Манай улсын 2012 онд эдийн засгийн бодит өсөлт 25.6 хувь, Дотоодын нийт бүтээгдэхүүн оны үнээр 18.0 их наяд төгрөгт хүрэх төлөвтэй байна. Үндэсний статистикийн хорооноос гаргасан дүнгээс үзвэл энэ оны байдлаар эдийн засаг 21 гаруй хувийн өсөлттэй байгаа нь Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа эдийн засгийн шинэчлэлийн үр дүн гэж шинжээчид дүгнэжээ. Эдийн засгийн өсөлтөд гадаад худалдаа голлох жин дарж байгаа бөгөөд өмнөд хөрштэй хийж байгаа худалдаа дийлэнх хувийг эзэлж байгаа юм.
Тухайлбал 1990 онд манай хоёр улсын хооронд хийгдсэн худалдааны хэмжээ дөнгөж 33,6 сая ам.доллар байсан бол 2010 оны үзүүлэлтээр 3,4 тэрбум ам.доллар болсон нь 20 жилийн дотор 100 дахин өссөн гэсэн үг юм. Худалдааны хэмжээ жил бүр 35-70 хувиар өсч байгаа нь хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа хэр эрчимтэй хөгжиж байгааг харуулсан үзүүлэлт гэж хэлж болно. Эрдэс түүхий эд, түүний дотор нүүрс, төмрийн хүдрийн экспорт нэмэгдсэн нь хоёр талын худалдааны хэмжээ огцом өсөхөд голлон нөлөөлжээ. Манай улс 2010 онд гэхэд л 16,4 сая тонн нүүрс, 3,5 сая тонн төмрийн хүдрийг БНХАУ-д экспортоор гаргажээ.
Бид БНХАУ-д эрдэс түүхий эд, малын гаралтай арьс шир, үс, ноос гаргаж, тэндээс хүнсний болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, барилгын материал, багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж авч хэрэглэж байна. Хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжлийг илэрхийлэх бас нэг үзүүлэлт нь хөрөнгө оруулалт. Манай улсад оруулсан гадаадын хөрөнгө оруулагч орнуудыг БНХАУ сүүлийн 10 жил тэргүүлсэн хэвээр байгааг статистикийн тоо баримт харуулсаар. 2010 оны байдлаар тус улсын 2,4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалттай 5300 гаруй аж ахуйн нэгж манай улсад бүртгэгджээ.
Манай улсад олгож байгаа зээл, тусламж, хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөр нь худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны салшгүй хэсэг гэдэг нь ойлгомжтой. Анх 1958 онд БНХАУ манай улсад 22.5 сая шилжих рублийн зээл өгч байсан түүхтэй. Тухайн үед авсан зээлээр Төв цэнгэлдэх хүрээлэн, Яармагийн гүүр, 50 мянган ам.метр бүхий орон сууц, Толгойтын цахилгаан станц, Шувуун фабрик, Архангайн Тамир, Булганы Орхон, Сэлэнгийн төмөр бетон гүүр, Зүүнхараагийн Спирт, бал бурамын комбинат, Улаанбаатарын тоосгоны үйлдвэр гээд олон барилга, байгууламж ашиглалтад оруулсан нь өнөө ч үүргээ гүйцэтгэсээр байна.
2001, 2005 онд олгосон 200 сая юанийн хөнгөлөлттэй зээлийг Сүхбаатар аймгийн цайрын орд газарт ашиглахаар Засгийн газар хооронд тохиролцон төслийг хэрэгжүүлсэн нь БНХАУ-аас манайд оруулсан хамгийн үр дүнтэй хөрөнгө оруулалтын нэгд тооцогддог юм. Үүний зэрэгцээ тус улсаас үзүүлсэн буцалтгүй тусламж ч хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр болсоор байна.
БНХАУ-ын Засгийн газар 2000 оноос хойш 600 орчим сая юаны буцалтгүй тусламж олгосон юм. Энэ хөрөнгийг бидний мэдэх Ахмадын болон төрийн албан хаагчдад зориулсан орон сууц, Яармаг дахь Биеийн тамир, спортын ордоны цогцолбор, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын барилга зэрэг нүдэнд харагдаж, гарт баригдах томоохон бүтээн байгуулалтад зарцуулжээ. Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанаас гадна соёл, урлаг, боловсрол, хүмүүнлэг гээд бүх салбарын харилцаа ч өргөжин хөгжсөөр байна.
Тухайлбал боловсролын салбарт хамтран ажиллах хэлэлцээрийн дагуу жилд манай улсын 200 гаруй хүн БНХАУ-ын зардлаар сурч байгаа бөгөөд Өвөрмонголын өөртөө засах орны Ардын Засгийн газрын тэтгэлгээр жилд 100 оюутан суралцаж эхэллээ. Мөн иргэд хоорондын харилцаа ч хамтын ажиллагаанд чухал байр суурь эзэлдэг нь аялал жуулчлалын салбараас харагдаж байна. Хил хамгаалах ерөнхий газрын мэдээнээс үзвэл жилд дунджаар 300 гаруй мянган хятад иргэн манай улсад ирдэг бол манай 900 гаруй мянган хүн тус улсад болон тус улсаар дамжин гуравдагч оронд зорчдог байна.
Саяхан гэхэд л манай хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид БНХАУ, Өвөрмонголын өөртөө засах оронд айлчилсан нь энэ салбарын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, иргэд хоорондын харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой болсон гэж зохион байгуулагчид нь дүгнэжээ. Худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааны цар хүрээ, хэмжээ нь тухайн улсуудын хооронд улс төрийн харилцан ойлголцол хэр байгааг илтгэх гол үзүүлэлт болдог нь тодорхой.
Хоёр орны төр, засгийн удирдлагуудын өндөр, дээд хэмжээний харилцан айлчлал тогтмолжиж, уулзалт, яриа хэлэлцээр байнга хийгдэж байгаа нь ойлголцол, итгэлцлийг бэхжүүлэх, харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудыг цаг тухайд нь хэлэлцэн шийдвэрлэхэд гол хөшүүрэг болж ирсэн юм. Өнөөдөр манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудыг зохицуулсан 100 гаруй гэрээ, хэлэлцээр хүчин төгөлдөр үйлчилж байна. 1994 онд манай хоёр улс найрсаг харилцаа, хамтын ажиллагаа тогтоосон бол 2003 онд Сайн хөршийн найрсаг, харилцан итгэлцсэн түншийн харилцаа тогтоосон. Тэгвэл Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд БНХАУ-д албан ёсны айлчлал хийх үеэр энэ харилцааг стратегийн түншлэлийн харилцаанд хүргэсэн нь түүхэнд үлдэх айлчлал болсон юм.
Улс төрийн итгэлцлийг бэхжүүлэх, хамгийн гол нь худалдаа,эдийн засгийн хамтын ажиллагааг чанарын шинэ түвшинд гаргах,хүмүүнлэгийн солилцоог идэвхжүүлэх, олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх нь стратегийн түншлэлийн гол агуулга. Ингэснээр талууд бүх салбарт стратегийн түвшинд харилцаж, эдийн засгийн хувьд харилцан ашигтай хөгжих агуулга баримталж байна. Харилцаа, хамтын ажиллагаанд хоёр орны “Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комисс” мөн чухал үүрэг гүйцэтгэж байна.
Энэ комисс 1991 оноос хойш 12 удаа хуралдсан бөгөөд хамгийн сүүлд энэ оны 6 дугаар сард Улаанбаатар хотноо хуралдаж хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа харилцан ашигтай, бодит үр дүнтэй байх чиглэлээр хэлэлцэн тодорхой шийдэлд хүрсэн юм. Энэ бүхнээс харахад Монгол Улс, БНХАУ-ын улс төр, нийгэм, худалдаа, эдийн засаг гээд бүх салбарын харилцаа, хамтын ажиллагаа тааламжтай үедээ байна гэж дүгнэж болох юм.