Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын ивээл дор Улаанбаатар хотноо Ази, Номхон далайн шуудангийн бүсийн гүйцэтгэх зөвлөлийн хурал болж байна. Энэ удаагийн хуралд 50 орны 200 гаруй төлөөлөгч оролцон бүсийн болон Дэлхийн шуудангийн холбооны технологийн үйл ажиллагааны алдаа, оноог дүгнэж, шинэчилсэн дүрмийг нь батлах юм. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2011 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Дэлхийн шуудангийн холбооны ерөнхийлөгч Эдуард Даяан тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
Дэлхийн шуудангийн холбоо “Ази, Номхон далайн бүсийн шуудангийн холбооны гүйцэтгэх зөвлөлийн хурал”-ыг Монгол Улсад зохион байгуулахаар шийдвэрлэсэнд Ерөнхий сайд Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа талархал илэрхийллээ. Манай улс Дэлхийн шуудангийн холбоонд 1963 онд, бүсийн шуудангийн байгууллагад 2002 онд элссэнээс хойш дээрх байгууллагуудын үйл ажиллагаанд идэвхтэй оролцон, гадаад харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлж байгаад сэтгэл хангалуун байна гэв.
Монгол Улсын Засгийн газар шуудангийн үндсэн сүлжээний техник хангамжийг сайжруулах, шууданд мэдээллийн технологи нэвтрүүлэхэд онцгой анхаарч, 2010-2011 онд төсвөөс 1.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийн, энэ оны 5 дугаар сард “Өрх бүрт шуудан” хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байгааг Ерөнхий сайд С.Батболд онцлон тэмдэглэлээ. Ирэх жил болох Доха-гийн Их хурлаар Монгол Улс Шуудангийн ашиглалтын зөвлөлд нэрээ дэвшүүлэх, Дэлхийн шуудангийн холбооны Олон улсын товчоонд төлөөллөө ажиллуулах, Олон талт хамтын ажиллагааны төсөл хамтран хэрэгжүүлэхсонирхолтой байгаагаа Ерөнхий сайд илэрхийлэв.
Цаг гарган хүлээн авсанд нь Дэлхийн шуудангийн холбооны ерөнхийлөгч Эдуард Даяан Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод гүн талархал илэрхийлж, холбооныхоо хийж, хэрэгжүүлж байгаа ажлын талаар товч танилцуулав. Тэрээр Ерөнхий сайдын тавьсан саналыг анхааралдаа авна гэдгээ хэлээд цаашид хамтран төсөл хэрэгжүүлэх, олон улсын байгууллагуудын зохион байгуулах арга хэмжээнд болоод Дохагийн их хуралд Монгол Улсыг оролцуулахыг дэмжихээ илэрхийлэв.
Дашрамд дурьдахад “Монгол шуудан” компани өнгөрсөн 2 жилийн хугацаанд Дэлхийн шуудангийн холбооноос олон улсын буухиа, бичиг захидлын төрлөөр мөнгө, хүрэл өргөмжлөл авсан. Энэ нь манай шуудангийн салбар дэлхийд байр сууриа олж, гадаад солилцоо нь стандарт, технологийн шаардлагыг хангасны баталгаа юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.