Үндэсний их баяр наадам эхлэхэд 20 гаруйхан хоног үлдээд байна. Монголчууд баярын гурав хоногтоо наадмаа тэмдэглэдэг ч сонин хачныг нь бүтэн жилийн турш, дараачийн наадам хүртэл дурсаж ярьдаг ард түмэн. Тиймээс ч Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо бэлтгэлийг нь эртнээс хангаж ажилладаг. Эл хорооны ээлжит хурал өнөөдөр Төрийн ордонд боллоо. Наадмын бэлтгэл ажил ид өрнөж, жигдэрч буй энэ үед Хүй долоон худаг, морь барианы газар руу зорчдог гол зам болох 22-ын товчоо чиглэлийн замын өргөтгөл шинэчлэлийн ажил удаашралтай явж байгаад Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд М.Энхболд шүүмжлэлтэй хандаад 10.6 км автозам болоод шинээр баригдаж буй гүүрийн ажлыг ирэх сарын 7 гэхэд дуусгасан байхыг үүрэг болголоо. Ингэхдээ энэ хугацаанд зам засварын ажлыг чанартай гүйцэтгэж амжихгүй бол холбогдох хүмүүст Засгийн газрын нэрийн өмнөөс хариуцлага тооцно гэдгийг ч хатуу анхаарууллаа.
Мөн Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны дүрэмд өмнөх давааны барилдаан дуусч, бөхчүүдийг ам авч барилдахаар зарласнаас хойш тухайн бөхийн ам авах хугацаа 5 минут байна. Тогтосон хугацаанд ам аваагүй бол эрэмбээр дараачийн бөх ам авна гэж нэмэхээр Засгийн газрын тогтоолын хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо. Энэ хавсралтаар Улсын баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд ослын даатгалд даатгуулсан, 18-аас дээш насны бөхийг барилдуулна гэж өөрчлөлт оруулах төлөвлөөд байна.
Энэхүү хурлын үеэр салбар хороодын дарга нар бэлтгэл ажлын явцын талаар мэдээлэл өгсөн бөгөөд Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны салбар хорооны дарга М.Оюунчимэг наадам сурвалжлах болоод шууд дамжуулах телевизүүд албан бичгээр хүсэлтээ ирүүлэх зар тараасан байгаа. Эл хүсэлтийг энэ зургадугаар сард багтааж аваад, үүний дагуу сурвалжлах эрхийн бичгийг тараана, өнгөрсөн жил хэвлэл мэдээллийн 800 гаруй ажилтан ийм эрх авч байсан талаар тэмдэглэж байлаа.
Наадмын хөтөлбөрийн төслийг хурлаар хэлэлцлээ. Энэ дагуу үндэсний их баяр наадам долдугаар сарын 7-нд урианхай сурын харваагаар эхлэх ажээ. Төрийн хүндэтгэлийн болоод наадмын нээлт, хаалтын тоглолтын бэлтгэл ид явж байна. Төв цэнгэлдэхийн дотор болон гадаа, Хүй долоон худагт, Сурын талбайн орчимд том дэлгэц байрлуулж, наадмын ажиллагааг шууд дамжуулан үзүүлэхийг Шадар сайд М.Энхболд даалгаад наадмын бэлтгэл хэвийн явагдаж байна, гэхдээ эрчимжүүлэх шаардлага байгааг онцолж байлаа.
Төв цэнгэлдэх орчмын автомашины зогсоолын тоог 1500-гаар нэмж 4500 болгосон. Хүй долоон худгийн морь барианы газарт 30 метрийн урттай сандал хийж байгаа төдийгүй нийтийн бие засах газруудыг нэмж байгуулна. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн худалдаа үйлчилгээнд 500, Хүй долоон худагт 150 гаруй цэг гарах бөгөөд эдгээрийн 60 хувьд нь хуушуур хийж худалдаалах юм байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.