Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэл худалдаа, аялал жуулчлал хөгжихийн хэрээр даяаршлын их давалгаан дунд Монголчуудын үнэт зүйл, нийгмийн баялаг болох үндэсний өв соёл, ёс заншил, түүх дурсгалаа дээдлэн хадгалж, уламжлал шинэчлэлийг зөв зохистой хослуулсан хөгжлийн зөв гарц хэрэгтэй байгаа талаар УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд М.Энхболд өнөөдөр залуу эрдэмтэдтэй уулзахдаа хэллээ.
Мөн манай орны онцлогт тохирч, монгол хөрсөнд нутагшсан, монгол хүний оюун ухаан, эрдэм мэдлэг, мэргэжлийн ур чадвар, идэвхи зүтгэл, үндэсний бахархал, эх оронч үзэл, итгэл үнэмшилд суурилсан нийгмийн чиг баримжаа бүхий хөгжлийн шинэ технологи ус агаар мэт хэрэгтэй байна гэж Төв аймагт болсон “Төв нутгийн хөгжил-эрдэм судлал” хурлыг нээж хэлэхдээ тэрбээр онцоллоо.
Залуу эрдэмтэн судлаачдын онол практикийн бага хурлыг Төв аймгийн Засаг даргын Тамгын газар, “Эх нутгийн иргэд” төрийн бус байгууллага болон Нутгийн залуучуудын холбоо хамтран анх удаа зохион байгууллаа. Тус хурлын үеэр шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Шинжлэх ухааны академийн Газар зүйн хүрээлэнгийн захирал, академич, доктор профессор Д.Доржготовт хүндэтгэл үзүүлэн дурсгалын зүйл гардууллаа.