Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
ЗАСГИЙН ГАЗРЫН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН 2010 ОНЫ 4 ДУГААР САРЫН 14-НИЙ ӨДӨР БОЛЖ, ДАРААХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭН ШИЙДВЭРЛЭЛЭЭ
/ мэдээг нийтэлсэн огноо : 2010.04.14 /
ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ХӨТӨЛБӨР БАТЛАВ

“Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөр”, “Хөтөлбөрийг хэрэгжүүлэх 1 дүгээр шатны төлөвлөгөө”-г батлав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах, салбар дундын зохицуулалт хийх Үндэсний хороог шинэчлэн томилж, хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг сайтар зохион байгуулахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүхэд үүрэг болгов.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх, Сангийн сайд С.Баярцогт, холбогдох сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт :
•    Хөтөлбөрийн зорилт, арга хэмжээг жил бүрийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл, шаардагдах хөрөнгийг улсын болон орон нутгийн төсөвт тусгаж санхүүжүүлэн хэрэгжүүлэх 
•    Хөтөлбөрийн зарим арга хэмжээг олон улсын байгууллагын зээл, тусламж, гадаад оронтой тогтоосон хоёр талын болон олон талт хамтын ажиллагааны төсөл, арга хэмжээнд хамруулан хэрэгжүүлэхийг даалгав. 

Манай улсын нийт бэлчээрийн 90 орчим хувь нь цөлжилт, газрын доройтлын үйл явцад өртөх магадлалтай нутагт хамрагддаг. Цөлжилтийн нэн хүчтэй зэрэглэлд 5.0 хувь, хүчтэй зэрэглэлд 18.0 хувь, дунд зэрэглэлд 26.0 хувь, сул зэрэглэлд 23.0 хувь хамрагдаж байна. Энэ нь тодорхой бүс нутагт цөлжилтийн аюулын зэрэглэл нэмэгдэж, нутаг дэвсгэрийн 72 хувь хүртэл өргөжсөн байгааг харуулж байгаа юм. Цөлжилтийн нэн хүчтэй зэрэглэлд Увс нуурын хотгор, Их нууруудын хотгор, Нууруудын хөндий, Дундговь, Дорноговийн гандуу хуурай, цөлөрхөг нутаг орж байна. 

Говь, хээрийн бүсийн 145 сумын төвд суурин газар элсний нүүдэлд өртжээ. Уур амьсгалын өөрчлөлт, хур тунадасны хэмжээ багассан, хүний хүчин зүйл, бэлчээрийн талхлагдал нь цөлжилтийн үндэс болжээ. Ерөнхий сайд “Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхдээ шинжлэх ухаанчаар хандах, зах зээлийн эрэлт хэрэгцээтэй уялдуулах, урамшууллын хэлбэрийг сонгох, бизнесийн оролцоог нэмэгдүүлэх, парк байгуулах, иргэд жимс, ногоо тарихад нь дэмжлэг үзүүлэх зэрэг арга хэрэглэхийг үүрэг болгов. 

“СПОРТ ЦОГЦОЛБОР”-ЫН АШИГЛАЛТЫН ӨМНӨХ ЗАХИРГАА БАЙГУУЛАВ

БНХАУ-ын буцалтгүй тусламжаар баригдаж байгаа “Спорт цогцолбор”-ын ашиглалтын өмнөх захиргаа байгуулах тухай Эрүүл мэндийн сайд С.Ламбаагийн саналыг хэлэлцээд зарчмын хувьд дэмжиж захиргаа ажилуулах, захиргааны дүрмийг батлахыг үүрэг болгов. “Спорт цогцолбор”-ын барилгын ажил 2008 оны 6 дугаар сард эхэлсэн. Ойролцоогоор 25,5 тэрбум төгрөгийн өртөгтэй энэ барилгыг Хятадын тал 27 сарын хугацаанд гүйцэтгэж энэ оны 3 дугаар улиралд манай талд хүлээлгэн өгөх төлөвтэй байна. 

ТОВЧХОН

Айлчлалын дүнг хэлэлцэв
•    Монгол Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэлийн 2010 оны 2 дугаар сарын 22-26-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Солонгос Улсад хийсэн албан ёсны айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад харилцааны сайд Г.Занданшатарт даалгав.

•    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын 2010 оны 3 дугаар сарын 8-12-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Австри Улсад ажлын айлчлал, Бүгд Найрамдах Унгар Улсад албан ёсны айлчлал хийсэн дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад харилцааны сайд Г.Занданшатарт даалгав.

•    “Уньт - Мөрөнгийн чиглэлд Уньт - Тариалангийн хооронд авто зам барих төслийг хэрэгжүүлэх тухай Монгол Улс, Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтын сан хоорондын зээлийн гэрээ”-г соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.

•    Жендерийн тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөрийг 2010-2012 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг батлав. Хөтөлбөрийн үндсэн 5 бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд 26 үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. 

•    БНАСАУ-ын талаас тавьсан хүсэлтийг харгалзан хонины мах 15.0 тонн, ямааны мах 15.0 тонныг буцалтгүй тусламжаар хүргүүлэх ажил зохион байгуулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай, Гадаад харилцааны сайд Г.Занданшатарт даалгав. Мах худалдан авах, БНАСАУ-д тээвэрлэн хүргэхэд шаардагдах 80.0 /наян/ сая төгрөгийн Засгийн газрын нөөц сангаас гаргахаар тогтсон байна. 

•    Монгол Улсын Засгийн газар, азийн хөгжлийн банк хоорондын “Бүс нутгийн автозамыг хөгжүүлэх төсөл”-ийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай асуудлыг хэлэлцэн дэмжээд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтов. 

“ҮДИЙН ЦАЙ” ХӨТӨЛБӨРИЙН ТАЛААР ХЭЛЭЛЦЭВ 

“Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаярын мэдээлэлтэй танилцав. Хуралдаанаас сүүлийн үед үүсээд байгаа нөхцөл, байдалтай холбогдуулан ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хоол, хүнсний аюулгүй баталгааг хангасан төвлөрсөн хангамжийн тогтолцоог хот, суурин газарт бүрдүүлэх, сум, орон нутгийн түвшинд тохирсон загвар бий болгох асуудлыг судлан, бодлогын санал боловсруулж 2010 оны 5 дугаар сард багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Я.Содбаатар нарт, эрсдэл учруулж болзошгүй бүтээгдэхүүнээр түр хугацаанд үйлчлэхгүй байхыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Я.Содбаатар нарт тус тус даалгав. 

Сайд Ё.Отгонбаяр “Үдийн цай” хөтөлбөр нь өрхийн амьжиргаа, хүүхдийн хичээлд суух сонирхлыг дэмжих, хичээл таслалт, сургууль завсардалтыг багасгахын зэрэгцээ боловсролын чанарын баталгааг хангах, нэн ялангуяа бага боловсролын түвшинд хүүхэд бүрт суралцах тэгш боломжийг хангахад чухал нөлөө үзүүлдэг.  

Гэвч хэрэгжүүлэх шатанд зарим алдаа, дутагдал гарч байна. Тухайлбал Улаанбаатар хотод Төмөр замын 5 дугаар цэцэрлэг, Монгол-Оросын хамтарсан сургууль, Ховд аймгийн Булган, Зэрэг сумын сургууль, Нийслэлийн БЗД-ийн 53 дугаар сургуульд хоол, хүнсээр дамжсан хоолны хордлогот өвчлөл гарч хүнсний аюулгүй байдал анхаарал татаж байна. 

Дүгнэлтээс үзэхэд :
•    Аж ахуйн нэгж, байгууллагууд хоол, хүнсээр дамжин халдварлах хоолны болон химийн хордлого үүсгэх аюултай бүтээгдэхүүн нийлүүлдэг, 
•    Аж ахуйн нэгж, сургууль төвтэй хувь хүний хариуцлагад тулгуурласан үйлчилгээний тогтолцоо нь аюулгүй байдлын баталгааг хангаж чаддаггүй,  
•    Сургуулийн байршлаас шалтгаалан мэргэжлийн хяналтын байгууллага хоол, хүнсний чанар, аюулгүй байдалд хяналт тавих бодит боломж хомс, 
•    “Үдийн цай”-ны нэг хүүхдэд ногдох /одоо 400 төгрөг/ норм хангалттай биш байгаа нь нийлүүлж байгаа бүтээгдэхүүний чанарт сөргөөр нөлөөлдөг байна. 

Иймээс “Үдийн цай” хөтөлбөрийг Улаанбаатар, Дархан, Эрдэнэт зэрэг төвлөрсөн газарт хүнсний аюулгүй байдал хангасан “Хоол хүнсний комбинат” байгуулах, хөдөө орон нутаг, сумдад тохирсон загвар бий болгох шаардлагатай байна. Хүнсний комбинат байгуулснаар мэргэжлийн байгууллагууд хяналт тавих боломж нэмэгдэж, нэгж бүтээгдэхүүний өртөгт нийцсэн илчлэг, тэжээллэг чанартай хүнсний бүтээгдэхүүнээр хүүхдэд үйлчлэх боломжтой болно гэж Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам үзэж байна гэлээ.     

ТЭРГҮҮЛЭХ 6 ЧИГЛЭЛИЙН ХҮРЭЭНД 124 ЗОРИЛТ, 499 АРГА ХЭМЖЭЭ ХЭРЭГЖҮҮЛНЭ
      
Хуралдаанаар Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогын хэрэгжилтэд эхний шатны үнэлгээ хийх төлөвлөгөө батлах тухай асуудлыг хэлэлцэж тогтоол гаргалаа. Тогтоолоор төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээний хүрээнд Үндэсний хөгжлийн цогц бодлогын хэрэгжилтэд 2010 оны 6 дугаар сарын 30-ны байдлаар эхний шатны үнэлгээ хийх бэлтгэлийг хангах арга хэмжээ авахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгав. УИХ-ын  2008 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 12 дугаар тогтоолоор Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогыг баталсан билээ.    

Энэхүү бодлогын баримт бичгийн тэргүүлэх чиглэлийн хүрээнд:
•    Монгол Улсын хүний хийгээд нийгмийн хөгжил - 29 зорилт, 129 арга хэмжээ,
•    Эдийн засгийн өсөлт, хөгжлийн бодлого - 19 зорилт, 71 арга хэмжээ,
•    Эдийн засгийн бодит салбаруудын хөгжлийн бодлого - 20 зорилт, 95 арга хэмжээ,
•    Дэд бүтцийн хөгжлийн бодлого - 27 зорилт, 97 арга хэмжээ,
•    Байгаль орчны бодлого - 6 зорилт 25 арга хэмжээ,
•    Эрх зүй, төрийн байгууллагын хөгжлийн бодлого - 23 зорилт, 8 арга хэмжээ тусгагдсан юм.

ЗАСГИЙН ГАЗРЫН МӨРИЙН ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР ХЭЛЭЛЦЭВ 

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 2009 оны хэрэгжилтийн тухай Засгийн газрын гишүүдэд танилцуулав. Хуралдаанаас Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн мэдээлэлд Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов. 

Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга нарт дараахь чиглэлээр ажиллахыг үүрэг болгов. Үүнд:
•    Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилт нь удааширсан болон тасарч буй арга хэмжээнүүдийг эрчимтэй хэрэгжүүлэх,
•    Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө, санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болгов.

Товчхон:

Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Тэргүүлэгчдийн жилийн ажлын тайлан гаргах үлгэрчилсэн журмыг шинэчлэн мөрдүүлэхийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатарт даалгав. Тайланд тусгагдсан ажлын онцлог, шинэлэг арга барил, цаашид анхаарах асуудлыг ажилдаа хэрэгжүүлж ажиллахыг аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нарт даалгав. 

•    Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжуудын талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар Засгийн газрын гишүүдэд танилцуулав. 

•    Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2009 оны худалдан авах ажиллагааны хэрэгжилтэд хийсэн үнэлгээний дүн, 2010 оны төлөвлөгөөний талаар Сангийн сайд С.Баярцогт танилцуулав. Үүнтэй холбогдуулан худалдан авах ажиллагааны хуулийн хэрэгжилтийг бүрэн хангуулах талаар авах арга зарим хэмжээний тухай Засгийн газрын албан даалгавар гаргахаар тогтов. Үнэлгээний дүнгээс үзэхэд нийт 100 оноо авах ёстойгоос 1 төсвийн ерөнхийлөн захирагч 100 оноо буюу “онцсайн”, 5 захирагч 83-96 оноо буюу “сайн”, 16 захирагч 60-76 оноо буюу “хангалттай”, 18 захирагч 40-60 оноо буюу “хангалтгүй”, 10 захирагч “муу” үнэлгээ авснаас 6 нь тайлангаа ирүүлээгүй байна. 

•     Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2009 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний биелэлттэй танилцаад зарчмын хувьд зөвшөөрч хуралдаан дээр гарсан саналыг тусган УИХ-д танилцуулахаар тогтов.

•    Монгол Улсын 2011 оны төсвийн хүрээний мэдэгдлийн тухай Засгийн газрын гишүүдэд Сангийн сайд С.Баярцогт танилцуулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр боллоо гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ. 



ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛДЫН АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА НАРТАЙ УУЛЗАЖ ХЭЛСЭН ҮГ,ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД ЗАСАГ ДАРГА НАРТ ХҮНИЙ ТӨЛӨӨ АНХААРАХЫГ САНУУЛАВ
Ерөнхий сайд “шилэн хана”-тай болохыг хүслээ
Ерөнхий сайд С.Батболд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябаотой уулзлаа
18-аас дээш насныхан хишиг, хувиа авч эхэлнэ
Гонконгод Монгол Улсын Консулын төлөөлөгчийн газрыг байгуулж, шууд нислэг хийхээр болов
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан