Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын Мал аж ахуйн салбарт хэрэгжүүлж байгаа арга хэмжээ цаашдын бодлого, чиглэлийн талаар Улсын Их Хурлыннэгдсэн хуралдаанд хийсэн мэдээлэл
УИХ-ын дэд дарга аа,
УИХ-ын эрхэм гишүүд ээ,
Мал аж ахуй нь олон зуун жилийн турш манай ард түмний амьжиргааны гол эх үүсвэр, өвөрмөц соёл иргэншлийн уламжлалыг хадгалж, дотоодын нийт бүтээгдэхүүн, хөдөлмөр эрхлэлт, экспортын орлогод тодорхой байр суурь эзэлдэг. Тиймээс манай Засгийн газар хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарыг дэмжсэн бодлогыг тууштай хэрэгжүүлж ирлээ. Манай улс 2010 оны жилийн эцсийн байдлаар 32.7 сая малтай, 160,0 мянган малчин өрхтэй байна. Өнгөрсөн онд мал аж ахуйгаас 493.7 сая литр сүү, 264,4 мянган тонн мах, 12,7 сая ширхэг арьс шир, хонины ноос 22,4 мянган тонн, ноолуур 6,4 мянган тонн тус тус бэлтгэсэн нь энэ салбарын хөгжлийн том ирээдүйг илтгэн харуулах үзүүлэлт юм.
Өнөөдөр Монгол оронд байгалийн баялгийн нөөцөө ашиглан уул уурхайг хөгжүүлэх сайхан боломж нээгдсэн ч улсын эдийн засагт мал аж ахуйн эзлэх байр суурь хэвээр хадгалагдаж, улам өгөөжтэй, үр дүнтэй байх төлөв харагдаж байна. Газрын хэвлийн нөөц баялаг нөхөн сэргээгддэггүй бол мал аж ахуйд хөдөлмөрөө шингээн ажиллаж чадвал үр төл, үржил шим, ашиг орлого нь тасралтгүй нэмэгдэж байдаг.
Нүүдлийн мал аж ахуй эрхэлж ирсэн олон мянган жилийн туршлагаараа Монголын ард түмэн дэлхий нийтэд гайхагдах соёл иргэншлийг бий болгосон. Гэвч дэлхийн уур амьсгал, байгаль экологийн өөрчлөлтийн улмаас бэлчээрийн доройтол, цөлжилт ихсэж, ган, зудын давтамж ойртох боллоо. Ийм үед байгалиас шууд хараат бэлчээрийн мал аж ахуй эрхлэх уламжлалт арга ажиллагааг боловсронгуй болгож, олон улсын чиг хандлагатай уялдуулах шаардлага өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Тиймээс хөдөө аж ахуйн салбарын бодлого,үйл ажиллагааг оновчтой болгон эрчимжүүлэх, зарим арга хэмжээг шинээр төлөвлөн хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байлаа.
Манай Засгийн газар хөдөө аж ахуй, малчид, мал руугаа хандсан бодлого, шийдвэрүүдийг тодорхойлон боловсруулж өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэж байна. Бас шаардлагатай эрх зүйн баримт бичгийн төслүүдийг Улсын Их Хурлаар хэлэлцүүлж, мал аж ахуйн хөгжилд онцгой анхаарал хандууллаа. “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”-ыг батлуулж, “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль”-д эх орондоо үйлдвэрлэсэн мах, сүү, хүнсний ногоог татвараас чөлөөлөх чиглэлээр нэмэлт оруулж, “Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хууль”-ийг Улсын Улсын Их Хурал өчигдөрхөн хэлэлцэн батлаад байна.
Хууль батлагдсанаар биржийн сүлжээ бий болгож, мал, малын гаралтай түүхий эд болон малчдын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулах механизмыг оновчтой болгох нөхцөл бүрдэнэ. Мөн малын гаралтай түүхий эдийг үнэгүйдүүлэхгүй байх, малчдын хүч, хөдөлмөрийг зөв үнэлэх нөхцөл бий болох юм. Малчид нэг талаасаа үйлдвэрлэгчид, нөгөө талаасаа томоохон ажил олгогчид билээ. Тиймээс үйлдвэрлэгч–малчид маань явуулын худалдаачдын гарыг хараад суух биш өөрсдөө, айл хотлоороо, баг, сумаараа нэгдэж, хамтын хоршоо бий болгон эрэлт хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, ашиг орлоготой сайхан амьдрах өргөн боломжийг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна. Хүн амын хүнсний хэрэгцээ нэмэгдэж байгаа нь малчид, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчид үйлдвэрлэлээ өргөтгөх, амьдрал ахуйгаа дээшлүүлэх таатай боломж, нөхцлийг бүрдүүлж байна. Энэ боломжийг малчид маань бүрэн дүүрэн ашиглах ёстой.
