Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхэт Элчин сайд Петер Шалерыг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Үүрэгт ажлаа хүлээж аваад удаагүй байгаа ноён Петер Шалерт Монгол Улсад Элчин сайдаар томилогдсонд нь Ерөнхий сайд баяр хүргээд олон улс оронд ажиллаж асан туршлагатай дипломатч томилогдсонд талархаж байна гэлээ. Мөн Монгол Германы хамтын ажиллагааг бүхий л салбарт идэвхтэй хөгжүүлэх боломж байгааг Ерөнхий сайд С.Батболд тэмдэглээд ХБНГУ бол манай улсын Европ дахь том түнш. Монголын 40 мянга гаруй иргэн герман хэлээр ярьдаг. Энэ хүмүүс хоёр орны харилцааг хөгжүүлэхэд чухал гүүр болж байдгийг Ерөнхий сайд дурдлаа.
Монгол Улс Европын холбоотой Түншлэл хамтын ажиллагааны хэлэлцээрийг ойрын үед байгуулах нь чухал ач холбогдолтой. Монгол Улсын Засгийн газар Европын стандартыг эх орондоо нутагшуулах зорилттой ажиллаж байгаа талаараа Засгийн газрын тэргүүн уулзалтын үеэр онцоллоо. Монгол Улсын эдийн засаг хурдацтай хөгжиж байна. Герман Монголын эдийн засгийн хамтын ажиллагааг улам идэвхжүүлэх нэн таатай үе ирж байна. Ийм түүхэн цаг үед танай сайхан оронд Элчин сайдаар ажиллах болсондоо баяртай байгаа гэдгээ ноён Петер Шалер илэрхийлээд Герман Монголын хамтын ажиллагааг улам бэхжүүлэхийн төлөө өөрийн зүгээс боломжтой бүхий л арга хэмжээг авч сайн ажиллах болно гэлээ.
Мөн тэрбээр Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын урилгаар ХБНГУ-ын Холбооны канцлер А.Меркел Монгол Улсад удахгүй айлчлах гэж байгааг дуулгалаа. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд энэ уулзалтын үеэр ноён Элчин сайдыг албан үүргээ гүйцэтгэхэд нь Монголын Засгийн газар дэмжиж хамтарч ажиллах болно гэдгээ илэрхийллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.