын албыг хашиж байгаа ажээ. Хатагтай Мадлен Олбрайт Монгол улсын Ерөнхий сайд С.Батболдод өнөөдөр бараалхлаа. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд нэр хүндтэй эрхэм зочныг 13 жилийн дараа манай улсад дахин айлчлахаар ирсэнд баяр хүргээд, АНУ-ын Засгийн газар түүний дотор Үндэсний ардчиллын хүрээлэн нь манай улсад улс төрийн намуудыг төлөвших, ардчиллыг хөгжүүлэхэд томоохон дэмжлэг үзүүлж ирсэнд талархаж явдгаа тэмдэглэн хэлэв.
Монгол орон улс төрийн өөрчлөлтийг хийхдээ эдийн засгийн өөрчлөлттэй хослуулж, иргэн бүрт тэгш боломжийг олгоход гол анхаарлаа хандуулж байгаа гэдгийг дурьдаад үүнд бусдын туршлагаас ч суралцаж байгааг онцолж байлаа. Монгол улсын Засгийн газар , ард түмэнтэйгээ хамт энэ зоримог өөрчлөлтийг шийдэмгий хийж байна. Амаргүй зүйл байгаа, алдаа оноо бий ч бусдын туршлагаас судалж, үр дүнд хүрэх болно гэдгийг Засгийн газрын тэргүүн уулзалтын үеэр тэмдэглэлээ.
Түүнчлэн хээл хахууль, хүнд суртлыг арилгах чиглэлийг бодлогынхоо нэг болгон манай Засгийн газар ажиллаж байна. Ирэх долдугаар сард Ардчиллын хамтын нийгэмлэгийн хурлыг Монгол улс даргална, энэ байгууллагыг Мадлен Олбрайт Та анх санаачлан байгуулж байсныг бид мэднэ . Дэлхийд ардчиллыг түгээх том байгууллагын хувьд энэ хурлыг Монгол улс даргалах болсондоо баяртай байна хэмээн Ерөнхий сайд С.Батболд тэмдэглээд, дэлхийд нэр хүнд бүхий эрхэм зочныг Монгол улсад тавтай айлчлахыг хүслээ.
Хатагтай Мадлен Олбрайт хариу талархал илэрхийлээд, Монгол бол их сонирхолтой улс. Ардчиллыг үлгэр жишээ хөгжүүлсэн орон төдийгүй хамтарч Засгийн газраа байгуулсан нь ч бас сонирхолтой туршлага. Афганистан, Ирак зэрэг улсын энхийг сахиулах үйл ажиллагаанд Монгол улсын оруулж байгаа хувь нэмрийг үнэлэхэд таатай байна хэмээн тэмдэглэлээ. Ардчиллыг үндэсний зүйлээр үнэлэхэд багагүй маргаан байдаг ч гэсэн Монгол улс бол ардчиллын үлгэр жишээ загвар улс гэдэгтэй бүгд санал нийлдэг хэмээн онцлоод, сонгууль бол шаардлагатай зүйл. Гэхдээ хангалттай зүйл биш юм, институцын хувьд ардчилал бол байнга хөгжиж явдаг порцесс.
АНУ-д ардчилал хөгжөөд 200 гаруй жил болсон ч одоо болтол хөгжсөөр байна гээд, улс төрийн хөгжил нь эдийн засгийн хөгжилтэйгөө хамтдаа явж байгаа Монгол улсын жишээг сайшаалаа. Мөн байгалийн баялгийг ард түмэн хүртэх явдал маш чухал гэдгийг онцлоод, бусад улс орон буруу замаар явж байгаа жишээг ч дурьдаж байсан юм. Ардчиллыг хөгжүүлж чадсан загвар орон төдийгүй, байгалийн баялгаа зөв ашиглаж чадсан загвар улс болж чадна гэдэгт итгэлтэй байна, иргэд нь ч боловсролтой учир хяналт тавьж чаддаг юм байна хэмээн уулзалтын үеэр эрхэм зочин ярилаа. Хатагтай Мадлен Олбрайт “ Монголын ардчиллын амжилт, Ази дахь үүрэг, ач холбогдол “ сэдвээр маргааш Гадаад харилцааны яаман дээр лекц уншина гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.