Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын урилгаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан хатагтай Мадлен Олбрайт 2011 оны дөрөвдүгээр сарын 20-22-ны өдрүүдэд манай оронд айлчилж байна. Тэрбээр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга хэмээх өндөр албан тушаалд томилогдсон анхны эмэгтэй бөгөөд үүгээрээ АНУ-ын Засгийн газрын түүхэнд бичигдэх билээ. Манай улсад Төрийн нарийн бичгийн дарга байхдаа анх удаа 1998 онд айлчилсан энэ хатагтай өнөөдөр тус улсын Үндэсний ардчиллын хүрээлэнгийн захирлуудын зөвлөлийн даргын хувиар зочилж ирээд байгаа юм.
Монгол Улсын Ерөнхий сайдын зочин, хатагтай М.Олбрайт өнөөдөр Гадаад харилцааны яамны хурлын танхимд “Celebrating Mongolia’s Democracy: A Special Role in Asia”буюу “Монголын ардчиллын амжилт: Ази дахь үүрэг, ач холбогдол” хэмээсэн лекц уншлаа. Түүний лекцийг сонсохоор тус танхимд ирсэн УИХ, Засгийн газрын зарим гишүүд, Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүд, тэдний ажилтнууд, иргэний хөдөлгөөн, хувийн хэвшлийг төлөөлж 100 гаруй хүн цугласан байсан. Тэдний дунд “Хатагтай М.Олбрайтыг ардчиллын “Өндөр ээж” гэж нэрлэж болно. Тэр хаана ч чанга дуугаар ардчиллын дуу хоолой болж зоригтой дуугардаг хүн” хэмээн үнэлэх хүмүүс олон байлаа.
Монгол Улсын Ерөнхий сайд хүндэт зочноо индэрт урихдаа, Дэлхий дахинд алдаршсан Мадлен Олбрайт хатагтайг Монголын ардчиллыг алдаршуулсан сэдвээр лекц уншиж, бидэнтэй үзэл бодлоо хуваалцах гэж буйд баяртай байгаагаа эхлээд илэрхийллээ. Мөн Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг Мадлен Олбрайт 2000 онд байгуулсан. Манай улс энэ 2011 оны долдугаар сараас 2013 он хүртэл тус нийгэмлэгийг удирдах хариуцлагатай үүрэг хүлээсэн. Энэ нь манай улсын хувьд ардчиллыг түгээн дэлгэрүүлэх хүндтэй үүрэг хүлээж байгаа хэрэг юм. Үүргээ биелүүлэхэд энэхүү лекц зөвлөгөө, сайхан санаа өгнө гэдэгт эргэлзэхгүй байгаа гэдгээ Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд тэмдэглээд Монгол Улсад ардчилал, иргэний нийгэм хэрхэн хөгжиж байгаатай хатагтай Олбрайт дахин танилцаж буйд талархаж байна гэлээ.
Хатагтай Мадлен Олбрайт ч Монгол Улсад 13 жилийн дараа, хаврын энэ сайхан өдрүүдэд айлчилж буйдаа баяртай байгаагаа илэрхийлээд “Би олон улс оронд айлчилж байсан. Монголчуудын хүнлэг, зочломтгой зан нь бусад улс орноос илүүтэй сайхан санагддаг” гэлээ. Манай хоёр орон газар зүйн хувьд хол хэдий ч бид тусгаар тогтнол, эрх чөлөөгөө дээдэлж, түүгээрээ бахархаж, уламжлалаа хадгалж чаддагаараа адилхан хүмүүс юм гэдгийг лекцийнхээ эхэнд тэмдэглэсэн. Ингэхдээ улс орнуудад ардчиллыг түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулсаар ирсэн Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг Монгол Улс удирдаж ажиллах болсонд амжилт хүсээд үйл ажиллагаанд нь туслана гэдгээ амлалаа. Үйл ажиллагаагаар дамжуулан ардчилал хөгжиж байгаа орнууд өөр хоорондоо туршлага солилцох, харилцан хамтран ажиллах зорилго бүхий тус нийгэмлэгийг 2000 онд Польшийн нийслэл Варшавт байгуулжээ.
Хатагтай Мадлен Олбрайт “Монголын ардчиллын амжилт: Ази дахь үүрэг, ач холбогдол” гэсэн лекциндээ Монгол Улс маргаантай асуудлуудыг энхтайвны замаар шийдвэрлэж чаддаг гайхалтай орон юм хэмээн тодотгоод хүний эрх, эрх чөлөөг дээдлэхэд чухал хувь нэмэр оруулж байгаа улс орон гэж үнэллээ. Мөн эмэгтэйчүүд, хүүхдүүдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхийн төлөө анхаарч ажиллаж чухал арга хэмжээ авч байгаа гэж хэллээ. Монгол Улсын иргэд та бүхэн дэлхийд үлгэр дуурайл болохуйц ардчиллыг хөгжүүлж чадаж байгаад баяртай байна. Монгол Улс, монголчууд байгалийн баялаг ихтэй азтай ард түмэн. Ардчиллыг хөгжүүлж чадсан загвар орон болсон шигээ байгалийн баялгаа зөв ашиглаж чадсан загвар улс болж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа хатагтай Мадлен Олбрайт илэрхийлсэн.
Монгол Улсад ардчилал хөгжөөд 20 гаруй жил болохдоо амаргүй замыг туулж өнөөдрийн өндөрлөгт хүрсэн. Ардчиллын институциудийг бэхжүүлэх нь чухал байгааг Монголын төр, засгийн тэргүүнүүд хэлж байна. Энэ нь ардчиллыг хөгжүүлэх дараагийн алхам мөн. АНУ-ын Үндэсний ардчиллын хүрээлэнгийн захирлуудын зөвлөлийн даргын хувиар туслахад бэлэн байна. Та бүхнийг ардчиллыг түгээн дэлгэрүүлэхэд улам их амжилт гаргана гэдэгт итгэж байна” гэж Монгол Улсын Ерөнхий сайдын зочин, хатагтай Мадлен Олбрайт тэмдэглэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.