Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн С.Батболд, Шадар сайд М.Энхболд нар Монголын хүүхдийн ордонд болсон Харшийн сүлд модны наадмыг хүүхэд багачуудын хамт үзэж сонирхлоо. Гүйцэтгэх засаглалын тэргүүн сүлд модны наадамд хүүтэйгээ хамт ирсэн байлаа. Хүүхдийн ордны авъяаслаг багачууд шинэ жилийн баярын концертоо толилуулж өвлийн өвгөн, цасан цагаан охид, бяцхан амьтад сүлд модны наадамд ирсэн хүүхдүүдтэй мэндчиллээ.
Монгол хүүхдүүд авъяастай гэдгийг тоглолтоороо харуулсан сурагчдад Ерөнхий сайд С.Батболд талархал илэрхийлээд монголынхоо бүх хүүхдэд сурах ёстой зүйлээ сайн сурч, бүтээх ажлынхаа ард гаран зорьсондоо хүрч, эх орондоо хэрэгтэй хүн болохыг Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа хүсэн ерөөв.
Хүүхдэд эцэг, эхийн хайр халамж байдгийн адил төр засаг ч хүүхдүүддээ анхаарал тавих ёстой. 2011 он хүүхдийн төлөө олон ажил хийсэн жил байх болно гэж тэрээр хэлэв. Харшийн сүлд модны наадмын төгсгөлд Ерөнхий сайд С.Батболд, Шадар сайд М.Энхболд нар хүүхдүүдэд гарын бэлэг гардуулав гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.