Төрөөс малчдын талаар баримтлах бодлого нь мал аж ахуйн үйлдвэрлэлийн гол бүтээгч эзэн болох малчин хүнийг хөгжүүлэх, малчдын амьдралын төвшинг дээшлүүлэх, хөдөөгийн хөгжлийг дэмжихэд чиглэгдсэн. Өөрөөр хэлбэл малчин хүн рүүгээ хандсан эрх зүйн баримт бичиг болсон. Харин “Монгол мал” үндэсний хөтөлбөрөөр мал руугаа чиглэсэн бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлж, мал аж ахуйн салбарын өрсөлдөх чадварыг сайжруулах үзэл баримтлалыг дэвшүүлэн тавьсан. Энэ бүхэн нь малчдын нийгмийн асуудал, мал аж ахуйг хөгжүүлэх шинэ бодлого, түүхэн шийдвэр, томоохон хөрөнгө оруулалт болсон.
Бэлчээрийн мал аж ахуйдаа зохицсон монгол ахуй, монгол дээл хувцас, эдлэл хэрэглэл, уламжлалт ёс заншлаа өдөр ирэх бүр бага багаар гээж, “нүүдэлч малч сэтгэлгээ”, “холч монгол ухаан” улам бүр алсарсаар байгааг зориуд тэмдэглэн хэлэх хэрэгтэй. Орчин цагийн Монгол малчин морио моторт хүлгээр, монгол дээлээ курткаар сольж байгаа нь хувь хүний эрх мэт боловч нөгөө талаасаа малдаа ээлгүй, байгаль орчиндоо халгаатай үйлдэл болохыг мал дагаж насыг элээсэн буурлууд маань хэлж сануулах боллоо. Үүнд залуу малчид маань дүгнэлт хийж, ахмад буурлуудаа хүндэлж, уламжлал заншлаа дээдэлсэн, байгаль орчиндоо ээлтэй, мал сүрэгтээ сайн нөлөөтэй малч арга ажиллагааг аж ахуй эрхлэхдээ мөрдлөг болговоос зохилтой.
Малчин хүн малаа чанаржуулах, ашиг шимийг нэмэгдүүлэх, сүргийн бүтцийг зохистой барих, малын гарал үүслээ тодорхой болгох, мал сүргээ эрүүлжүүлэхэд санаачилга гаргаж, мэргэжлийн байгууллага, мэргэжилтнүүдтэй нягт хамтран ажиллах хэрэгтэйг Засгийн газрын тэргүүний хувьд анхааруулан ажиллаж ирлээ. Мал эмнэлэг, үржлийн ажил, үйлчилгээг орон нутагт оновчтой хослуулан зохион байгуулснаар мал сүргийг төрөл бүрийн өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэх, малын чанар, ашиг шимийг сайжруулах, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг баталгаажуулах, чанартай түүхий эд нийлүүлэх, малчдын хоршоо, жижиг, дунд үйлдвэрлэл, биржийг хөгжүүлэх үндсэн нөхцөл бүрдлээ. 2011 оноос мал аж ахуйн салбарт зарцуулах төсвийн хөрөнгийг 2 дахин нэмэгдүүлж, бүх суманд мал эмнэлэг, үржлийн тасгийг 3 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулан ажиллуулж байна.
Мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний үнэ гадаад зах зээлээс хамааралтай олон жилийн нүүрийг үзлээ. Бидний шийдвэрлэхээр зорьж байгаа нэг асуудал бол дотооддоо нэмүү өртөг шингэсэн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх явдал юм. Энэ зорилтыг хэрэгжүүлэхэд УИХ-аас гаргасан томоохон бодлого, хөтөлбөрүүд үр дүнгээ өгч, Засгийн газраас хэрэгжүүлж байгаа арга хэмжээ нь хөдөө орон нутагт биеллээ олж, малчид, иргэдийн орлого нэмэгдэж байна. Тухайлбал, ноолуурын зах зээлийн үнэ 3 жилийн өмнө 25,0 мянга байсан бол одоо 50-70 мянган төгрөг болсон.
Засгийн газар ноолуурын салбарт 100 тэрбум төгрөгийн бонд гаргах асуудлыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн. Хэлэлцүүлгийн явцад нэмж тэмээний ноос, хонины нэгдүгээр зэргийн 1 килограмм ноос тутамд 2000 төгрөгийн урамшуулал олгохоор шийдвэрлэсэн нь малчдын орлогыг нэмэгдүүлэх, дотоодын боловсруулах үйлдвэрүүдийг хөгжүүлэх томоохон арга хэмжээ болж байна.
2011-2012 оныг мал аж ахуйн салбарын хөгжлийг дэмжихэд онцгой анхаарч төрөөс малчдынхаа талаар олон чухал арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Малчдынхаа эрүүл мэндийг илүү анхаарч, сум, орон нутгийн өрх, иргэн бүрийг эрүүл мэндийн үзлэгт оруулах, малчдын хүүхдийг ерөнхий боловсролын сургуульд бүрэн хамруулах, XXI зууны иргэн, малчин өрх айл ямар байх тэр жишигт ойртуулах талаар тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөж байна. Гэхдээ энэ салбар зөвхөн төрийн дэмжлэгээр бус мал аж ахуйн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэд, аж ахуйн нэгж, малчдын өөрсдийнх нь хичээл зүтгэл, идэвх, санаачилгаар өрнөн дэлгэрэх учиртай.
УИХ-ын эрхэм гишүүд ээ,
Мал аж ахуйн салбарын бодит нөхцлийг ойлгох, хөдөө орон нутгийн ажил байдалтай танилцахын тулд миний бие 21 аймгийн 70 гаруй сумаар нийт 15600 км явж, нутгийн удирдлага, малчид, иргэдтэй уулзаж санал, бодлыг нь сонслоо. Малчдын гаргасан олон бүтээлч саналуудыг Засгийн газрын хуралдаанаар авч хэлэлцэн тодорхой төлөвлөгөө болгон хэрэгжүүлж байна. Мөн бодлого, шийдвэрт тусгаж, орон нутгийн ард иргэдийн зарим хүсэлтийг тухай бүрт нь шийдвэрлэж ирлээ.
Түүнчлэн Улсын Их Хурлаас батлан гаргасан “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”, “Монгол мал” үндэсний хөтөлбөрийг хөдөөгийн хөгжлийн бодлоготой уялдуулан хэрэгжүүлэх зорилгоор орон нутгийн удирдлага, малчид, мал аж ахуйн мэргэжилтний 1500 гаруй төлөөлөгчийг хамруулсан үндэсний зөвлөгөөнийг 4 бүсэд зохион байгууллаа. Энэ зөвлөлгөөнд Засгийн газар онцгой ач холбогдол өгч хоёрт нь Ерөнхий сайдын хувьд оролцож малчид, мал аж ахуйн талаархи бодлого, үйл ажиллагааны талаар байр сууриа илэрхийлсэн. Бүсийн зөвлөлгөөнүүдэд Улсын Их Хурлын дарга, Улсын Их Хурлын гишүүд оролцож, санал бодлоо хэлж Засгийн газар, орон нутагт хандан тодорхой чиглэл өгсөнд талархаж байна. Уг зөвлөлгөөний үеэр гарсан үнэтэй санал санаачилгыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө гарган ажиллаж байна.
Малчдыг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд хамруулах бодлогын хүрээнд 2010 онд хийсэн судалгаагаар 80.4 мянган малчин эрүүл мэндийн даатгалд, 20.0 мянган малчин нийгмийн даатгалд хамрагдсан дүн гарлаа. “Хүний хөгжил сан”-гаас малчдын 2011 оны эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлөх асуудлыг шийдвэрлэн хэрэгжүүлж байна. Малчдыг эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын тогтолцоонд хамруулах асуудлыг шийдвэрлэх зорилгоор “Суурь тэтгэврийн тухай болон Малчдын тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль”-ийн төслийг боловсруулж байна. Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Эрүүл мэндийн даатгалын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төсөлд уг асуудлыг тусгасан.Мөн малчдын өр зээлийг шийдвэрлэхэд Засгийн газар ихээхэн анхаарч байна. Энэ зорилгоор малчдын өр зээлийг “Хүний хөгжил сан”-гийн хүрээнд шийдвэрлэхээр судалж байна.
2009-2010 оны өвөл, хаврын зудын сургамжид Засгийн газар дүгнэлт хийж, 2011 онд бүх түвшинд өвөлжилтийн бэлтгэл хангах чиглэлээр тодорхой үүрэг, даалгавар өгч ажилласан. Өнгөрсөн өвөл зарим аймаг, сумын нутагт олон жилийн дунджаас ахиу цас орж, хүйтэн байсан ч аймаг, сум, малчид, иргэд өөрсдийн түвшинд өвс, тэжээл, хашаа, саравч, хэвтэр бууцаа сайн бэлтгэснээр өвөл, хаврыг өнтэй давж, эх мал жилбэтэй төллөж дуусах дөхөөд байна. Одоогийн байдлаар улсын хэмжээнд оны эхний нийт малын 1,6 хувь буюу 534,3 мянган мал зүй бусаар хорогдоод байгаа нь олон жилийн дундажаас бага үзүүлэлт юм. Энэ онд нийт төллөх ёстой 15,4 сая хээлтэгч малын 77,9 хувь буюу 12,0 сая орчим мал төллөж, гарсан төлийн 97,7 хувь нь бойжиж байна. Энэ нь мөн л олон жилийн дунджаас өндөр үзүүлэлт боллоо.
Хөдөө орон нутагт ажиллах үед хээлтүүлэгч малын хүрэлцээ хангамж, угшлын асуудал чухлаар тавигдах болсон нь анзаарагдлаа. Өнөөдөр хээлтүүлэгч малын хүрэлцээг бод малд хэвийн, бог малд 2,0 дахин нэмэгдүүлэх шаардлага гарч байна. Энэ нь 2009-2010 оны өвөл, хаврын зудын улмаас бог малын хээлтүүлэгч ихээр хорогдсоноос үүдэлтэй юм. Үүнийг шийдвэрлэх зорилгоор үржлийн сайн чанарын хээлтүүлэгч, хээлтэгч мал бойжуулж, борлуулах аж ахуйн үйл ажиллагааг бодлогоор дэмжиж “Монгол мал” хөтөлбөрийн хүрээнд санхүүжилтийн тодорхой хувийг энэ чиглэлд зарцуулснаар асуудлыг ойрын 2 жилдээ багтааж шийдвэрлэх болно. Мөн энэ чиглэлээр төсөл хэрэгжүүлэх, биотехнологи, зохиомол хээлтүүлгийн арга хэлбэрийг өргөжүүлэн ажиллахад анхаарч байна.
УИХ-ын гишүүд ээ,
Засгийн газар мал сүргийг өвчин, эмгэгээс эрүүлжүүлэх бодлогыг нэн тэргүүний зорилт болголоо. Энэ зорилтыг хэрэгжүүлэхээр баруун долоон аймгийг малын гоц халдварт шүлхий өвчнөөр өвчлөөгүй, вакцин хэрэглээгүй тайван бүс нутгийн статуст хамруулж олон улсын түвшинд зарлах хүсэлтийг Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагад тавиад байна. Энэ нь эхний ээлжинд Монгол Улсын баруун бүс нутгаас мал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортлох боломжийг бүрдүүлэх юм.
Цаашид малын чанартай эм, био бэлдмэлийг аль болох дотооддоо үйлдвэрлэж хэрэгцээгээ хангах бодлого, чиглэл барьж байна. Малын эм, био бэлдмэл үйлдвэрлэх улсын үйлдвэрээс гадна хувийн үйлдвэрүүдийг шинээр бий болгох, малчдад үйлчилгээ хүргэж байгаа хувийн мал эмнэлэг, үржлийн ажил, үйлчилгээний нэгжүүдийн материаллаг бааз, чадавхийг сайжруулах чиглэлээр санхүү, зээл, татварын бодлого хэрэгжүүлнэ. Бүгд Найрамдах Унгар Улсын Засгийн газрын урт хугацааны 25.0 сая ам. долларын хөнгөлөлтэй зээлээр “Биокомбинат” төрийн өмчийн үйлдвэрийн газарт техник, технологийн шинэчлэл хийнэ. Ингэснээр тус үйлдвэр Европын Холбооны Үйлдвэрлэлийн зохистой дадлыг бий болгох (GMP)шаардлага ханган, мал эмнэлгийн ажил, үйлчилгээнд хэрэглэх эм, био бэлдмэлийн чанар, баталгаат байдал олон улсын стандартын түвшинд хүрэх болно.
Шүлхий өвчний гаралт Зүүн өмнөд Азийн бүс нутаг, манай хөрш орнуудад сүүлийн жилүүдэд идэвхжиж байна. Манай улсын зүүн бүсэд малын гоц халдварт шүлхий өвчин 2010 онд гарч малчдын болон улс орны эдийн засагт ихээхэн хохирол учруулсан. Энэ өвчинтэй тэмцэхийн тулд Засгийн газар цаг тухай бүрт нь тодорхой арга хэмжээ авч ажилласнаар өвчлөлийг бүрэн зогсоож, малчдад учирсан хохирлыг барагдуулсан. Цаашид зүүн бүсийн мал сүргийг шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд жил бүр хамруулах зохион байгуулалтын арга хэмжээ авч байна.Шүлхий өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэх боломжийн талаархи судалгааг Олон улсын Цөмийн энергийн агентлагийн тусламжийн хүрээнд хэрэгжүүлнэ.
Засгийн газар мал эмнэлэг, үржил, үйлчилгээний хүрээг өргөтгөх, үр дүнг дээшлүүлэх зорилгоор тодорхой зүйлүүдийг төлөвлөн ажиллаж байна. Тухайлбал энэ онд бүх малыг паразиттах өвчнөөс эмчлэн сэргийлэх, бүх үхэр, цөм сүргийн малыг ээмэгжүүлэн, бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд оруулна. Мал сүргийг нэг стандартын хувийн дугаартай болгож, бүртгэлд авах, тухайлбал, адуунд “цахим чип” суулгах зэрэг ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Энэ нь мал, түүний гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний гарал үүсэл, аюулгүй байдлыг баталгаажуулж, техник, технологийн дэвшлийг нэвтрүүлэн гадаад, дотоодын зах зээл, худалдаанд малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг нийлүүлэх, малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх нөхцөлийг бүрдүүлэх юм.
Эрдэмтдийн судалгаанаас үзэхэд, манай орны нийт бэлчээрийн 70 гаруй хувь нь ямар нэг хэмжээгээр доройтсон байна.Бэлчээрийн доройтол, цөлжилтийг сааруулах зорилгоор “Бэлчээрийн тухай хууль”-ийн төсөл боловсруулсан. Улсын Их Хурлаас өгсөн чиглэлийн дагуу уг хуулийн төсөлд нийт малчин өрхийн 10-аас доошгүй хувиас санал асуулга авч байна. Малын даатгалын тогтолцоог боловсронгуй болгох зорилгоор Дэлхийн банкны санхүүжилтээр индексжүүлсэн даатгалыг 2006 оноос 3 аймагт туршин хэрэглэж, 2011 онд 15 аймаг болгон өргөтгөж, 2012 оноос бүх аймагт хэрэгжүүлэх болно.
Засгийн газар бэлчээрийн ашиглалтыг сайжруулах чиглэлээр зарцуулах төсвийн хөрөнгө оруулалтыг жил бүр нэмэгдүүлж ирлээ. Бэлчээрийг усжуулах, хортон мэрэгч шавьжтай тэмцэх, хашиж хамгаалах, отрын бэлчээр шинээр бий болгох зэрэгт 2010, 2011 онд 6.0-7.0 тэрбум төгрөг зарцуулж байна. Энэ хүрээнд манай Засгийн газар аймаг дундын отрын бүс нутаг 2-ыг бий болгож, бэлчээрийн ургамалд хөнөөл учруулж буй үлийн цагаан оготно, царцаатай тэмцэх арга хэмжээг 2008-2010 онд 2611.3 мянган га талбайг хамруулан зохион байгуулсан. Цаашид Засгийн газраас аймаг, сум дундын отрын бэлчээр нутгийг өргөтгөн хамгаалах, усжуулах, тэжээлийн нөөцийг нэмэгдүүлж, тэжээлийн агуулах, отрын бүс нутагт салхи, шуурганаас хамгаалсан бод, бог малын хашаа, хороо барих зэрэгт анхаарч хөрөнгө оруулалтыг ээлж дараатай нэмэгдүүлэх болно.
Бэлчээрт нийт 36.0 мянга гаруй худаг ашиглагдаж байгаагийн 68 хувь нь гар худаг, 32 хувь нь инженерийн хийцтэй худаг байна. 2008-2010 ондинженерийн хийцтэй 1000 худаг гаргаж, 1500 худаг засварлаж, малчдын хүчээр 1600 гар худаг гаргасан. Хөдөөгийн хүн амыг болон 40,0 сая толгой малыг найдвартай усны эх үүсвэртэй болгоход инженерийн хийцтэй 8000 худгийг шинээр барих шаардлагатайг мэргэжлийн байгууллагууд тогтоолоо. Үүнийг үе шаттай хэрэгжүүлэх зорилгоор “Монгол мал” хөтөлбөрийн хүрээнд тодорхой зардлуудыг төсөвт тусган ойрын жилүүдэд шийдвэрлэнэ.
УИХ-ын эрхэм гишүүд ээ,
Сүүлийн жилүүдэд эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх талаар зарим нааштай үр дүн гарч байна. Эрчимжсэн мал аж ахуй болон хөдөө аж ахуйн тэжээвэр амьтан үржүүлж байгаа ферм, аж ахуйн нэгжийн тоо сүүлийн 3 жилд 458-аар нэмэгдэж 1295 боллоо. “Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд сүүний 6 цогцолбор загвар аж ахуй байгуулж, 44 ферм, иргэнд цэвэр үүлдрийн үхэр олгох дэмжлэг үзүүлсэн. “Сүү” хөтөлбөрийн хүрээнд фермерийн аж ахуйнуудын дунд сүү хөргөж хадгалах 20 төв, 24 хөргүүрийн тоног төхөөрөмж, сүү боловсруулах 30 үйлдвэр, цех шинээр ашиглалтад оруулж, сүүлийн жилүүдэд 1367.0 сая төгрөгийн хөнгөлөлтэй зээлийг 60 гаруй иргэн, аж ахуйн нэгжид олгоод байна. Эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг хослон эрхлэх бүс нутгийн хилийн зааг, түүний эзлэх хувийг тогтоох асуудлыг шийдвэрлэж энэ хоёр салбарын бие биеэ нөхөх органик холбоог бүрдүүлэх шаардлагатай боллоо.
Газар тариалангийн салбарыг эрчимжсэн мал аж ахуйтай хослуулан зохистой хөгжүүлэх, малын тэжээлийн ургамлын тариалалтыг нэмэгдүүлэх боломж манай улсад бий. Зүүн, баруун бүс нутгийн газар тариаланг хөгжүүлэх, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх замаар хураан авах ургацын чанар, хэмжээг нэмэгдүүлэх, улмаар эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан хосолсон, бие биеэ тэтгэсэн үндэсний томоохон үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд анхааран ажиллаж байна.
Хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний боловсруулах үйлдвэрийг түүхий эдэд нь тулгуурлан аймаг, сумын түвшинд барьж байгуулах, гадаадад экспортлох, хил орчмын бүс нутгуудад байршуулах нь эдийн засгийн хувьд үр ашигтай байх төдийгүй алслагдсан бүс, аймаг, орон нутгийн хөгжил, малчдын амьжиргаанд сайнаар нөлөөлөх юм. Үүнд зориулан 2009, 2010 онд жижиг, дунд үйлдвэрийг өргөтгөх, шинээр байгуулахад улсаас тус бүр 30 тэрбум төгрөгийн эх үүсвэрээр дэмжсэн. Харин одоо 150.0 тэрбум төгрөгийн эх үүсвэр гаргах тухай Улсын Их Хурал хэлэлцэж байгаад талархал илэрхийлье.
Манай улсад чанар сайтай мах, сүү, ноос ноолуур, арьс ширний асар их нөөц байна. Юуны өмнө сүү, махны боловсруулах үйлдвэрүүдийг олон улсын шаардлагын дагуу бодлогоор байгуулж, дотоодын хэрэгцээгээ сүү, махаар хангах, улмаар экспортлох ажлыг шуурхай зохион байгуулна. Мэдээж олон томоохон үйлдвэр барьж байгуулахад төсвийн хөрөнгө хүрэлцэхгүй байж болно. Гадаадын зээл тусламжийг ашиглах, хөрөнгө оруулалтын үр ашигтай санал боловсруулах олон хувилбар манай Засгийн газарт бий.
Төрийн өндөрлөгүүдийн гадаад албан ёсны айлчлалын хөтөлбөрт мал аж ахуйн хөгжлийн асуудал чухал байр суурийг эзэлж ирсэн. Тухайлбал өнгөрсөн жил Ерөнхий сайдын ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхий сайд нарын түвшинд монгол малыг эрүүлжүүлэх, улмаар мал аж ахуйн бүтээгдэхүүн экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр ярилцсан. Үр дүнд нь малын гоц халдварт шүлхий өвчнөөс нийт мал сүргийг эрүүлжүүлэхэд зориулан ОХУ-аас 375,0 сая рублийн буцалтгүй тусламжийг мал эмнэлгийн салбарт үзүүлэхээр тохиролцсон. Энэ хөрөнгийг малын гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх, 6 аймаг, нийслэлийн өвчлөмтгий мал сүргийг хоёр жилийн хугацаанд вакцинжуулж эрүүлжүүлэхэд зарцуулна. Тусламжийн эхний шатны 8,5 сая тун вакцин ачигдахад бэлэн болж, уг баримт бичигт Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр сая гарын үсэг зурлаа.
Ерөнхий сайдын БНХАУ-д хийх албан ёсны айлчлалын үеэр тохирсон 200 сая ам.долларын хөнгөлттэй зээлийн хүрээнд Монгол Улсад мах, сүү боловсруулах үйлдвэрийн цогцолбор барих, малчид, өрхийн тариаланчдад зориулсан газар тариалангийн болон хадлангийн иж бүрдэл бүхий 8000 бага оврын трактор авахаар ажиллаж байна. Энэ мэтээр Улсын Их Хурал, Засгийн газраас хөдөө аж ахуйн салбарт авч, хэрэгжүүлж байгаа бодлого, арга хэмжээ хангалттай байна. Гэсэн хэдий ч, тухайн бодлого, үйл ажиллагааг анхан, дунд шатанд ойлгож хэрэгжүүлэх тал дээр анхаарах зүйл байгааг тэмдэглэж байна.
Манай Засгийн газар цаашид мал аж ахуйн талаар дараахь асуудалд анхаарлаа төвлөрүүлж ажиллах болно:
- XXI зууны малчин гэсэн ойлголтыг шинээр төсөөлж, малчин хүн бол үйлдвэрлэгч бөгөөд мэргэшсэн болохыг хүлээн зөвшөөрч, аж ахуй эрхлэх мэдлэгтэй, данс тооцоотой болгохоор ажиллана.
- Малчдыг хөдөлмөрөө хоршиж хоршоо, нөхөрлөл, бүлэг болж ажиллахыг дэмжинэ. Манай улсын санаачлагаар НҮБ 2012 оныг “Олон улсын хоршооны жил” болгон зарласан. Одоо энэ ажлын бэлтгэлийг хангаж байна.
- Хөдөөд ажиллаж байгаа малын эмч, мал зүйчдыг давтан сургах, мэдлэг чадварыг сайжруулах, тоог нэмэгдүүлэх нь төрөөс мал аж ахуйн талаар явуулж байгаа бодлого, үйл ажиллагааны эцсийн үр дүнг дээшлүүлэх нэг нөхцөл гэж үзэж байна.
- Хүн амыг эрүүл хүнсээр хангах зорилгоор нийт мал сүргийг вакцинжуулалт, туулгалт, угаалгад жилд 3 удаа бүрэн хамруулахаар энэ жилээс эхлүүлэхээр төлөвлөж байна.
Ийнхүү манай хамтарсан Засгийн газрын мал аж ахуйн салбарт хийж хэрэгжүүлж байгаа ажлуудаас тоймлон танилцууллаа. УИХ-ын эрхэм гишүүд та бүхнийг мал аж ахуйн бодлогын талаар явуулж буй бодлого, үйл ажиллагааны талаар санал бодлоо илэрхийлэхийг хүсье.
Анхаарал тавьсанд баярлалаа.
2011оны 06 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хот