Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
МОНГОЛ УЛС, ОРОС ХОЛБООНЫ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭРГҮҮН НАРЫН ХЭЛЭЛЦЭЭНИЙ ДҮНГИЙН ТУХАЙ ХАМТАРСАН АЛБАН МЭДЭЭ
/ мэдээг нийтэлсэн огноо : 2010.12.17 /
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Оросын Холбооны Улсын Засгийн газрын Дарга В.В.Путины урилгаар 2010 оны 12 дугаар сарын 13-16-нд Оросын Холбооны Улсад албан ёсны айлчлал хийв. Айлчлалын явцад 12 дугаар сарын 14-нд Монгол, Оросын Засгийн газрын тэргүүн нарын хэлэлцээ болов. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн Дарга С.М.Миронов, Холбооны Хурлын Төрийн Думын Дарга Б.В.Грызлов, Оросын зарим яам, байгууллагуудын удирдлагатай уулзав.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Санкт-Петербург хотод зочлов.

 Засгийн газрын Тэргүүн нар 2009 оны наймдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Д.А.Медведев нар гарын үсэг зурсан Стратегийн түншлэлийг хөгжүүлэх тухай Улаанбаатарын Тунхаглалын зарчим, үзэл санааны дагуу тогтвортой, эрчимтэй хөгжиж  байгаа Монгол-Оросын харилцааны байдал, төлөвийг өндөр үнэлэв. Өнөөгийн олон улсын нөхцөл байдалд Монгол-Оросын стратегийн түншлэлийг өрнүүлэх нь улс төрийн чухал ач холбогдолтой гэж Талууд үзэж байна.

Хоёр улсын удирдагчдын тохиролцоог тууштай хэрэгжүүлэх, хоёр болон олон талын хүрээнд харилцан сонирхсон салбаруудад харилцан ашигтай хамтын ажиллагааг бэхжүүлэх сонирхлоо Талууд нотоллоо. Засгийн газрын тэргүүн нар хоёр талын улс төрийн яриа хэлэлцээ, түүний дотор өндөр, дээд түвшинд ч эрчимтэй явагдаж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

Талууд 2011 онд Монгол Улс болон Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 90 жил, сансрын хамтарсан нислэгийн 30 жилийн ойг хамтран тэмдэглэхээр тохиролцлоо.Монголын тал 2009-2010 оны хатуу өвлийн хохирлыг даван туулахад буцалтгүй тусламж үзүүлсэнд Оросын Холбооны Улсад талархал илэрхийлэв.

Засгийн газрын тэргүүн нар худалдаа-эдийн засаг, эрчим хүч, хүмүүнлэгийн болон хоёр талын харилцааны бусад салбарт сүүлийн жилүүдэд гарсан ахиц дэвшлийг сэтгэл ханамжтай тэмдэглэн, Худалдаа-эдийн засаг, шинжлэх ухаан-техникийн хамтын ажиллагааны Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын үйл ажиллагааг сайшаан үнэлж, үйл ажиллагааг нь цаашид идэвхжүүлэхээр тохиролцлоо.

Монгол Улс, Оросын Холбооны Улсын Засгийн газрын тэргүүн нарын уулзалтын хүрээнд дараах баримт бичгүүдэд гарын үсэг зурав
• Монгол - Оросын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг 2011-2015 онд хөгжүүлэх Хөтөлбөр
• Бүс нутаг болон хил орчмын нутгийн хамтын ажиллагааг 2011-2012 онд эрчимжүүлэх нэн тааламжтай эрх зүй, худалдаа-эдийн засгийн болон бусад нөхцлүүдийг бүрдүүлэх арга хэмжээний  төлөвлөгөө
• Насанд хүрээгүй иргэдийн цэргийн бэлтгэл хангах нэмэлт хөтөлбөр бүхий боловсролын байгууллагад насанд хүрээгүй иргэдийг бэлтгэх тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын Хэлэлцээр
• Оросын Холбооны Улсын өмнө Монгол Улсын хүлээх санхүүгийн үүргийг зохицуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын Хэлэлцээр
• Монгол Улсын ачааг ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжуулан тээвэрлэх тухай Монгол Улсын Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам,  ОХУ-ын Зам тээврийн яамны хоорондын Санамж бичиг
• Эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Эрдэс баялаг, эрчим хүчний яам, ОХУ-ын Эрчим хүчний яам хоорондын Санамж бичиг
• Газрын хэвлийн геологийн судалгаа болон ашиглалтын тухай Монгол Улсын Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Оросын Холбооны Улсын Байгалийн баялаг, байгаль орчны яамны хооронд хамтран ажиллах тухай Санамж бичиг
• «Дорнод уран» хязгаарлагдмал хариуцлагатай хамтарсан компани байгуулах зарчмын нөхцлүүдийн тухай Хэлэлцээр
• Монгол Улсын бүртгэлийн ерөнхий газар болон Оросын Холбооны Улсын Хууль зїйн яамны Улсын бүртгэлийн танхим хоорондын хамтын ажиллагааны Хэлэлцээр
• Орос Улстай хамтран ажиллах ажил хэргийн зөвлөл (Монгол Улс), Монгол Улстай хамтран ажиллах ажил хэргийн зөвлөл (Оросын Холбооны Улс)хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг
• Монгол Улсын Иргэний Нисэхийн Ерөнхий газар,  “Ильюшн Финанс Ко” нээлттэй хувьцаат компанийн хоорондын Харилцан ойлголцлын Санамж бичиг

