Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
Бээжингийн олимпын амжилтаа бататгана гэдгээ дасгалжуулагч, тамирчид амлалаа
/ мэдээг нийтэлсэн огноо : 2011.06.03 /
“Лондон 2012” олимпын наадам эхлэхэд 421 хоног үлдлээ. Тиймээс энэ богинохон хугацааг амжилттай төлөвлөж олимпийн бэлтгэл ажлыг улам эрчимжүүлэхийг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Олимпын наадамд бэлтгэх үндэсний хорооны ээлжит хурлын үеэр үүрэг болголоо. Ерөнхий сайдын тэргүүлдэг тус  хороо өнөөдөр Төрийн ордонд хуралдсан юм.

Хурлыг нээж Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд үг хэлэхдээ, Монгол Улсын Засгийн газраас спортыг хөгжүүлэх эрх зүйн таатай орчныг бүрдүүлж, улсаас Үндэсний шигшээ багийн цалин, бэлтгэл цугларалт, тэмцээн, эм витаминжуулалт, хувцас хэрэглэл, материал худалдан авах зардалд 2009-2011 онд 3,2 тэрбум төгрөгийн санхүүжилт гаргасан.  Тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өндөр амжилт үзүүлсэн тамирчдад  2011 он гарсаар 168 сая 300 мянган төгрөгийн шагнал олгоод байгааг тэмдэглэлээ.

Үндэсний шигшээ багийн тамирчид энэ оны эхний зургаан сарын байдлаар тив дэлхий, олимпын эрхийн болон олон улсын тэмцээнээс 106 медаль авснаас Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа, хөнгөн атлетикийн тамирчин Б.Сэр-Од, Л.Отгонбаяр нар Лондонгийн олимпод оролцох эрх авсан амжилтыг Монгол Улсын Ерөнхий сайд сайшаагаад тэдний араас олон шилдэг тамирчид олимпийн эрхээ авна гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ.

ОНБҮХ-ны ажлын төлөвлөгөөг батлахтай холбоотойгоор тус хорооны гишүүд, спортын холбоодын удирдлагууд саналаа хэлж, асуулт хариулт хэлбэрээр хурал үргэлжилсэн. Тэнд санал хэлсэн хүн болгон Засгийн газраас  спортын салбарт онцгой анхаарал тавьж буйд талархаж байлаа. Тухайлбал, Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч, ардын багш, Ч.Насантогтох  “Засгийн газраас дэмжлэг үзүүлж байгаа учир манай тамирчид оролцъё гэсэн тэмцээн уралдаан болгондоо оролцож чадаж байгаа.  Одоо 18 тэмцээнд оролцох дутуу.  Олимпын эрхийн тэмцээнүүдэд амжилттай оролцож, олимпын эрх арваас дээшийг авна гэдгээ амлаж байна.

Мөн Бээжингийн олимпод авсан алтан медалиа бататгахын төлөө зүтгэнэ” гэлээ. Мөн “Энэ Засгийн газрын үед Орхон аймагт олимпын сайхан баазтай болсон. Баазын ахуй хангамжийг сайжруулмаар байгаа” гэсэн саналаа тэрбээр уламжилсан юм. Харин УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Би та нартай ижил энэ салбарт олон жил зүтгэж яваа. Сүүлийн жилүүдэд Засгийн газар спортын салбарт онцгой анхаарал тавьж байгаа. Би олон жил гадаад, дотоодын тэмцээн уралдаанд оролцсон, ингэж төр зардлыг нь дааж байгаагүй. Олон ч тэмцээн уралдаанаас шагнал авсан ч төр засгаас ингэж мөнгөн шагнал авч байгаагүй. Төрийн энэ их хайр халамжийг манай тамирчид амжилтаар хариулах учиртай. Үүний тулд зохион байгуулалттай, сахилга баттай, ёс зүйтэй байхыг тэрбээр ахмад тамирчны хувиар зөвлөсөн билээ.   

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд УИХ-ын гишүүн байхдаа Б.Бат-Эрдэнэ болон нэр бүхий хэдэн гишүүнтэй хамтран Бээжингийн олимпод бэлтгэхэд шаардлагатай 2 тэрбум төгрөгийн төслийг УИХ-аар батлуулсан. Тухайн үед спортын салбарт ийм их хэмжээний мөнгө зарлагадлаа гэж шүүмжлэх хүмүүс байсан ч үүний үр дүн гарч Н.Түвшинбаяр, Э.Бадар-Ууган, Б.Баатаржав Монголын ард түмний 44 жил хүлээсэн алтан медалийг эх орондоо авчирсан. Яг үүн шиг тодорхой төсөл боловсруулж ажиллахыг Олимпод бэлтгэх үндэсний хорооны тэргүүн, Ерөнхий сайд С.Батболд хорооны гишүүддээ зөвлөсөн юм.    

Мөн тэрбээр холбоодуудын хэлсэн саналыг ажлын төлөвлөгөөнд тусгаж, нааштайгаар шийдвэрлэх болно гэдгээ илэрхийлээд тамирчид, дасгалжуулагчдадаа санхүүгийн хувьд Засгийн газар цаашид ч дэмжлэг үзүүлнэ. Харин та бүхнийг сэтгэл зүрхээрээ дэмждэг ард түмнийхээ итгэлийг зүтгэлээр хариулаарай. Бээжингийн олимпын буухиаг Лондонд үргэлжлүүлэх учиртай. Амжилтын 90 хувь нь бэлтгэл сургуулилалт байдаг гэдгийг хорооны гишүүд болон Үндэсний шигшээ багийн тамирчид, дасгалжуулагчид, спортын холбоодын удирдлагуудад анхаарууллаа. Тус хурлаас Олимпын наадамд бэлтгэх үйл ажиллагаанд нэмэлтээр шаардагдах 850 сая төгрөгийг 2011 оны төсвийн тодотголд, 3,4 тэрбум төгрөгийг 2012 оны төсөвт тусгах арга хэмжээ авахыг Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, Сангийн сайд С.Баярцогт нарт зөвлөсөн тогтоол гаргалаа.

Мөн хурлын үеэр 2010 онд тивийн наадам, тив дэлхийн зэрэглэлийн тэмцээнд амжилт гаргасан тамирчид, дасгалжуулагч нарт Засгийн газрын мөнгөн шагнал гардуулах ёслолын ажиллагаа болж, 46 тамирчин, 18 дасгалжуулагчдад шагналыг нь гардуулаа. Мөн Олимпын наадамд бэлтгэх үндэсний хорооны 2011 оны ажлын төлөвлөгөөг баталж, “Олимп хөгжил” сангийн Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсан юм. Тус зөвлөлийг “Лондон-2012 олимп”-ын тамирчдын багийн ахлагч, Монгол Улсын Шадар сайд М.Энхболд ахлахаар боллоо. Мөн энэ үеэр Олимпын наадамд бэлтгэх үндэсний хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжийг танилцуулав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Мэдээний бүлэг: Ерөнхий сайд , Спорт ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
С.Батболд: Нийт мал сүргийг вакцинжуулалт, туулгалт, угаалгад жилд 3 удаа бүрэн хамруулах ажлыг удахгүй эхлүүлнэ
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын Тусгаар тогтнолын талбайн “Тусгаар тогтнолын эрхэм билэгдлийн хөшөө”-ний нээлтийн ажиллагаанд хэлсэн үг
НИЙСЛЭЛИЙН ЗҮРХЭНД “ТУСГААР ТОГТНОЛЫН ХӨШӨӨ” СҮНДЭРЛЭЛЭЭ
Хүүхдийг зөв хүн болж төлөвшүүлэх боломжийг бүрдүүлэхийн төлөө ажиллана
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД, ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ТЭРГҮҮН С.БАТБОЛДЫН ХҮҮХДИЙН БАЯРЫГ ТОХИОЛДУУЛАН ХЭЛСЭН ҮГ
1500 хүүхэд Ерөнхий сайдын нэрэмжит бэлэг хүлээн авлаа
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан