Шинэчлэлийн Засгийн газраас “Шинэчилж шийдье-222” нээлттэй уулзалтыг сар бүр зохион байгуулахаар болж анхны уулзалт өнгөрсөн 9 дүгээр сарын 11-нд болсон. Ард иргэдээ сонсч, тэдний саналыг бодит шийдвэр болгох зорилготой уг уулзалтанд 800 гаруй иргэн оролцож, 300 гаруй санал ирсэн юм. Эдгээрээс түгээмэл ач холбогдолтой 5 асуудлыг сонгон авч Шинэчлэлийн засгийн газраас шийдвэр гаргалаа.
Дотоод ажлын өдөр хүчингүй болов
9 дүгээр сарын 22-ны өдөр Засгийн газрын хуралдаанаас төрийн үйлчилгээг иргэдэд тасралтгүй, шуурхай хүргэх зорилгоор төрийн болон нутгийн захиргааны зарим байгууллага дээр мөрдөн ажиллаж байгаа дотоод ажлын цагийн хуваарь тогтоосон шийдвэрийг хүчингүй болгож, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга, бүх шатны засаг дарга нарт даалгажээ. Ингэснээр ард иргэдийг хамгийн ихээр бухидуулж, цоожтой хаалга мөргүүлдэг байсан “Дотоод ажлын өдөр” баяртай болж төрийн байгууллагууд иргэдийн өмнө жинхэнэ утгаараа нээлттэй болсон юм.
Хүүхдэд архи, тамхи худалдаалж, үйлчилбэл тусгай зөвшөөрөлийг нь цуцлана
“Шинэчилж шийдье-222” уулзалтын үеэр нэгэн ээжийн “Хүүхдэд архи худалдаалахыг хориглооч” гэсэн санал ажил хэрэг болсон нь энэ. Архи, тамхины зохисгүй хэрэглээг хязгаарлах, насанд хүрээгүй хүнд архи, тамхи, согтууруулах ундаагаар үйлчлэхийг хориглосон хуулийн заалтын биелэлтийг хангуулах болон холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах талаар санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулсан юм. Хууль зүйн сайд Х.Тэмүүжингээр ахлуулсан ажлын хэсэг хэд хэдэн удаа хуралдаж тодорхой шийдвэрүүд гарган 21 насанд хүрээгүй хүүхдэд архи худалдаалсан үйлчилсэн дэлгүүр, үйлчилгээний газрын тусгай зөвшөөрлийг цуцлах арга хэмжээг 10 дугаар сарын 1-ээс авч хэрэгжүүлэх болсон байна.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ анхаарна
Ерөнхий сайдын захирамжаар ХАХНХ-ийн сайд С.Эрдэнээр ахлуулсан Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ниймгийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлт, тэдэнд үзүүлэх боловсрол, эрүүл мэнд болон бусад үйлчилгээг шинэ шатанд гаргах зорилготойгоор байгуулагдсан ажлын хэсэг холбогдох саналуудаа боловсруулан Засгийн газарт хүргэжээ.
“11-11” төв ажиллаж эхэлнэ
“Шинэчилж шийдье-222” уулзалтаас урган гарсан томоохон саналуудын нэг бол Иргэдийг сонсох “11-11” төв байгуулах. Иргэддээ нээлттэй, тунгалаг төрийг цогцлоохын тулд хүнд суртлыг халж, хурдан шуурхай үйлчилгээг эрхэмлэж буй Шинэчлэлийн Засгийн газар Иргэдийг сонсох 11-11 төвийг байгуулах ажил цэгцэрч ирэх долоо хоногт ашиглалтад орно.
Хөгжлийн банкнаас санхүүжилт гаргав
Улсын төсвөөр санхүүжих тендерт оролцоод 50 хувийн гүйцэтгэлээ хийсэн боловч үлдсэн санхүүжилт нь орж ирээгүй тохиолдол олон байгааг иргэд “Шинэчилж шийдье-222” анхны уулзалтын үеэр Ерөнхий сайдад дуулгасан. Үүнийг “Тендерээр авсан ажлаа хийсэн байхад санхүүг нь шийдэж өгөхгүй байгаа явдал бол хариуцлагагүйн тод жишээ” хэмээн Ерөнхий сайд үзэж шийдэж өгөхөө амласан. Тэгвэл энэхүү амлалт ажил хэрэг болж 113 тэрбум төгрөгийг Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх болсон байна гэж Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.