Дэлхий нийтийг хамарсан хямралын үр дагавраас улбаалан олон улсын зах зээл тогтворгүй байгаа хэдий ч Монгол Улс, Оросын Холбооны Улсын хоорондын худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагаа хамтын хүчин чармайлтын дүнд нааштай хандлагатай байгааг Талууд тэмдэглэв. Хоёр талын худалдаа сэргэж өсөх шатанд явагдаж, үзүүлэлтүүд нь хямралын өмнөх түвшинд дөхөж ойртов. Оросын Холбооны Улс Дэлхийн худалдааны байгууллагад даруйхан элсэхийг Монгол Улс дэмжиж байна. Хоёр талын худалдааг либералчилж, өргөжүүлэх зорилгоор Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах нөхцөл боломжийг судалж үзэхээр Талууд тохиролцов.

Хоёр улсын нийгэм-эдийн засгийн хөгжил, тэдгээрийн үндэсний эдийн засгийг шинэчлэх зорилгод нийцсэн худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагааны өндөр эрч хүчийг хангахад чиглэсэн хамтын хүчин чармайлтаа цаашид ч гаргахыг Талууд зорьж байна. Энэ үүднээс Талууд дараахыг тохиролцов:
-Монгол-оросын худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагааг 2011-2015 онд хөгжүүлэх Хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэх,
-Монгол Улс, Оросын Холбооны Улсын хил орчмын болон бүс нутгийн хамтын ажиллагааг цаашид эрчимжүүлэх үүднээс  нэн тааламжтай эрх зүй, худалдаа-эдийн засгийн болон бусад нөхцөлийг бий болгох 2011-2012 оны арга хэмжээний Хамтарсан төлөвлөгөөг хэрэгжүүлж эхлэх,
-Монгол Улсын эдийн засагт мэдэгдэхүйц үүрэг гүйцэтгэж байгаа Монгол-Оросын хамтарсан үйлдвэрүүд “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн үр ашгийг дээшлүүлэх нэмэлт арга хэмжээ боловсруулах,
-Монгол Улсын Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам болон Оросын Холбооны Улсын Тээврийн яамны хооронд Монгол Улсаас Оросын Холбооны Улсын нутгаар дамжуулан ачаа тээвэрлэх тухай харилцан ойлголцлын Санамж бичгийн үндсэн дээр  Засгийн газар хоорондын хэлэлцээрт ойрын үед гарын үсэг зурах,
-Монгол-оросын “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дүрмийн санг тэнцүү хэмжээгээр 250 сая ам.доллараар нэмэгдүүлэх асуудлыг зохицуулах. Энэ нь тус газрыг ихээхэн хэмжээгээр шинэчлэх боломж олгож, Монгол Улсын төмөр замын дэд бүтцийн хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тус дөхөм үзүүлнэ.
-2011 оны хавар-зуны улиралд үйл ажиллагаа явуулах боломжийг харгалзан Монголын нөөц баялгийг олборлож ашиглах хүрээнд Монгол-Оросын “Дэд бүтцийн хөгжил” ХХК болон түүний түншүүд “УБТЗ”-тай холбогдох шинэ төмөр зам байгуулах ажилд оролцох нөхцөл, мөн Монгол Улсаас уул уурхайн бүтээгдэхүүнийг Оросын Холбооны Улсын алс дорнодын боомтуудад дамжин тээвэрлэх, түүний дотор төмөр замын урт хугацааны хөнгөлөлттэй тариф тогтоохтой холбогдсон асуудлыг тохиролцох,
-Тохиролцсон зарчмуудын үндсэн дээр хамтарсан “Дорнод уран” ХХК-ийг үүсгэн байгуулах тухай баримт бичгүүдэд гарын үсэг зурах,
-Хөдөө аж ахуйн салбар дахь хил орчмын болон бүс нутгийн харилцан ажиллагааны боломж  болон Оросын Холбооны Улсад нийлүүлэх Монголын мах, махан бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх зорилгоор монгол малыг эрүүлжүүлэх хүч чармайлтад онцгой анхаарал хандуулан хоёр улсын харилцааны уламжлалт чиглэлүүдийн нэг болох энэхүү салбарт хамтын ажиллагаа хөгжүүлэх,
-Монгол Улсын Засгийн газрын “100000 айлын орон сууц” Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Оросын барилгын компаниудыг үргэлжлүүлэн оролцуулах тухай Монголын талын саналыг шуурхай авч үзэх,
-Монгол Улсын Оросын Холбооны Улс дахь, Оросын Холбооны Улсын Монгол Улс дахь үл хөдлөх хөрөнгийн асуудлууд болон газар ашиглах нөхцлийн талаар харилцан хүлээн авч болохуйц шийдвэрийн хувилбаруудыг олох ажлыг үргэлжлүүлэх; хоёр улсын үндэсний хууль тогтоомжтой нийцүүлэн Улаанбаатар, Дархан хотод байгаа орон сууцны 8 байрыг Оросын талаас Монголд үнэ төлбөргүй шилжүүлэн хүлээж авах баримт бичгүүдийг бэлтгэх;

