Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт
 
ЗАСГИЙН ГАЗРЫН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН БОЛЛОО
/ мэдээг нийтэлсэн огноо : 2012.09.15 /

 

Засгийн газрын ээлжит хуралдаан 2012 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн бямба гарагт болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.

5 ТЭРБУМ ХҮРТЭЛХ АМ.ДОЛЛАРЫН ҮНЭТ ЦААС ГАРГАХЫГ ДЭМЖЛЭЭ

 

            Ойрын хоёр жилд Хөгжлийн банкны 5 тэрбум хүртэлх ам.долларын үнэт цаас гаргах талаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.

Үнэт цаасыг олон улсын зах зээлд арилжиж олсон орлогыг нийгмийн халамжид зарцуулахгүй, төсвийн алдагдлыг нөхөхгүй, харин эдийн засгаа эрчимжүүлэх, урт хугацааны хөгжлийн хөрөнгө оруулалт хийх, экспортыг дэмжихэд зориулна.

             Тухайлбал төмөр замын сүлжээ, авто зам, эрчим хүч, Тавантолгойн уурхай, “Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор” зэрэг томоохон төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх юм.

Үүнээс гадна үнэт цаас гаргаснаар банкны зээлийн хүүгийн хэмжээг бууруулж, инфляцийг багасган, гадаадын шууд хөрөнгө оруулалтаас хамааралтай санхүүгийн өнөөгийн тогтолцоог эрс өөрчлөх боломж бүрдэнэ гэж Засгийн газар үзэж байна.

 

ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫГ БАЙГУУЛЛАА

 

            Засгийн газрын хуралдаанаас “Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв”, “Хөдөлмөрийн судалгааны институт” төрийн өмчит үйлдвэрийн газрыг Хөдөлмөрийн яамны дэргэд байгууллаа.

Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв” нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас авах, Мэргэжлийн боловсрол, сургалтын болон Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн хүрээнд иргэн, аж ахуйн нэгжид төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай, хүртээмжтэй хүргэх үүрэгтэй.

Харин “Хөдөлмөрийн судалгааны институт” нь хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцаа, цалин хөлс, хүний нөөцийн хөгжлийн чиглэлээр бодлогын судалгаа, шинжилгээ хийх, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн судалгааг хөгжүүлэх, салбарын боловсон хүчин бэлтгэхэд Засгийн газарт дэмжлэг үзүүлэх юм.

Дээрх үйлдвэрийн газруудыг Хөдөлмөрийн яамны батлагдсан орон тоо, төсөвт багтаан байгуулжээ.

ЗАРИМ АГЕНТЛАГИЙН ОРОН ТООНЫ ХЯЗГААРЫГ БАТАЛЛАА

 

Нийгмийн даатгалын ерөнхий газрын орон тооны хязгаарыг 85, Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрыг 41, Хүүхдийн төлөө үндэсний газрын орон тоог 43 байхаар Засгийн газрын хуралдаанаас тогтлоо.

            Мөн аймгийн Засаг даргын дэргэдэх Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийг Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс, Хүүхдийн төлөө хэлтсийг Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс гэж өөрчлөхөөр шийдвэрлэлээ.

Харин Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Халамжийн үйлчилгээний газрыг Нийгмийн халамж, үйлчилгээний газар, Хүүхдийн төлөө газрыг Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар гэж өөрчиллөө.

Газар, хэлтсүүдийг зохион байгуулалт, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллахыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасан байна.

           

АЙМАГ, НИЙСЛЭЛД ХӨДӨЛМӨРИЙН ХЭЛТЭС БАЙГУУЛЛАА

 

            Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн өөрчлөгдөж, Хөдөлмөрийн яам шинээр байгуулагдсантай холбогдуулан аймаг, нийслэлийн дүүрэгт Хөдөлмөрийн хэлтэс байгуулан ажиллуулахаар шийдвэрлэлээ.

Хөдөлмөрийн хэлтэс нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажилгүйдлийг бууруулах төрийн бодлого, шийдвэр, хөдөлмөрийн зах зээлийн бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх, зохион байгуулах, хяналт тавих, Жижиг, дунд үйлдвэрийн туай хуулийн хүрээнд иргэдэд энэ чиглэлийн дэмжлэг үзүүлэх, зөвлөгөө, мэдээллээр хангах зэрэг үндсэн үүрэг хүлээж байна.

 

ЭМНЭЛГҮҮДИЙН БАРИЛГЫН АЖЛЫН ЯВЦ ХАНГАЛТГҮЙ БАЙНА

 

Ерөнхий сайд Н.Алтанхуягийн захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа эмнэлгийн барилгын ажлын явцтай танилцсан байна.

Засгийн газрын хуралдаанаар шалгалтын дүнтэй танилцаад 300 ортой төрөх эмнэлэг, 60 ортой Геронтологийн төв, Хавдар судлалын үндэсний төвийн өргөтгөлийн барилгын ажлыг гэрээнд заасан хугацаанд багтаан гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүдтэй хамтран дуусгахыг Эрүүл мэндийн сайд Н.Удвалд даалгалаа.

Мөн дээрх барилга, байгууламжуудын дулаан, цахилгааны шугам сүлжээний асуудлыг ойрын хугацаанд судлан шийдвэрлэхийг сайд Н.Удвал, М.Сономпил болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нарт даалгасан байна. 

Шалгалтын явцад багагүй зөрчил, дутагдал илэрсэн байна. Тухайлбал 300 ортой төрөх эмнэлэг, Геронтологийн төвийн барилгыг иж бүрэн инженерийн шугам сүлжээнд холбохоор төлөвлөсөн ч хангагч байгууллагаас техникийн нөхцөл аваагүй, шинээр барих шугам сүлжээ, дэд өртөөний хөрөнгийг улсын төсөвт тусгаагүй, гадна шугам сүлжээг шийдвэрлэх техникийн шийдэл, арга замыг өнөөг хүртэл сонгоогүй, шийдвэрлээгүй байхад тендер зарлан ажиллаж байгаа гэсэн нийтлэг зөрчил байна.

“Нийслэл өргөө”, “Пума констракшн” компанийн барьж байгаа төрөх эмнэлгийн барилгын цутгамал төмөр бетон бүтээцийн бетоны зуурмагаас сорьц, дээж аваагүй, бетоны бат бэх байдлыг мэргэжлийн итгэмжлэгдсэн лаборатороор шинжлүүлээгүй зэрэг дутагдал илэрчээ.

Геронтологийн төв болон Хавдар судлалын үндэсний төвийн барилгын ажлыг гүйцэтгэж байгаа “Арвис интернейшнл”, “Суурь” компанийн барилга угсралтын ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийн хугацаа дууссан, сунгуулаагүй байна.

Дээрх гурван барилгын ажлын явц дунджаар 51 хувьтай байгаа хэрнээ 74 хувийн гүйцэтгэлийн мөнгийг бүрэн авсан тухай Ажлын хэсэг танилцууллаа.

Мэдээний бүлэг: ЗГ-ын хуралдаан ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
МОНГОЛДОО САЙХАН АМЬДРАХЫН ТӨЛӨӨ ИРГЭН БҮР ЗҮТГЭХИЙГ УРИАЛЛАА
Шатахуун импортлогч компаниудын төлөөлөлтэй уулзлаа
Азийн сейсмологийн холбооны есдүгээр их чуулганд Шадар сайд оролцлоо
“ Шинэчилж шийдье-222” анхны уулзалт боллоо
АВРАХ ТУСГАЙ АНГИЙНХАНД ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ГАРДУУЛЛАА
ШАДАР САЙД ХАРИУЦЛАГАТАЙ ЁС ЗҮЙТЭЙ АЖИЛЛАХЫГ САНУУЛЛАА
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан