Зургадугаар сарын 1-ийг манай улс 1952 оноос хүүхдийн баярын өдөр болгон тэмдэглэж ирсэн. Энэ баярыг үндэсний хэмжээнд бүх нийтийн амралтын өдөр болгон хуульчилсан цөөхөн улс орны нэг нь манайх. Хүүхэд багачуудын маань хүсэн хүлээдэг энэ баярт өдрийг өнөөдөр улс орон даяар тэмдэглэж байгаа бөгөөд нийслэлд “Эрүүл орчинд инээмсэглэж амьдарцгаая” уриан дор тэмдэглэж байна. Сүхбаатарын талбайд болсон Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр-Хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг нээж Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн С.Батболд үг хэлэхдээ “Үр хүүхдийнхээ төлөө сэтгэл зүрхээ зориулан сайн сайхан амьдралд хүргэхийн төлөө хөтлөн яваа эцэг эхчүүддээ, хүсэл мөрөөдлөө биелүүлэхээр хөөр баяр инээд баяслаар дүүрэн байгаа хүүхэд багачууддаа Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье. Хүүхдийн эрхийг хамгаалах,хөгжлийг хангахын төлөө хамтран ажилладагдотоод гадаадын байгууллага, хамт олонд талархал илэрхийлье” гэлээ.
Мөн тэрбээр “Улс төрийн хүсэл эрмэлзэл байсан цагт их хөрөнгө шаардахгүйгээр хүний хөгжлийг хангаж болдог гэдгийг олон орны туршлага, түүх харуулж байна. Хүний хөгжлийг хангаж Монгол хүн бүрийг ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой болгох нь манай Засгийн газрын тэргүүлэх чиглэл мөн. Улс орныхоо хөгжлийг шинэ шатанд гаргахын тулд хүүхдийн хөгжилд цогцоор хандах, хүмүүжил ёс суртхууны талаарх уламжлал, шинэчлэлийг хосолсон шинэ үзэл баримтлалыг гарган хүүхдийн эрхийг бодитоор ханган хэрэгжүүлэх талаар бүх талын хамтын ажиллагааг өргөжүүлэх шаардлагатай байна” гэлээ.
Монгол Улсын Засгийн газраас 2011 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон ажиллаж байгааг Ерөнхий сайд С.Батболд тэмдэглээд “Эцэг эх нь ажилтай, гэр бүл нь орлоготой байж хүүхдүүддээ боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг чанартай хүртээх орчныг бүрдүүлнэ. Ингэснээр хүүхдүүд маань хараа хяналтгүй байх, хүнд тэвчишгүй хөдөлмөр эрхлэх, хүчирхийлэлд өртөх, ялгаварлан гадуурхагдах байдал үгүй болно. Ялангуяа эцэг эхчүүд хүүхэддээ зориулах цаг завтай байх, “хүн болж” төлөвшихөд нь онцгой анхаарлаа хандуулах, хүссэн мэргэжлээ эзэмшихэд нь хөрөнгө оруулалт хийх боломжийг бүрдүүлэхийн тулд бүх талын дэмжлэг үзүүлэхэд Засгийн газар бодлогоо чиглүүлэх болно гэдгийг онцоллоо.
Ингэхдээ амьдралын анхдагч орчин болсон гэр бүлийн амьдралын чанарыг дээшлүүлэх, хүүхдэд ээлтэй хөгжлийн орчин бүрдүүлэхийн төлөө гэр бүл, байгууллага хамтдаа хүчин зүтгэхийг уриаллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.