Хоёр улсын хооронд цэргийн болон цэрэг-техникийн хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байгааг Засгийн газрын Тэргүүн нар сэтгэл ханамжтай тэмдэглэв. Монголын тал Оросын Холбооны Улсад Монголын зэвсэгт хүчний зэвсэглэл, цэргийн техникийг шинэчлэх, боловсон хүчнийг бэлтгэхэд дэс дараатай тусламж үзүүлж байгаад талархал илэрхийлэв. Хоёр тал Монгол-Оросын  «Дархан»  цэргийн хамтарсан сургуулийн  дүнг өндрөөр үнэлээд ийм төрлийн цэргийн хамтарсан сургууль, тухайлбал Монгол болон Оросын нутаг дэвсгэрт терроризмын эсрэг ажиллагаа явуулах үед хоёр улсын цэргийн анги салбарууд хамтран ажиллах арга замыг боловсруулах сургуулилтыг  тогтмол зохион байгуулах ажлыг үргэлжлүүлэхийн төлөө байгаагаа Талууд илэрхийлэв.

Хүмүүнлэгийн салбарт, түүний дотор Монголын иргэдийг Оросын их дээд сургуулиудад суралцуулах тоо хэмжээг  нэмэгдүүлэх, Монгол дахь Оросын их дээд сургуулиудын салбаруудад мэргэжилтэн бэлтгэх, давтан бэлтгэх, сургалтын хөтөлбөр солилцох, шинжлэх ухаан, соёл, боловсролын  зүтгэлтнүүдийн хооронд харилцаа холбоог өргөжүүлэх салбарт Монгол Улс, Оросын Холбооны Улс  хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ.

Монгол Улс болон Орос Улс  олон улс, бүс нутгийн тулгамдсан асуудлуудаар ойролцоо буюу  ижил байр суурьтай байгааг хоёр улсын Засгийн газрын Тэргүүн нар тэмдэглэлээ. Талууд олон улсын аюулгүй байдлыг хангах, үй олноор хөнөөх зэвсгийг үл дэлгэрүүлэх, дэлхий нийтэд заналхийлсэн олон улсын терроризмын бүхий л хэлбэр илрэл, үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг, хар тамхины наймаа, хууль бус зэвсгийн болон хүний худалдаатай тэмцэх салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.

Оросын тал Монгол Улсаас олон улсын болон бүс нутгийн талбарт хийж буй ихээхэн  санаачилгатай алхмууд болон олон улсын харилцааны системд гүйцэтгэж байгаа үүрэг, тухайлбал далайд гарцгүй  орнуудын дунд өсч байгаад баяр хүргэв. Ази-Номхон далайн бүс нутгийн интеграцийн үйл явцад Монгол Улс, Оросын Холбооны Улс оролцохын чухлыг Талууд онцлон тэмдэглэлээ. Үүнтэй холбогдуулан шинээр гишүүн элсүүлэх хориг цуцлагдсаны дараа “Ази,Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагаа”-ны чуулга уулзалтад нэгдэж оролцох Монгол Улсын төлөвлөгөөг дэмжинэ гэдгээ Оросын тал дахин илэрхийллээ.

Засгийн газрын тэргүүн нар Солонгос хоорондын харилцаанд хурцадмал байдал газар авсанд сэтгэл түгшиж байгаагаа илэрхийлэв. Өөр хоорондын бүхий л асуудлыг тус тусын хууль ёсны эрх ашгийг харгалзан яриа хэлэлцээний замаар улс төр-дипломатын аргаар шийдвэрлэхийг БНСУ, БНАСАУ-д уриаллаа. Талууд Зүүн хойд Азийн бүс нутагт энх тайван, тогтвортой, аюулгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтой, Солонгосын хойгийн цөмийн зэвсгийн асуудлаарх зургаан талт хэлэлцээг сэргээх нэн  шаардлагатай байгаад анхаарлаа онцлон хандууллаа. Чингэхдээ БНАСАУ НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 1718 болон 1874 дугаар тогтоолуудын шаардлагуудыг бүрэн дүүрэн биелүүлэх ёстой гэж Талууд үзэв.

Талууд бүс нутгийн аюулгүй байдлыг хангах чухал хүчин зүйл болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хүрээнд хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлнэ.  Ажиглагч улсын хувьд ШХАБ-д улам бүр жинтэй үүрэг гүйцэтгэхэд чиглэсэн Монгол Улсын  эрмэлзлэлийг Оросын Холбооны Улс сайшаан хүлээж авав.

Монголын тал олон улсын эрх зүйн зарчим, эвсэлд үл нэгдэх үндсэн дээр, бүс нутгийн улс орнуудын хууль ёсны эрх ашгийг харгалзсан аюулгүй байдал, хамтын ажиллагааны нээлттэй, ил тод, эрх тэгш тогтолцоог Ази, Номхон далайн бүс нутагт бий болгох тухай орос-хятадын санаачлага чухал ач холбогдолтойг Монголын тал тэмдэглэв.

Оросын тал цөмийн зэвсэгтэй бусад улс орнуудтай хамтран Монголын цөмийн зэвсэггүй статусын баталгаатай холбоотой асуудлаар Монголын талтай яриа хэлэлцээ үргэлжлүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ.Талууд дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн асуудалд ач холбогдол өгч байгаагаа нотоллоо. Тэд уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын конвенци, Киотогийн протоколоор баталсан зарчмууд, тэр дундаа “нийтээр боловч ялгаатай хариуцлага хүлээх” зарчмыг цаашид тууштай мөрдөх болно.

Талууд НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн талаарх Бага хурлын (Канкун, 2010 оны 12 дугаар сар) үр дүнг харгалзан уг салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхэд бэлэн байна. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд халуун дотноор хүлээн авсанд ОХУ-ын Засгийн газрын Дарга В.В.Путинд талархал илэрхийлээд түүнийг тааламжтай цагтаа Монгол Улсад айлчлахыг урилаа. Урилгыг талархан хүлээн авлаа. Айлчлалын хугацааг  дипломат шугамаар товлоно.

Москва хот   2010 оны 12 дугаар сарын  14-ний өдөр



ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
С.БАТБОЛД: КАТАР УЛСТАЙ ЭДИЙН ЗАСГИЙН ХАРИЛЦААГАА ХӨГЖҮҮЛЭХ БОЛОМЖ БАЙНА
С.Батболд: Монгол Улсыг зах зээлийн бус статустай орны жагсаалтаас гаргах галт тэрэг хөдөллөө
“АТРЫН III АЯН”-ЫГ “ХҮНСНИЙ БАТАЛГААТ БАЙДАЛ” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд “Монгол Улс ба Зүүн Хойд Ази” сэдвээр лекц уншив
Эрмитажийн монгол үзмэрүүд Ерөнхий сайдын анхааралд орлоо
ХУУЛИЙН ТӨСЛҮҮДИЙГ ӨРГӨН БАРИВ
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан