Шинэ оны анхны Нар их уулсын оройг дамжин Монгол орныг алгуурханаар гийгүүлж, Монгол түмэн шинэ жил, шинэ сар, шинэ өдөртэй золгон мэндчиллээ. Төрийн далбаагаа мандуулан угтсан “Анхны нар харах” ёслолд Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд, УИХ, Засгийн газрын гишүүд болон гадаад дотоодын 300 гаруй иргэд оролцлоо.
2011 оны 1-р сарын 1-ний өдрийн алтан нарны цацраг Монгол хүн бүрт ивээлээ өгч, эрч хүч, саруул оюуныг нь тэтгэн гийгүүлж, амжилт бүтээлийг нь бэлэгдэхийг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хүсэн ерөөгөөд айлчлан ирж буй энэ онд өмнөх жилүүдэд олсон амжилтаа бататгаж, шинэ ондоо төлөвлөсөн томоохон зорилтуудаа биелүүлэн, улс орноо хөгжил дэвшилд хүргэх их бүтээн байгуулалтыг эхлүүлнэ.
Монгол хүн бүрийг ажилтай, орлоготой байлгахын төлөө Засгийн газар хичээн ажиллана. Тиймээс 2011 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарлаж бодлого, зорилтоо тодорхойлоод байгаагаа дуулгаж шинэ оны анхны наранд сэтгэлийн өргөл өргөлөө.
Шинэ оны онхны нарыг харах еслол Нийслэлээс 95км-т орших “Хангай” зөрлөгт 11 дэх жилдээ болж байгаа бөгөөд энэ хугацаанд гадаад, дотоодын 3 мянга гаруй жуулчин оролцож, жилээс жилд цар хүрээ нь өргөжин тэлж байгааг төмөр замчид хэлж байна.