Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫГ ТЭГЛЭЖ ҮНИЙН ӨСӨЛТӨӨС СЭРГИЙЛНЭ
/ мэдээг нийтэлсэн огноо : 2011.11.09 /

Засгийн газрын ээлжит хуралдаан 2011 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр болов. Хуралдаанаар газрын тосны бүтээгдэхүүний Онцгой албан татварын хэмжээг тэглэх, “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг дотоод, гадаадын Хөрөнгийн биржид арилжаалах зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.

Сүхбаатар, Замын-Үүд, Эрээнцав, Алтанбулаг боомтоор оруулж ирж байгаа нэг тонн дизелийн түлш тутамд 100 мянган төгрөгийн онцгой албан татвар ногдуулж байсныг “0” болгохоор Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ. Дээрх шийдвэрийг энэ сарын 11-ний өдрөөс мөрдөж эхлэх юм. Энэ сарын хувьд ОХУ-ын “Роснефть” компаниас нийлүүлж байгаа дизель түлшний хилийн үнэ 73 ам.доллар буюу 95 мянган төгрөгөөр нэмэгдсэн тул онцгой албан татварыг ийнхүү тэглэлээ.

Энэ нь дотоодын зах зээл дэх түлшний жижиглэнгийн үнийг тогтвортой байлгахад чухал ач холбогдолтой гэж Засгийн газар үзэж байна. Бусад алслагдсан боомтоор оруулж ирэх автобензин, дизель түлшинд ногдуулж байгаа онцгой албан татварыг хэвээр мөрдөхөөр боллоо. Ингэснээр газрын тосны бүтээгдэхүүний бүх төрөлд онцгой албан татварын хэмжээ “0” болж, гаалийн албан татвар ч тэглэгдэж байна. Автобензин, дизель түлшний хилийн үнэ өсөхөд Засгийн газар онцгой албан татварыг бууруулан, хилийн үнэ буурахад татварыг нэмж тухай бүр нь арга хэмжээ авч байсан. Үүний дүнд шатахууны дотоодын зах зээл дэх жижиглэн худалдааны үнийн огцом өсөлт саарч, тогтвортой байгаа юм.

Харин сүүлийн үед “Роснефть” компани манай улсад хангалттай хэмжээний газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэхгүй байгаа. Үүнээс болж импортлогч аж ахуйн нэгжүүд ОХУ-ын алслагдсан нутгаас, илүү өндөр үнээр АИ-92 автобензин худалдан авахаас өөр аргагүйд хүрч байна. Иймээс дотоодын зах зээл дэх энэ төрлийн бензиний литр тутмын үнийг 30 төгрөгөөр нэмэх саналаа импортлогчид Эрдэс баялаг, эрчим хүчний яаманд хүргүүлсэн байна гэж  Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.            

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” КОМПАНИЙН ХУВЬЦААГ ГУРВАН ХӨРӨНГИЙН БИРЖЭЭР АРИЛЖААЛНА  

Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг гадаад, дотоодын зах зээлд арилжаалах Хөрөнгийн биржийн сонголт, компанийн бүтцийн талаар Ажлын хэсгийн танилцуулгыг сонсов. Үүнтэй холбогдуулан тус компанийн хувьцааны тодорхой хувийг Монгол, Лондон, Хонконгийн хөрөнгийн бирж гэсэн гурвалсан бүтцээр арилжаалах, хувьцаа арилжаалах компанийн үнэлгээ өндөр байх боломж, татварын таатай орчин, нөхцөл, эрх зүйн зохицуулалт, Хөрөнгийн биржийн шаардлагуудыг харгалзан хувьцаа арилжаалах компанийг Их Британид бүртгэлтэй компани байх нь зүйтэй гэж үзлээ.

Лондонгийн Хөрөнгийн биржид бүртгүүлэхдээ FTSE индекст багтаж чадвал эрэлт илүү их нэмэгдэх бөгөөд энэ индекст орохын тулд Их Британид бүртгэлтэй, хувьцаа арилжаалах компани байгуулах ёстой юм. Энэ чиглэлээр ажиллахыг Төрийн өмчийн хороо болон “Эрдэнэс МГЛ” компанийн удирдлагад Засгийн газрын хуралдаанаас даалгав.  

Тавантолгой төсөлд хамтран ажиллаж байгаа зөвлөх банкууд болон хуулийн зөвлөхүүдтэй зөвлөлдсөний үндсэн дээр компанийн үнэлгээ, хөрөнгийн зах зээлийн хандлага, стратегийн үүднээс “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны тодорхой хувийг Монголын болон Лондон, Хонконгийн Хөрөнгийн биржид гурвалсан аргаар бүртгүүлэх боллоо. Гурван Хөрөнгийн биржид гарснаар өргөн хүрээтэй хувьцааны илүү их эрэлт үүсгэх боломж нээгдэнэ гэж Засгийн газар тооцоолж байна. Хувьцааг дотоодын болон олон улсын хоёр Хөрөнгийн биржид зэрэг арилжаалахын тулд “Эрдэнэс Тавантолгой” компанийн бүтцэд өөрчлөлт оруулах, үүнтэй уялдан дотоодын хөрөнгийн зах зээл, Хөрөнгийн биржийн үйл ажиллагаатай холбоотой хууль, дүрэм журамд зохих өөрчлөлт оруулна.

“Эрдэнэс Тавантолгой”  компанийн хувьцааг гадаад, дотоодын хөрөнгийн биржид  арилжаалах асуудлаар гол зөвлөх, зохион байгуулагчаар Дойче банк /ХБНГУ/, Голдмэн Сакс /АНУ/, хувьцааны борлуулалтын ажилд  БиЭнПи Париба /Франц/, Маквэари /Австрали/ банк хамтран оролцохоор ажиллаж байна. Мөн төслийн аудитор болон татвар, хуулийн зөвлөх чиглэлээр олон улсын нэр хүндтэй томоохон байгууллагуудтай хамтарч байгаа юм. Хувьцааг гадаадын Хөрөнгийн биржид арилжаалахад гол баримт бичиг болох Үнэт цаас гаргах танилцуулгыг бэлтгэн компанийн бизнес төлөвлөгөө, санхүүгийн загварыг  ч зөвлөхүүдтэй хамтран боловсруулж байна Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.  

ГАЗАР ЗҮЙН МЭДЭЭЛЛИЙН УЛСЫН САН БҮРДҮҮЛНЭ

Аж ахуйн нэгж, байгууллагын тооллогын дүнгээр газар зүйн мэдээллийн улсын нэгдсэн сан бүрдүүлж, энэ сард багтаан хэрэглэгчдэд хүргэхийг холбогдох сайд, агентлагийн дарга нарт Засгийн газрын хуралдаанаас даалгаж, зөвлөв. Мөн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн нэгдсэн сангийн мэдээллийг шинэчлэн бүрдүүлэх, үндэсний ангилал, код нэвтрүүлэх, мэдээллийн сангуудын уялдааг хангах болсон байна.

Түүнчлэн тооллогод хамрагдаагүй аж ахуйн нэгж, байгуулагуудыг нэг бүрчлэн шалгаж, бүртгэлийг нь хуульд нийцүүлэх, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тогтолцоог сайжруулах чиглэлээр холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, шийдвэрлэх болсон байна. Энэ онд зохион байгуулсан аж ахуйн нэгж, байгууллагын тооллогод 66.5 мянган аж ахуйн нэгж, байгууллага хамрагдсан. Нийт аж ахуйн нэгж, байгууллагын 68.6 хувь буюу 45.6 мянга нь Улаанбаатар хотод байрладаг нь тодорхой болжээ.

ГАДААДЫН ОРНУУДАД БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛНЭ

Байгалийн гамшиг болж хүний амь эрсдэн, эд материалын үлэмж хэмжээний хохирол учирсан Тайландын Вант Улсад 20 мянган ам.доллартай тэнцэх хэмжээний тусламж үзүүлэхээр Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ. Үерийн улмаас тус улсын 28 муж, Бангкок хотын 9 дүүрэг, түүний дотор тариалангийн талбай, үйлдвэрийн газрууд, аж үйлдвэр-технологийн хэд хэдэн парк, онгоцны буудал усанд автаж, 370 гаруй хүн амь насаа алдаад байна.

2.7 сая хүн ямар нэг хэмжээгээр үерт өртөж, 6 тэрбум ам.долларын хохирол учран, 600 гаруй мянган хүн ажилладаг 14 мянган аж ахуйн нэгж ажлаа түр зогсоожээ. Тайландын Вант Улс манай улсын эдийн засгийн хүндрэлийг давах, ой, хээрийн түймрийн хохирлыг арилгах, зуданд нэрвэгдсэн малчдад туслах, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх зэрэгт тусламжийн гараа сунгаж байсан юм. Хамгийн сүүлд буюу 2009 онд Тайландын гүнж манай улсад айлчлахдаа Төв аймгийн Алтанбулаг сумын сургуульд “Үдийн хоол” хөтөлбөрийг эхлүүлэхэд 60 мянган ам.доллар өгч, техникийн зөвлөгөө, сургалтыг өөрийнхөө ивээл дор явуулж байна.       

Мөн БНАСАУ-аас тавьсан хүсэлтийг харгалзан хүнсний тусламж үзүүлэх нь зүйтэй гэж хуралдаанаас үзлээ. Энэ дагуу 35 тонн ямааны мах худалдан авч БНАСАУ-д тээвэрлэн хүргэхэд шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болсон байна. Манай улс өнгөрсөн жил мөн тус улсад 30 тонн махыг буцалтгүй тусламж болгон хүргэж байсан юм. БНАСАУ-ын Засгийн газар энэ оны эхээр НҮБ болон гадаадын улс орнуудад хандаж 1 сая тонн хүнсний тусламж үзүүлэхийг хүсчээ. Тус улсын хүн амын хүнсний жилийн хэрэглээнд 5.3 сая тонн ургац хэрэгтэй байдаг бөгөөд жил бүр дунджаар 4 сая тонныг өөрсдөө хураан авдаг байна.

ДОТООД ХЯНАЛТ, ШАЛГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ НИЙТЛЭГ ЖУРМЫГ БАТЛАВ

“Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт, шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам”-ыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Харъяа байгууллага, аж ахуйн нэгж, өөрийн аппаратад энэ журмыг баталж, мөрдүүлэхийг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосон байна.

5 бүлэгтэй энэ журам аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаа, үйлдвэрлэсэн болон борлуулж байгаа бараа, бүтээгдэхүүн, үзүүлж байгаа ажил үйлчилгээг хууль тогтоомж, дүрэм журам, стандартад нийцүүлэх, зөрчил дутагдлыг илрүүлэх, арилгахад чиглэсэн дотоод хяналт, шалгалтыг зохион байгуулахтай холбогдсон харилцааг зохицуулах юм. Жишээлбэл хяналт шалгалт хийх нэгж, ажилтан нь тухайн аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагад шууд захирагдах бөгөөд зохион байгуулалтын хувьд бусад бүтэц, нэгжээс хараат бус байхаар журамд тусгажээ.

ТОВЧ МЭДЭЭ

  • Засгийн газрын 2011 оны 01 дүгээр албан даалгаврын хэрэгжилт хангалтгүй байгаа тул улсын төсвийн хөрөнгөөр энэ онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн тодотгосон жагсаалтаар батлагдсан худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулахыг Төсвийн ерөнхийлөн захирагч нарт Засгийн газрын хуралдаанаас үүрэг болголоо.
  • Хуралдаанаар Увс аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явцтай танилцав. Үүнтэй холбогдуулан өөрсдийн үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийг нэг бүрчлэн дүгнэн тооцож, ирэх оны улс, орон нутгийн төсөвт тусгах замаар хэрэгжилтийг бүрэн хангахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгов.
  • Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээр байгуулах нөхцөл, боломжийг судлах Хамтарсан судалгааны хэсгийн тайлантай танилцав. Үүнтэй холбогдуулан хэлэлцээ хийх үүрэгтэй Ажлын хэсэг  байгуулах нь зүйтэй гэж үзлээ.
  • Увс аймгийг “Аялал жуулчлалын загвар аймаг” болгох саналыг дэмжиж, Увс нуур-Улаангом-Хархираагийн чиглэлд хатуу хучилттай зам барихад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг судалж, шийдвэрлэхийг холбогдох сайд нарт даалгав.
  • “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв” улсын төсөвт үйлдвэрийн газрыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дэргэд байгуулахаар тогтлоо. Энэ төв цэнгэг ус болон бусад нөөц баялгийг хамгаалах, зөв зохистой ашиглах, олон нийтэд экологийн боловсрол олгох, судалгаа шинжилгээ, сургалт, сурталчилгаа хийх зэрэг үйл ажиллагаа явуулах юм.
  • “Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хөтөлбөр”-ийн эхний үе шатанд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг баталлаа. Үүнтэй холбогдон гарах зардлыг жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын төсөвт тусгах, бусад эх үүсвэрээс санхүүжүүлэхээр болсон байна. Хөтөлбөрийн хүрээнд нийт 78 арга хэмжээг 2016 он хүртэл хэрэгжүүлэх юм.


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
МАНАЙ УЛСЫН ГАДААД ХУДАЛДААНЫ ХАМГИЙН ТОМ ТҮНШ НЬ БНХАУ ХЭВЭЭР БАЙНА
ОН ГАРСААР УЛСЫН ХЭМЖЭЭНД 63 МЯНГАН ХҮН ШИНЭЭР АЖИЛТАЙ БОЛЖЭЭ
С.Батболд: “Гэр бүл” үндэсний хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлэхээр болсноо та бүхэндээ дуулгая
Монгол хүүхдүүд “Мөрөөдлийн баг”-тай болно
Монголын эдийн засгийн өндөр хурдтай хөгжил Шведийн сонирхлыг татаж байна
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод ОХУ-ын Засгийн газрын дарга В.В.Путинээс баярын мэндчилгээ ирүүлжээ
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан