Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
Нутаг орноо бие даан хөгжүүлэх боломж, гарц нь та бүхний гарт бий
/ мэдээг нийтэлсэн огноо : 2011.05.05 /
2011 оны 5 дугаар сарын 05                    Баруун-Урт хот

Сайн байцгаана уу,Сүхбаатарчуудаа,

Нутаг усны ахан дүүс Та бүхнийхээ амар мэндийг эрэн мэндчилье. Хамт яваа УИХ, Засгийн газрын гишүүд болон ажлын албаныхны мэндийг уламжилъя. Миний бие Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдоод наран ургах зүг, эцэг өвгөдийнмаань гал голомт мөнхөд оршсон Сүхбаатар аймгаас хөдөө орон нутгийн анхны ажлаа эхлэх бодолтой байсан. Гэвч цаг уур, хорио цээр, улс төр нийгмийн байдал, гадаад томилолт, дотоод ажил гээд олон шалтгааны улмаас хойшлогдон зуны эхэн сарын шинийн хоёрны хур бороотой өдөр Та бүхэнтэйгээ ирж уулзаж байгаадаа баяртай байна.

Манай Сүхбаатарчууд нутаг усандаа бишрэлтэй, уламжлал соёлдоо хүндэтгэлтэй, үзэл бодол үйлс зорилгодоо тууштай, эвсэг элгэмсэг, шулуун шударга зантай, эх нутаг, газар шорооныхоо төлөө гэсэн халуун сэтгэл, хатан зүрхтэй ард түмэн билээ. Эдгээр чанараараа Сүхбаатар нутгийнхан минь өрлөг түүхэнд ч, өнгөрсөн зуунд ч, өнөөгийн цаг үед ч улс төр, бизнес, урлаг соёл, спорт гээд нийгмийн бүхий л салбарт нэр алдраа дуурсгасан бахархах их үйлстэй ард түмэн.

 Энэ онд манай нутгийнхны овог, бахархал болсон Монголын ард түмний гарамгай хүү, цэргийн нэрт жанжин эх орны тусгаар тогтнолын төлөөх тэмцлийг манлайлагч Дамдины Сүхбаатарын үүсгэн байгуулалцсан улс төрийн ууган хүчин Монгол Ардын Намын түүхт 90 жилийн их ойг улс орон даяар өргөн тэмдэглэлээ. Энэ ойн арга хэмжээний үеэр Монгол орны гал голомт болсон нэрэмжит талбайд нь Сүхбаатарынхаа хөшөөг шинэчлэн хүрэлдэж сүндэрлүүллээ. Талын энэ нутгаас, өвөг дээдсийн минь дундаас төрсөн их алдартныхаа үйл хэргийг үргэлжлүүлж, гавъяа зүтгэлийг нь алдаршуулж үеийн үед дуурсгаж явах нь Та бидний хүндэт үүрэг билээ.   

Өнгөрсөн онд нутгийн хүүхэд Улсын баяр наадмын өсвөр насанд түрүүлж. Харин өнөө жил манай нутгийн хүү Цагаан сарын барилдааны түрүү бөхөөр тодорч ард олноо баярлуулсан. Монголчууд бид амны бэлгээс ашдын бэлгэ гэдэг. Тэгэхлээр Сүхбаатарчууд энэ жилдээ ч, ирэх ондоо ч аз хийморьтой, амжилт бүтээл арвинтай байна гэж билэгшээж байна. Монгол төрийн гарамгай удирдагчийнхаа нэрээр овоглосон, манай Сүхбаатарчууд улсынхаахөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэнэх оронч,  оюунлаг, хөдөлмөрч ард түмэн гэдгээрээ бахархах учиртай.

Улсын баатар Чойн Дугаржав, АИХ-ын дарга асан Гомбожав, Монгол Улсын Ерөнхий сайд агсан Ц.Жигжиджав, Шадар сайд асан Ч.Улаан,УИХ-ын гишүүн Р.Буд, төрийн сайд Мажиг, Т.Намжим, Д.Готов, Ч.Хурц, У.Хүрэлсүх, Ц.Мөнх-Оргил, Т.Ганди улс төр, урлагийн зүтгэлтэн Магсархурцын Дугаржав, Ардын жүжигчин Ц.Шархүүхэн, Ш.Чимэдцэеэ, ардын багш Г.Батсүх, Ш.Шагдар, Ардын зураач Д.Амгалан, Төрийн соёрхолт нэрт яруу найрагч Очирбатын Дашбалбар зэрэг төрнийгмийн зүтгэлтэн, эх оронч баатарлаг гавъяатнуудэнэ нутгийнх. Тэднийхээ тэнгэрлэг ухаан, оюунлаг авъяасыг өвлөсөн хожмын алдартнууд өнөөдөр өлгийдөө үнэгчлэн өсч, сурч боловсорч, дэгжин дэвжиж  байгаа. Энэ бүхэн та бидний ирээдүй. Үүний төлөө бид хамтдаа зүтгэх ёстой.  

Эцэг өвгөдийн тахилга, шүншиг буян оршсон талнутгийнханмаань бурхан ухаант дархчууд, алдар цуутай уяачид, аргамаг хурдан хүлгүүдээрээ улс орондоо алдаршиж ирсэн баялаг сайхан уламжлалтай. Олон зуунаар амьдран суурьшсан нутаг ус маань Дарьгангын ариун дагшинбайгаль, Төрийн тахилгат Алтан овоо, эрийн хийморь сэргээсэн Шилийн богд, хун цэнгийн дуутай Ганга, Дуут нуурууд, өвөрмөц сонин тогтоцтой Талын агуй,  халтар халиун бугатай Лхачин вандад хайрханаасаа эхлээдолон зууны түүхийг хүүрнэх хүн чулууд гээд үзэмж төгс байгаль бүхий буурал түүхийн өлгий билээ.

Энэ бүхний эзэн болсон элэг нэгт Сүхбаатарчуудтайгаа уулзаж, Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа зарим үйл ажиллагааны талаар товч мэдээлэл хийхээс гадна Та нарынхаа санал, бодлыг сонсох, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд төр засгийн анхаарлыг төвлөрүүлэх нь миний энэ удаагийн томилолтын зорилго болж байна. Өнгөрсөн зун намар миний бие баруун, төвийн, хангайн бүс нутагт ажиллаж, орон нутгийн иргэд, малчдаас гаргасан санал санаачилгыг дэмжиж хэрэгжүүлэх үүднээс 99 заалт бүхий төлөвлөгөө гарган хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж байна. Одоогийн байдлаар 70 хувь нь хэрэгжиж бусад нь хэрэгжих шатандаа байна. Зүүн аймагт ажиллах энэ удаагийн томилолтоороо ч гэсэн тодорхой асуудлыг дэвшүүлэн хэрэгжүүлж Та бүхэндээ тайлагнах учиртай.

            Эрхэм хүндэт Сүхбаатарчууд аа,

Манай Засгийн газар эцэг өвгөдөөс өвлүүлж үлдээсэн ашигт малтмал, эрдэс  баялагтаа тулгуурлан улс орноо хөгжүүлэх, хүн ардаа мэдлэг боловсролтой, өрсөлдөх чадвартай бүтээгч болгохын тулд их бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр зорьж буй үедээ Та бүхэнтэйгээ уулзаж байна. Засгийн газар олон жил яригдсан томоохон асуудлуудыг эхнээс нь шийдвэрлэж улс орныхоо хөгжлийг түргэтгэх төслүүдийг эхлүүлж, үйлдвэрлэл, бизнес хөгжих илүү тааламжтай нөхцөл бүрдүүлэхийн төлөө чармайн ажиллаж ирлээ. Ингээд Хамтарсан Засгийн газраас хийж хэрэгжүүлж байгаа ажил, бодлого зорилт, хэтийн төлвийн талаар  тоймлон хүргэе. 

Стратегийн орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулж, түүний үр шимийг ард иргэддээ тэгш шударга хүртээх  "Хүний хөгжил сан" байгуулж, Монгол хүн бүрээ ажилтай, орлоготой, боловсролтой болгох зорилт тавин хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байна. Бас иргэн бүртээ ойр байж санал бодлыг нь сонсч бодлого үйл ажиллагаандаа тусган ажиллах нь Засгийн газрын үүрэг билээ. Үүний нэг илрэл нь иргэн бүрт олгох 1,5 сая төгрөгийг тэтгэврийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, боловсрол, эрүүл мэнд, орон сууцны эрхийн бичиг, бэлэн мөнгө олгох зэрэг хэлбэрүүдээс сонгох талаариргэдээсээсаналавахажлыг зохион  байгуулан хэрэгжүүлж байна.

Энэ оноос эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хүний хөгжил сангаас төлөхөөр болсон. Юуны өмнө ажил хөдөлмөр эрхлээгүй ард иргэд, их, дээд сургууль болон коллежийн оюутан, малчид хамрагдахболомжтой.  Эх орны хишиг хувиасаа их, дээд сургуульд сурч байгаа өдрийн ангийн оюутнуудын сургалтын төлбөрт зориулан 500.000 төгрөгийг өгч байна. “Хүний хөгжил сан”-гаас өнгөрсөн жил иргэн бүртээ 120.000 төгрөгийг бэлнээр олгосон. Энэ оноос иргэн бүртээ сар бүр 21.000 төгрөгийг буюу жилийн дүнгээр 252.000 төгрөгийг бэлнээр олгож байна.

Засгийн газрын зүгээс байгалийн баялагаа тэгш шударга хуваарилахын зэрэгцээ хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна. Ард иргэдийн минь хувьцаа өсөж үржиж байдаг олон улсын жишигт нийцсэн орчин үеийн хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхээр чармайн ажиллаж ирлээ. Энэ зорилгын үүднээс монгол улсынхаа иргэн бүрт Таван толгойн 536 ширхэг хувьцааг үнэ төлбөргүй олгох түүхэн шийдвэрийг манай хамтарсан Засгийн газар гаргалаа. Ийнхүү монгол улсын иргэн бүр эцэг өвгөдөөс өгсөн байгалийн баялагийнхаа эзэн болж, өмч хөрөнгөтэй байж, түүнийхээ хяналт хариуцлагын тогтолцоог бүрдүүлэх боломж бүрдлээ.    

Хамтарсан Засгийн газар өнөө маргаашаа аргацаасан биш улс орны хөгжлийг олон арван жилээр тодорхойлох бүтээн босголтын их ажлуудыг эхлүүлж байна. Манай хамтарсан Засгийн газар улс орны хөгжлийн энэ л нийтлэг эрх ашгийн төлөө байгуулагдсан. Тиймээс “Шинэ бүтээн байгуулалтын хөтөлбөр”, "Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлого" зэрэг уялдаа холбоо бүхий цогц бодлогуудыг шуурхай боловсруулан хэрэгжүүлэх ажилдаа ороод байна.  

“Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлого”-ын хүрээнд шинээр 1100 км төмөр замыг барьж байгуулахаар болж өнгөрсөн сард энэ их ажлынхаа анхны шанг татлаа. Сүхбаатар аймгийн хувьд ч төмөр замын сүлжээнд холбогдожСалхит, Төмөртийновооны полиметалл, цайрын орд газар, Тал булаг,Бүрэнцогт,Далай булаг, Бумбат Өлзийтийн нүүрсзэрэг баялагорд газруудыг ашиглах, боловсруулах, дэлхийнзах зээлд гаргах, хүн ардынхаа ажил амьдралыг дээшлүүлэх, аймаг сум, улс эх орноохөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах асар их боломж бүрдэх юм.

Төмөр замын хөтөлбөр хэрэгжсэнээр далайд гарах хамгийн дөт зам болох Бичигтийн боомтоор дамжуулан уул уурхай олборлох,боловсруулах үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн  нэгжүүдийг хөгжүүлэх, тэдний бүтээгдэхүүнийг экспортлох давуу талаа ашиглах томоохон гарцыг нээх боломжтой болох юм. Бид уул уурхайн орд газрынхаа ашигт малтмалыг түүхийгээр нь гадаад зах зээлд гаргахгүй. Харин эцсийн бүтээгдэхүүн болгох бодлогоо нийтээрээ хэлэлцэн шийдсэн. “Шинэ бүтээн байгуулалт хөтөлбөр”-ийн хүрээнд Сайншанд аж үйлдвэрийн цогцолборыг байгуулахаар төлөвлөж байна.

Энэхүү цогцолборт кокс, химийн, гангийн, барилыг материалын гээд олон үйлдвэрийг байгуулж Монгол хүнээ ажилтай, улс орноо хөгжилтэй болгох зорилт хэрэгжих учиртай юм. Уул уурхайн салбараа хөгжүүлэхдээ бүх талуудын, ялангуяа нутгийн иргэдийн эрхийгхүндэтгэсэн, байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөгнөлөөгүй, олон улсын шилдэг туршлагад тулгуурласан техник, технологитой, хуульёсыг дээдэлсэн,  ил тодхариуцлагатай уул уурхайг л хөгжүүлнэ.

Төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа томоохон бүтээн босголтоос гадна хувийн хэвшлийнхэн маань өөрсдийн санаачилга боломжоороо их ажлыг хийж гүйцэтгэж байна. Тухайлбал Өмнөговь, Ховд, Сэлэнгэ аймгийн орд газруудыг ашиглах болоод олборлолтыг дагасан дэд бүтцийн ажлуудыг өрнүүллээ. Мөн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт анх удаа үндэсний мэргэжилтэн, ажилчдын хүчээр дулааны цахилгаан станц барьж эхэллээ. Өөрөөр хэлбэл эх орныхоо бүтээн босголтыг монголчууд эзэн хүний хувьд гардан хийж байна.

Гэвч их бүтээн байгуулалтын ажилд мэргэжилтэй боловсон хүчний хэрэгцээ шаардлага нэн их байна. Оюу толгой төсөлд 3600 гаруй монгол ажилчид өндөр цалинтай ажлын байраар хангагдахын зэрэгцээ өөр олон зуун хүний ажлын байр эзнээ хүлээж байна. Бид байгалийнхаа баялгийг хүн ардынхаа боловсрол мэдлэг, эрүүл мэндэд зарцуулах учиртай. Тиймээс Засгийн газар хүнээ өрсөлдөх чадвартай болгох, боловсрол мэдлэгтэй байлгахын тулд онцгой анхаарч байна. Төрийн өмчийн 42 их, дээд сургуулийг нэгтгэн 16 болгож цөөллөө. Олон улсын жишиг стандартын дагуу их, дээд сургуулийг хотхон хэлбэрээр хөгжүүлэх цогц бодлогыг боловсруулан хэрэгжүүлэх эхлэлийг тавилаа.

Эхний ээлжинд ШУТИС-ийг Налайхын ойролцоо “Шивээтийн хөндий”-д байгуулахаар шийдвэр гаргасан. Энэ мэтээр их, дээд сургуулийг хотоос нүүлгэж Улаанбаатарын замын түгжрэл бөглөрөл, утааны асуудлыг шийдвэрлэхэд ч тус дөхөм болно гэж бодож байна. Хамгийн гол нь оюутан залуусын сурах орчин сайжирна. Их, дээд сургуулийг чанаржуулахын зэрэгцээ мэргэжилтэй ажилтан бэлтгэдэг мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийг олноор байгуулж өндөр цалинтай ажиллах хүчнийг бэлтгэх бодлогыг эхлүүллээ.

Ерөнхий боловсролын салбарт олон улсын Кембрижийн стандартыг нэвтрүүлж, дэлхийд өрсөлдөх, хүлээн зөвшөөрөгдөх боловсон хүчин бэлтгэх бодлогыг тодорхой болголоо. Энэ жил олон улсын Кембрижийн стандартаар 30 ерөнхий боловсролын сургууль хичээллэнэ. Сүхбаатар аймагт ч гэсэн олон улсын стандартын дагуу нэг лаборатори сургуулийг шинэ хичээлийн жилийн эхнээс хичээллүүлнэ. Ингэж улс орныхоо бүх ерөнхий боловсролын сургуулийг дэлхийн жишигт хүргэх бодлогоо эхлүүллээ. Үүний үр шим нэг хоёр жилийн дараа биш нилээд хэдэн жилийн дараа мэдрэгдэнэ.

Боловсрол, уул уурхай, хөрөнгийн зах зээлээс гадна Засгийн газар уламжлалт хөдөө аж ахуйн салбартаа ач холбогдол өгч ирсэн. Хөдөө аж ахуйн салбарт ажиллагсадаа ядуурлаас ангид байлгаж, эрүүл мэнд, нийгмийн хамгааллынх нь баталгааг бий болгох эрх зүй, эдийн засгийн таатай орчинг бүрдүүлэх нь бидний үүрэг юм. Тиймээс “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”, "Монгол мал" үндэсний хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд ихээхэн ач холбогдол өгч байгаа. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх анхан шатны нэгжийг бүх сумдад байгуулан Засаг даргын тамгын газарт гурван хүний орон тоотой  “Мал эмнэлэг, үржлийн тасаг”-ийг ажиллуулж эхлүүлсэн. Үр дүнд нь улсын хэмжээнд 329 суманд шинээр658 мэргэжилтэний ажлын байр бий боллоо.

Засгийн газар хөдөө аж ахуйн салбараа дэмжиж хөрөнгө оруулалтын бодлого хэрэгжүүлж байна. Анх удаа аймаг бүрт орон нутгийн хөрөнгө оруулалтын эх үүсвэр болгон дунджаар 800.0 сая, 5 бүсийн хөгжилд дэмжлэг үзүүлэхээр 24.0 сая, сумдад үйлдвэрлэл хөгжүүлэх сан бий болгоход 24 тэрбум төгрөгийг тус тус улсын төсөвт шинээр суулгалаа. “Монгол мал” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх хүрээнд улсын төсвөөс 2010 онд 5.3 тэрбум төгрөгийг зарцуулсан бол 2011 онд 51.0 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтийг тусгасан гээд хэлэх зүйлтэй байна.

Энэ удаагийн томилолтоороо ч мал аж ахуйн асуудалд анхаарлаа хандуулж яваа бөгөөд Зүүн бүсийн малчдын улсын зөвлөлгөөнийг Дорнод аймагт хийхээр төлөвлөсөн. Уг зөвлөгөөнөөр зүүн бүсийн мал аж ахуйн салбарын хөгжлийн асуудлаар жичдээ ярилцаж, санал солилцон шийдэлд хүрэх ёстой. Бид газар тариалангийн салбараа эрчимтэй хөгжүүлж, дотоодын хүнсний үйлдвэрлэлийнхээ хэрэгцээг бүрэн хангах зорилтыг хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байна. Улиран одож буй онд бид улс орныхоо хэрэгцээт үр тарианы 97,0 хувь, төмсийг 100,0 хувь, хүнсний ногооны 53,7 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангаж чадлаа. Цаашид ч бид хүнсний үйлдвэрлэл, тариа будаагаа дотооддоо тарьж, үйлдвэрлэж байх нь эрхэм зорилгын маань нэг байх болно.

Манай Засгийн газар аливаа хүнд суртал, авлига хээл хахууль, шударга бус байдлыг халахын төлөө байна. Өнгөрч буй 2010 оныг “Бизнесийн орчны шинэтгэлийн жил” болгон зарлаж хүнд суртал чирэгдэл үүсгэж буй зөвшөөрлүүдийг хүчингүй болгож, зарим зөвшөөрлийг гэрээний үндсэн дээр төрийн бус байгууллагуудаар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн. Мөн төрийн үйлчилгээг хөнгөвчилж, нэг цэгийн үйлчилгээнд шилжүүлэх ажлыг зохион байгуулж эхлээд байна. Аливаа бүртгэлийн баримт бичгүүдийг цахим хэлбэрт шилжүүлэх, үйлчилгээний шат дамжлагыг цөөрүүлж, хураамжийг нь багасгалаа.   

Харин 2011 оныг Засгийн газар “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарласан. Манай улсад хөдөлмөрийн насны 130.000 хүн хөдөлмөр эрхлээгүй байна. Ажилгүйдэл ядуурлыг бууруулах талаар олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэн ч үр дүн нь төлөвлөсөн бөгөөд хүссэн хэмжээнд гарахгүй байна. Тиймээс ядуурлыг бууруулах хамгийн том бодлого бол хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, бодитой ажил болгох юм. Улсын төсвийн болон хувийн, гадаад, дотоодын,зээлийн хөрөнгөөр хэрэгжих төслүүдийн хүрээнд 2011 онд шинээр 70.000гаруй ажлын байрбий болгохоор төлөвлөж байна. Энэ бодлогын хүрээнд өнгөрч буй 4 дүгээр сард Засгийн газраас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 108 мянган төгрөг байсныг 30 хувь буюу 39600 төгрөгөөр нэмж 140 400 төгрөг болголоо.

“Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-тэй холбогдууланИргэдийн төлөөллийн болон  нутгийн захиргааны байгууллага ажилгүйдэл, ядуурлыг бууруулахад онцгой анхаарал хандуулж, аймгийн хөгжлийн давуу тал, нөөц боломжоо бүрэн ашиглаж, үйлдвэрлэл, үйлчилгээг бүх талаар дэмжин ажлын байрыг олноор бий болгох, оновчтой бодлого хэрэгжүүлэх шаардлагатай. Аймаг орон нутгийн удирдлагуудын ажлыг оны эцсээр дүгнэхдээ хичнээн ажлын байр бий болгосон бэ гэдэг нь хамгийн чухал үзүүлэлт байх болно гэдгийг зориуд хэлэхийг хүсч байна.

Манай Сүхбаатар аймгийн хувьд ажилгүйдлийн түвшин өссөн, аж ахуйн нэгж болон ажлын байрны тоо өмнөх онуудаасаа буурсан нь онцгой анхаарал татаж байна. Энэхүү бодит байдалд аймаг орон нутгийн удирдлагууд дүгнэлт хийх хэрэгтэй. Засгийн газар төвлөрлийг багасгах төсвийн эрх мэдлийг орон нутагт шилжүүлэх,  талаар бодитой ажлууд хийж байна. Энэ зорилгоор “Төсвийн тухай” хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Ингэснээр орон нутгийн төсвийн эрх мэдэл өргөжиж, үүрэг хариуцлага нэмэгдэх, иргэд төсвөө хянах зэрэг олон боломжууд бий болох юм.

Мөн орон нутагт зарлагдах тендер буюу бараа ажил үйлчилгээ худалдан авах ажиллагаанд орон нутгийн аж ахуйн нэгжүүдийг оролцуулах бодлогыг ч баримталж байна. Эдгээр нь төвлөрлийг багасгахын зэрэгцээ орон нутгийн хөгжлийг дэмжсэн томоохон бодлого юм. Энэ мэтээр Засгийн газрын зүгээс хөдөө орон нутгийн ард иргэд та бүхэндээ тайлагнах, танилцуулах олон ажлуудыг хийж хэрэгжүүлсэн. Хийж хэрэгжүүлэх гэсэн бодлого зорилт ч тодорхой байна. Дүгнэж хэлэхэд бид ард иргэдээ мэдлэг боловсролтой, ажилтай амьдралтай, орлоготой, орон сууцтай, хувьцаатай бүтээгч ард түмэн байлгахын төлөө хичээн ажиллаж ирлээ. Иргэд Та бүхнийхээ саналуудыг анхааран сонсч, ажил хэрэг болгохын төлөө ажиллах нь бидний үүрэг юм.

            Эрхэм хүндэт Сүхбаатарчууд аа,  

Та бүхэн маань хөдөлмөрч хичээнгүй уламжлалаараа зах зээлийн нийгмийн үед орон нутгаа хөгжүүлэх, амьдрал ахуйгаа дээшлүүлэх талаар чамгүй амжилт олсон билээ.  2009 оны байдлаар аймгийн ДНБ-нийүйлдвэрлэлийн хэмжээ сүүлийн арван жилд 9дахин өсөж, 176.9тэрбум төгрөгт хүрсэн нь нэг хүнд ногдох хэмжээгээрээ 2.1 сая төгрөг болжулсын хэмжээнд Орхон аймгийн дараа буюу улсдаа аман хүзүүдсэн амжилт гаргасан.   

Аж үйлдвэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 104,1 тэрбум  төгрөгбуюу өнгөрсөн оныхоос 3 тэрбумаар өссөн ньОрхон, Өмнөговь аймгуудын дараа  улсдаа гуравт орж байна. Монгол Улс зах зээлийн харилцаанд шилжсэн өнгөрсөн 20 жилд манай Сүхбаатар аймгийн хөгжил дэвшлийн нүүр царай үндсээрээ өөрчлөгджээ. Аймгийн бүх сум суурин газрууд цахилгаан эрчим хүчний төвлөрсөн эх үүсвэр, өндөр хурдны шилэн кабель, үүрэн холбооны найдвартай сүлжээнд холбогдлоо.

Төмөртэйн овооны цайрын уулын баяжуулах үйлдвэр, Тал булаг, Эрвэн хүдэр, Баян эрч гэх мэт уул уурхайн үйлдвэрүүд байгуулагдаж байгалийн баялагийг боловсруулж эхлээд байна. Мөн байнгын үйл ажиллагаатай Бичигтийн боомт нь ашигт малтмал, газрын тосыг экспортод гаргаж, гадаад худалдаа аялал жуулчлалын үйл ажиллагааг идэвхитэй эрхэлж байна. Сүхбаатар аймаг маань эдийн засгийн хувьд бие дааж, улсын төсөвт орлого төвлөрүүлдэг цөөхөн аймгийн нэг болж чадсан. Нийгэм соёлын салбарууд ч амжилттай хөгжиж орчин үеийн сургууль, эмнэлэг, соёлын төвүүд баригдаж байна. Өнөөдөр л гэхэд аймгийн нэгдсэн эмнэлэг болон сумдын эмнэлэгүүдэд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 2.5 тэрбум орчим төгрөгийн тоног төхөөрөмжийг нийлүүллээ.

Энэ бүхэн Сүхбаатар аймаг төр засгийн бодлого, анхаарал дэмжлэгийн төвд ямагт байж ирсний үр дүн гэж үзэж болно. 2011 онд л гэхэд 13 тэрбум төгрөгийн 30 гаруй төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр батлагдсан. Аймагт хэрэгжиж байгаа томоохон төслийн нэг бол Дулааны цахилгаан станц, шугам сүлжээний иж бүрэн шинэчлэл юм. Анх 2007-2008 онд төсөл боловсрогдож БНСУ-ын “Койка” байгууллагын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэхээр гэрээ хэлэлцээр байгуулагдсан. Засгийн газрын хөтөлбөрт тусгагдсан төслийн явцыг түргэтгэхэд, үр дүнтэй болгоход анхаарал тавих шаардлагатай.

Манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 20 орчим хувийг эзэлдэг томоохон салбар хөдөө аж ахуйн ололт амжилт ч байна. Өнгөрсөн жил Сүхбаатар аймаг мал сүргээ таван төрлөөр өсгөн 1.9саятолгойдхүргэсэн. Энэ ньмал аж ахуйгцаашид тогтвортой хөгжүүлэх, түүхий эд бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх өргөнболомжбүрдсэнийг харууллаа.

Мөн Сүхбаатар аймаг үзэсгэлэнт байгаль, домог түүх ихтэй бүс нутгийнхаа давуу талыг ашиглаж  аялал жуучлалыгэдийн засгийн тэргүүлэх салбарын нэг болгон хөгжүүлэхээр хөгжлийн хөтөлбөрт тусгасан нь оновчтой шийдэл юм. Энэ утгаараа байгалийн аялал жуулчлалын салбарт ч амжилт олж 2009 оны байдлаар 5,0мянга орчим жуулчидхүлээн авсан нь уг салбар ирээдүйтэйгхаруулж байна. Аймгийн эдийн засгийн үзүүлэлт сайжирч, тодорхой ажлын ахиц ололт байна. Бас нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллагаас онцгой анхаарч ажиллах асуудлууд олон байгаа нь ажиглагдлаа.

Ажилгүйдлийн түвшин 2009 оныхоос өссөн,  эрчимжсэн мал аж ахуй эрхэлдэг аж ахуйн нэгжийн тоо буурсан, шинээр бий болгосон ажлын байрны тоо өмнөх оноос багассан зэрэг мэдээлэл байна. Энэ нь иргэдийн төлөөллийн болон нутгийн захиргааны байгууллага ажилгүйдэл, ядуурлыг бууруулахад анхаарал хандуулж, ажлын байрыг олноор бий болгох талаар оновчтой бодлого хэрэгжүүлэх хэрэгтэйг анхааруулж сануулсан хэрэг юм. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан сум бүрт жижиг, дунд үйлдвэрлэл хөгжүүлэх сан байгуулах зорилтыг өнгөрсөн жилээс эхлэн УИХ-ын гишүүдийн төсвийн багцаас санхүүжүүлэн хэрэгжүүллээ. Энэ жил улсын төсвөөс сум бүрт 50 сая төгрөг хуваарилсан. Уг хөрөнгийг үр дүнтэй зарцуулж ард иргэдэд хүртээлтэй ажлын байр бий болгохыг үүрэг болгож байна. 

Сүхбаатар аймгийн удирдлагын хариуцлагагүй, зохион байгуулалтгүй байдлаас болж малын гоц халдварт шүлхий өвчин газар авч малчид болоод улсад ихээхэн хэмжээний  хохирол учруулсан. Та бүхэн үйл ажиллагаандаа дүгнэлт хийх ёстой. Ард иргэд та бүхэн ч гэсэн ингэж шахаж шаардаж байх үүрэгтэй. Ер нь аймаг орон нутгийн удирдлага ард иргэдийн эрх ашгийг зөрчдөг биш хамгаалдаг байх зарчмыг анхаарах ёстой. Иргэдийн эрх ашгийг зөрчдөг тухай мэдээлэл Засгийн газарт нэг бус удаа ирж байна. Тиймээс үйл ажиллагаандаа дүгнэлт хийж, төр бол иргэддээ үйлчилж, эрх ашгийг нь хамгаалах үүрэгтэйг мартаж болохгүй. 

