Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2010 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр ХБНГУ-ын Батлан хамгаалахын сайд Карл Теодор Фрайхер цу Гуттенберг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Хоёр орны хооронд тогтоосон иж бүрэн түншлэлийн харилцаа, түүний дотор батлан хамгаалахын салбар дахь харилцаа, хамтын ажиллагаа өдрөөс өдөрт эрчимтэй хөгжиж байна. Манай улсыг ардчилал, зах зээлийн харилцаанд шилжсэн цагаас эхлэн туслаж, дэмжиж ирсэн ХБНГУ нь Европ дахь бидний түнш орон гэж Ерөнхий сайд тэмдэглэв.
Хоёр тал цэргийн шинэчлэл, эмнэлэг, боловсон хүчин сургах зэрэг чиглэлээр хамтарч байгааг тэрээр хэлээд цаашид хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулахад анхаарахыг ХБНГУ-ын Батлан хамгаалахын сайдаас хүслээ. Мөн ирэх жил тохиох Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 100, Ардын хувьсгалын 90 жилийн ойн арга хэмжээнд ХБНГУ-ын Канцлер Ангела Меркелийг урьж байгааг уламжлахыг хүсэв.
Германы цэргүүд монголын дайчидтай Афганистан Улсад мөр зэрэгцэн энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа нь бидний хувьд нэр төрийн хэрэг. Монгол цэргүүдийн тэсвэр хатуужил, эр зоригийг их үнэлж байна гэж ХБНГУ-ын Батлан хамгаалахын сайд хэллээ. Цаашид хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө зүтгэх болно гэлээ хэмээн Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.