Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2011 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд хүрэлцэн ирлээ. Тэрээр ирсэн даруйдаа их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэв. Сүхбаатар аймгийн Сүхбаатар сум 3500 хүнтэй, газар тариалан, мал аж ахуйг хослуулан хөгжүүлэхийг зорьж байна. Газар нутаг том учир малчдадаа төр, засгийн үйлчилгээг хүргэхэд багагүй хүндрэл учирдаг. Хамгийн захад байгаа айл руу очиход 150 км явах хэрэгтэй болдог тухай сумын Засаг дарга танилцуулж байлаа.
1922 онд байгуулагдсан дунд сургуулийн сурагчид гүйцэтгэх засаглалын тэргүүнийг дуу хууртай угтлаа. 480 хүүхэдтэй энэ сургуулийн хичээлийн байрыг өргөтгөх, интернет сүлжээтэй болгоход Засгийн газар анхаарна гэж Ерөнхий сайд амласныг багш, сурган хүмүүжүүлэгчид, сурагчид баяртайгаар хүлээн авав. Хичээл номдоо шамдаж, сайн суран эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулахыг Ерөнхий сайд сурагчдад хүсэн ерөөж, дунд сургуульд иж бүрэн компьютер хүлээлгэн өгсөн байна. Мөн Ерөнхий сайдын гэргийн тэргүүлдэг “Төгөлдөр” сан сургуульд 1 сая төгрөг хандивласан нь сургуулийн хамт олны хувьд гэнэтийн бэлэг боллоо.
Мөн өдөр Ерөнхий сайд С.Батболд орон нутаг судлах музей үзлээ. 1971 онд байгуулагдсан энэ музейд жанжин Д.Сүхбаатарын өмсөж байсан хувцаснаас эхлээд “Нийгмийн хонгор” хэмээн алдаршсан хурдан морины чихмэл зэрэг олон үзмэрийг байрлуулжээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.