           Эрхэм хүндэт Сүхбаатарчууд аа,

Сүхбаатар аймгийн өөр нэг давуу тал бол эдийн засаг нь хурдацтай хөгжиж буй  БНХАУ-ын ӨМӨЗО-ны аймаг хошуудтай хөрш зэргэлдээ оршдог газар зүйн байршил юм. Тухайлбал Шилийн гол, Хянган,  Хөлөнбуйр зэрэг аймгуудтай харилцаа тогтоож, эдийн засгийн үр ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжтой. Үүнтэй холбогдуулан Сүхбаатар аймгийн аялал жуулчлал, авто болон төмөр замыг хөгжүүлэх, гадаад, дотоод худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх талаар анхаарч илүү идэвхи санаачилгатай ажиллах ёстой. Үүнийг дагаад иргэдийн орлого  нэмэгдэх, бүх талын үйлчилгээ өргөжих боломж бүрдэх юм. Энэ мэтчилэн аймаг өөрөө санаачилж зохион байгуулах ажил их байна.  

Баруун-Урт сумын Д.Сүхбаатарын нэрэмжит  дунд сургуулийн байр 960 хүүхдийн суудалтай боловч 2115 хүүхэд суралцдаг, Тэмүүлэл цогцолбор сургуулийн 2, 3 дугаар байрууд нь хуучирсан, зэргэлдээ орших аймгуудтай хатуу хучилттай авто замаар холбогдоогүй зэрэг асуудлуудад Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу анхаарал тавьж, тодорхой дэмжлэг үзүүлэхээ Сүхбаатарчууддаа хэлье. Тулгарч буй бүхий л саад бэрхшээлийг даван туулахад аймаг, сумдын ИТХ, Засаг даргын тамгын газрын идэвх санаачлага, үүрэг хариуцлага чухал юм. 

Улс орныхоо эдийн засаг, нийгэм, улс төр, соёлын  амьдралд чухал үүрэг гүйцэтгэдэг, ажилсаг хөдөлмөрч Сүхбаатарчууд Та бүхэн орон нутгаа хөгжүүлэхэд санаачлагатай хандаж, аймгийнхаа эрдэс баялгийн нөөцийг зохистой ашиглаж, мал аж ахуй, түүний дотор нутгийн шилмэл омог, махны чиглэлийн үхэр, Баяндэлгэрийн ноолуурын улаан ямаа, Эрдэнэцагааны ууцан сүүлтэй хонийг өсгөж үржүүлэх, газар тариалангийн үйлдвэрлэлээ эрчимжүүлэн хөгжүүлэх асар их боломж, сайхан ирээдүй байна.

Сүхбаатар аймаг бол улсдаа томоохонд тооцогдох аж ахуйнууд ажиллаж байсан үр тариа, тэжээлийн ургамал тариалахад тохиромжтой хөрс бүхий газар нутгийн нэг. Тиймээс энэ боломж, уламжлалаа сэргээж илүү ихийг хийж бүтээнэ гэдэгт найдаж байна. Нутаг орноо бие даан хөгжүүлэх боломж, гарц нь Та бүхний гарт бий.  Цаашид олсон амжилт, бүтээлээ улам бататгаж, нутаг орноо хөгжүүлж,  илүү ихийг бүтээж төрт ёс, түүх соёлын арвин их баялагтай, тал нутагтаа сайн сайхан амьдрахыг нийт Сүхбаатарчууддаа  хүсэн ерөөе.

Нутаг усны ахан дүүс Та бүхнийгээ санал бодлоо чөлөөтэй илэрхийлэхийг хүсч байна.

Анхаарал тавьсанд баярлалаа.



ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
МОНГОЛЫН ХӨГЖЛИЙН ТҮҮХЭНД ТОДООР БИЧИГДСЭН СҮХБААТАР СУМАНД АЖИЛЛАЛАА
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОД АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
ДОРНОДЧУУД ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗРЫГ ДЭМЖИЖ БАЙНА
Хур бороо дагуулж ирсэн Ерөнхий сайдыг Сүхбаатарчууд хүндэтгэн хүлээн авлаа
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөлтэй уулзахдаа хэлсэн үг
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ЗҮҮН ГУРВАН АЙМАГТ АЖИЛЛАХ ТОМИЛОЛТОО ХЭНТИЙ АЙМГААС ЭХЭЛЛЭЭ
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан