Манай улсад ажиллах хугацаа нь дуусч бүрмөсөн нутаг буцах болсонтой нь холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2010 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгчийн газрын захирал Адриан Рутенбергийг хүлээн авч уулзав. Азийн хөгжлийн банк манай улсыг зах зээлийн харилцаанд шилжсэн цагаас эхлэн тууштай дэмжиж, олон төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн. Үүнд Суурин төлөөлөгчийн газрын захирлын оруулсан хувь нэмэр их гэдгийг Ерөнхий сайд уулзалтын эхэнд тэмдэглэлээ.
Засгийн газар Азийн хөгжлийн банктай хамтарч боловсрол, хөдөө аж ахуй, хүний хөгжлийн чиглэлээр хамтран ажиллаж үр дүнд хүрч байна. Эдийн засгийн өсөлтийг иргэддээ ашигтайгаар хүртээхийг зорьж байгаа энэ үед Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк зэрэг олон улсын санхүүгийн байгууллагатай хамтран ажиллах нь чухал байна гэж тэрээр хэлэв.
Манай улсад ажиллах 4 жил гаруй хугацаандаа олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, монголчуудын сайн сайхны төлөө багагүй зүйл хийсэн гэдэгт найдаж байгаагаа суурин төлөөлөгч Адриан Рутенберг илэрхийлээд Монгол Улсын эдийн засаг хурдацтай хөгжиж байгааг онцлон тэмдэглэв.
Азийн хөгжлийн банк манай улсад хэрэгжүүлж байгаа тээвэр, хөдөөгийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн салбар дахь хөтөлбөрөө үргэлжлүүлнэ. Хэдийгээр бүрмөсөн нутаг буцаж байгаа ч Монгол Улсын хөгжлийн төлөө өөрөөс шалтгаалах бүхнээ хийх болно гэж суурин төлөөлөгч Адриан Рутенберг хэллээ.
Азийн хөгжлийн банк 1991 оноос хойш манай улсад 36 төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн бөгөөд 700 гаруй сая ам долларын зээл, 300 орчим сая ам долларын буцалтгүй тусламж үзүүлсэн юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.