Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
Монгол улсын хөгжлийн түүх нэгээр нэмэгдлээ
/ мэдээг нийтэлсэн огноо : 2011.05.12 /
Банк санхүүгийн салбарт шинэ хуудас нээгдсэн, хөгжлийн түүхэнд шинээр бичигдэх нэгэн үйл явдал өнөөдөр боллоо. Монгол улсын Хөгжлийн банкны нээлтийн ёслолын ажиллагаа болж, тус арга хэмжээнд Ерөнхий сайд С.Батболд оролцлоо. Хөгжлийн банкны эдийн засагт оруулах хувь нэмэр, хүлээлт, үүрэг хариуцлага маш өндөр  гэдгийг ёслолын ажиллагаанд оролцсон Засгийн газрын тэргүүн тэмдэглээд, хөгжлийн түлхэгч хүч болсон банк  байх ёстой гэдгийг онцолж байв. Нэг сар гаруйхны өмнө Лондонгийн хөрөнгийн биржтэй менежмэнтийн гэрээ байгуулж байсан бол, өнөөдөр Хөгжлийн банкны нээлтийг хийж байгаа нь цаг үеийн захиалга болж байна хэмээн Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд дурьдаад, өнгөрсөн 20 жил бид хөгжлийн шатуудаа туулж ирсэн ч түүнийгээ сайжруулах, эргэж харах нөхцөл байдал тулгарч байна.

Ард иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэхийн төлөө  шат дараалсан арга хэмжээ авч, энэ тухай ч хангалттай ярилаа. Харин эндээс бид бодит  ажил руу шилжих  ёстой, энэ ажил нь үр дүнгээ өгөх ёстой. Үүний нэг шийдэл нь Засгийн газраас Хөгжлийн банк байгуулж байгаа явдал юм. Энэ банкаар дамжуулан тэргүүн ээлжинд “ Шинэ бүтээн байгуулалт, дунд хугацааны зорилтот хөтөлбөр”, “ Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”, “ Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор” зэрэг томоохон бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөрүүд хэрэгжинэ. Дэлхийн жишиг стандарт ч дагаж мөрдөгдөх эхлэл болох юм.

Монгол улс эдийн засгийн үсрэнгүй хөгжлийн гараан дээр ирээд байна. Энэ цаг мөчид бид ирээдүйн эдийн засгийн өсөлтийг тэтгэх салбаруудыг бий болгон дэмжих Хөгжлийн санхүүгийн тусгайлсан байгууллагыг байгуулж байна. Гараа  сайн бол, бариа сайн гэдэг шүү дээ. Энэ хэмжээгээрээ үүрэг хариуцлага гэж ойлгох хэрэгтэйг Гүйцэтгэх засаглалын тэргүүн тэмдэглээд, олон улсын түвшинд өрсөлдөхүйц ажиллах чадвартай мэргэжлийн баг энэ банкыг авч явах учиртайг шинэ банкны удирдлагуудад зөвлөөд ажлын өндөр амжилт хүслээ.

Дээрх томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхтэй холбоотой нийт 800 тэрбум төгрөгийн өрийн бичгийг дотоодод арилжаалахыг Засгийн газраас Монгол Улсын Хөгжлийн банкинд зөвшөөрөөд байгаа билээ. Энэ нь таван жилийн хугацаатай 250 тэрбум төгрөгийн , 10 жилийн хугацаатай 250 тэрбум төгрөгийн, 15 жилийн хугацаатай 300 тэрбум төгрөгийн өрийн бичиг байх ажээ. Хөгжлийн банк нь улс орны хуримтлалыг ашиглан тэргүүлэх ач холбогдолтой салбаруудад Засгийн газрын хөгжлийн бодлогын дагуу урт хугацаатай, хүү багатай зээлийг олгож, үндэсний эдийн засгийн шинэ бүтцийг бий болгох байгууллага юм.

Тус банкаар дамжуулан анх удаа 800 тэрбум төгрөгийн бонд гаргаж байгаа бөгөөд хэдий хэмжээний мөнгийг, ямар хүүтэйгээр олгохыг Сангийн яамтай нарийвчлан ярьж байгааг ёслолын ажиллагааны дараа хэвлэлийн бага хурал хийх үеэр Хөгжлийн банкны монгол талын тэргүүн дэд захирал Л.Болормаа мэдээлж байлаа. Мөн тус банкны гүйцэтгэх удирдлагын бүрэлдэхүүний 50-иас доошгүй хувь нь Монгол улсын иргэн байхаар хуульд тусгасныг баримтлан ажиллаж байгаа ажээ. Хяналтын хувьд Монгол банкны оролцоо хязгаарлагдмал гэдгийг Сангийн сайд С.Баярцогт тэмдэглэж байсан бөгөөд үйл ажиллагаагаараа арилжааны банкнуудтай өрсөлдөхгүй юм байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Мэдээний бүлэг: Ерөнхий сайд , Эдийн засаг ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
С.БАТБОЛД АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ИХ АЯНД ХАМТДАА ЗҮТГЭХИЙГ УРИАЛЛАА
МАНАЙ 2 ТАМИРЧИН ОЛИМПИЙН ЭРХЭЭ АВААД БАЙНА
Засгийн газрын хуралдаан 2011 оны 5 дугаар сарын 18-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ
ТӨР, ЗАСГААС НИЙСЛЭЛ ХОТЫГ БҮХ ТАЛААР ДЭМЖИНЭ
АЗИЙН ЗАХ ЗЭЭЛД ӨРСӨЛДӨХ ЧАДАВХЫГ НЭМЭГДҮҮЛНЭ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2011 оны 5 дугаар сарын 11-ний өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан