Хайрт Хүүхэд, багачууд аа!
Эрхэм хүндэт Эцэг эхчүүдээ!
Үр хүүхдийнхээ төлөө сэтгэл зүрхээ зориулан сайн сайхан амьдралд хүргэхийн төлөө хөтлөн яваа Эцэг эхчүүддээ, хүсэл мөрөөдлөө биелүүлэхээр хөөр баяр инээд баяслаар дүүрэн байгаа Хүүхэд багачууддаа Хүүхдийн эрхийг хамгаалах Олон Улсын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье. Хүүхдийн эрхийг хамгаалах,хөгжлийг хангахын төлөө хамтран ажилладагдотоод гадаадын байгууллага, хамт олонд талархал илэрхийлье. Энэ өдрийг манай улс хүүхдийн баярын өдөр болгон 1952 оноос тэмдэглэж эхэлсэн түүхтэй. Эдүгээ Монгол орон Хүүхдийн баярыг үндэсний хэмжээнд бүх нийтийн амралтын өдөр болгон хуульчлан тэмдэглэдэг цөөхөн улс орны нэг болсон.
Хүүхэд багачууд маань өрх гэрийн, төр улсын, үндэстний ирээдүй билээ. Ирээдүйгээ боддоггүй нэг ч улс орон байхгүй нь мэдээж бөгөөд ирээдүйн тухай яриа бол хүүхэд залуусынхаа төлөө явуулах бодлого, үйл ажиллагаа билээ. Улс төрийн хүсэл эрмэлзэл байсан цагт их хөрөнгө шаардахгүйгээр хүний хөгжлийг хангаж болдог гэдгийг олон орны туршлага, түүх харуулж байна. Хүний хөгжлийг хангаж Монгол хүн бүрийг ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой болгох нь манай Засгийн газрын тэргүүлэх чиглэл мөн.
Улс орныхоо хөгжлийг шинэ шатанд гаргахын тулд хүүхдийн хөгжилд цогцоор хандах, хүмүүжил ёс суртхууны талаарх уламжлал, шинэчлэлийг хосолсон шинэ үзэл баримтлалыг гарган хүүхдийн эрхийг бодитоор ханган хэрэгжүүлэх талаар бүх талын хамтын ажиллагааг өргөжүүлэх шаардлагатай байна. Монгол улсын Засгийн газраас 2011 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон ажиллаж байгааг та бүхэн мэднэ.
Эцэг эх нь ажилтай, гэр бүл нь орлоготой байж хүүхдүүддээ боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг чанартай хүртээх орчинг бүрдүүлнэ. Ингэснээр хүүхдүүд маань хараа хяналтгүй байх, хүнд тэвчишгүй хөдөлмөр эрхлэх, хүчирхийлэлд өртөх, ялгаварлан гадуурхагдах нөхцөл байдал үгүй болно. Ялангуяа эцэг эхчүүд хүүхэддээ зориулах цаг завтай байх, “хүн болж” төлөвшихөд нь онцгой анхаарлаа хандуулах, хүссэн мэргэжлээ эзэмшихэд нь хөрөнгө оруулалт хийх боломжийг бүрдүүлэхийн тулд бүх талын дэмжлэг үзүүлэхэд Засгийн газар бодлогоо чиглүүлэх болно.
Амьдралын анхдагч орчин болсон гэр бүлийн амьдралын чанарыг дээшлүүлэх, хүүхдэд ээлтэй хөгжлийн орчин бүрдүүлэхийн төлөө гэр бүл, байгууллага хамтдаа хүчин зүтгэхийг уриалж байна.
Хайрт хүүхэд багачууд минь сайхан баярлацгаагаарай.
Монголын үрс маш олон болтугай.