Орон сууцны барилгын ажлыг зургаан дүүрэгт зэрэг эхлүүлнэ
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2010-05-04-ний өдөр нийслэлийн Сүхбаатар, Баянгол дүүргийн зарим байгууллагын ажилтай танилцлаа. Тэрбээр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутагт Гэр хорооллыг барилгажуулах ажлын хүрээнд хийгдэж айл өрхийг шилжүүлэн суурьшуулах ”300 айлын орон сууц”-ны шав тавих ёслолын ажиллагаанд оролцов. Гэр хорооллыг барилгажуулах хөтөлбөрийн хүрээнд өөрийн өмчлөл, эзэмшил, ашиглаж буй газраа эргэлтэд оруулж, орон сууцаар солих айл өрхийг түр байршуулах зорилго бүхий энэхүү 300 айлын хоёр орон сууцыг 2010 онд багтаан ашиглалтад оруулах төлөвлөгөөгөө Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр танилцууллаа.
Монгол Улсын Засгийн газрын тэргүүн С.Батболд шав тавих ёслолын ажиллагааны үеэр нийслэлийн зургаан дүүрэгт иргэдийг түр суурьшуулах орон сууцны барилгын ажлыг эхлүүлэх боломжийг судалж ойрын үед шийдвэрлэх үүрэг чиглэлийг хотын удирдлагуудад өгөөд “Засгийн газраас бодлого боловсруулж дэмжинэ” гэлээ. Ерөнхий сайд С.Батболд дараа нь Улаанбаатар хотын Нийтийн номын сан дахь Өрхийн бичил аж ахуйг дэмжих “Cold agro” төслийн үйл ажиллагаатай танилцаж, өрхийн аж ахуй эрхэлдэг иргэдтэй уулзаж ярилцлаа.
ЭМ ҮЙЛДВЭРЛЭГЧИДТЭЙ УУЛЗЛАА
Ерөнхий сайд С.Батболд Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороонд байрлах “Монос мойл” эмийн санд очлоо. Тэрбээр нийслэлийн иргэдийн эмийн хангамж, чанар, үнэ ханштай танилцаж, эм үйлдвэрлэгчидтэй уулзаж ярилцахдаа “Ханиад томууны үеэр эмийн үнийн хөөрөгдөл гарч байна. Зайлшгүй шаардлагатай эмийн үнийн дээд хязгаарыг Засгийн газар тогтооно гэж Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгагдсан, УИХ-аар хэлэлцэж байгаа. Хэрэв энэ хууль батлагдвал эмийн үнийг хиймлээр хөөрөгдөх үндэсгүй болно” гэсэн юм.
Мөн “Засгийн газар дотоодын үйлдвэрлэлээ дэмжих, иргэдээ чанартай бүтээгдэхүүнээр хангах, үнийн дээд хязгаар амьдрал дээр үйлдвэрлэгчдээ дампууруулахгүй байх хувилбар бүхий журам гаргах учиртай. Бодлого журам нь тодорхой, ойлгомжтой бол эмийн үнийн гэнэтийн өсөлт, үнийн хөөрөгдөл, чанаргүй эмийн хангалтаас ард иргэдээ хамгаалах боломж гарна. Энэ чиглэлээр Эрүүл мэндийн яам, холбогдох мэргэжлийн байгууллагууд үйлдвэрлэгчидтэйгээ ярилцаад ямар арга хэмжээ авах талаар санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд оруулж ирэхийг Эрүүл мэндийн сайдад үүрэг болгож байна” гэлээ.
ӨРГӨН ХЭРЭГЛЭЭНИЙ БАРААНЫ ҮНЭД ЗОХИЦУУЛАЛТ ХИЙХ ШААРДЛАГАТАЙ
Ерөнхий сайд С.Батболд Баянгол дүүргийн 18 дугаар хороонд байрлах “Таван эрдэнэ” захаар орж иргэд, худалдаа эрхлэгчидтэй уулзаж ярилцав. “Таван эрдэнэ” захад хүнсний бүтээгдэхүүний үнэ бусад захынхтай харьцуулахад харьцангуй өндөрт тооцогддог учир Ерөнхий сайд энэ захыг сонгосон байна. Атрын 3 дахь аяны үр дүнд гурил, төмс боломжийн үнэтэй байгаа бол махны үнэ эрс өсч адууны кг мах 4000 төгрөгт хүрч, үхрийн мах 6000 төгрөг хэдийнэ давжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 13-14 хувиар өссөн гэсэн үг юм.
Иргэд ч Ерөнхий сайдад хандан махны үнийн өсөлтөд анхаарахыг хамгийн түрүүнд хүсч байлаа. Цаашид мах, гурил, элсэн чихэр, будаа, ногоо зэрэг хүнсний гол нэрийн барааны үнэд төрөөс зохицуулалт хийж, үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байх чиглэлээр ямар арга хэмжээ авах талаар санал боловсруулж Засгийн газарт танилцуулахыг Ерөнхий сайд нийслэлийн удирдлагуудад үүрэг болгов.
Ерөнхий сайд дараа нь Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутагт байрлах “Жаст Агро” компанийн “Мах маркет” үйлдвэрт очиж нийслэлчүүдийн хэрэгцээнд зориулсан нөөцийн мах бэлтгэсэн байдалтай танилцлаа. 2009 оны байдлаар “Жаст Агро” ХХК дотоодын махны худалдааны 32.3%, махны хадгалалтын 30%, мал нядалгааны 26%, махны экспортын 40% -ийг дангаараа хариуцаж байна.
“Мах маркет” үйлдвэр ямааны нэг кг махыг 1900, хонины махыг 2900 төгрөгөөр тооцон 167 цэгээр дамжуулж хэрэглэгчдэд шууд нийлүүлдэг. Хэдийгээр жил бүр нөөцийн мах бэлтгэдэг ч хөрөнгө мөнгөний боломжоос шалтгаалан шаардлагатай хэмжээнд хүртэл мах нөөцөлж чадахгүй байгаа тухай нийслэлийн удирдлагууд Ерөнхий сайдад танилцуулав. Жилд 16 мянган тонн мах бэлтгэн нийлүүлбэл нийслэлчүүдийн махны эрэлт, хэрэгцээг хангаж, үнийн хөөрөгдлийг таслан зогсоох боломжтой гэж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр хэллээ.
ЖИЖИГ ГЭЛТГҮЙ ЯМАР Ч АСУУДАЛД АНХААРЪЯ
Ерөнхий сайд С.Батболд Нийслэлийн нутгийн захиргааны “Хангарьд” ордонд нийслэлийн удирдах ажилтнуудтай уулзав. Төр, засгийн хэмжээнд нийслэл хотын хөгжлийн талаар авч хэрэгжүүлэх бодлогын шинжтэй асуудлаас гадна цаг үеийн ажлын талаар Ерөнхий сайд үүрэг, даалгавар өглөө. Зам засвар зэрэг бүтээн байгуулалтын ажлын сонгон шалгаруулалтыг ил тод болгон хугацаанд нь зарлаж байх, аливаа ажлын стандарт, гүйцэтгэлийн хяналтыг хэвшүүлж, мөрдүүлэхийг онцгойлон анхааруулав.
Мөн тэрбээр “Төрийн байгууллагын дунд шатныхны ажлыг дүгнэхдээ иргэдэд хөнгөн шуурхай үйлчилж, аливаа гомдол, саналыг хэрхэн шийдвэрлэсэн зэргийг гол үзүүлэлт болгоё. Хяналтын байгууллагуудын давхардсан ажил, үүргийг авч үзэх, дүрэм, журмаа ойлгомжтой, нээлттэй, хяналт, шалгалт, бүртгэлийн системээ боловсронгуй болгож хялбаршуулах, нэг цонхны үйлчилгээ нэвтрүүлэх чиглэлээр ямар ажил хийхээ Засгийн газарт танилцуулах хэрэгтэй.
Нийслэлийн хамгийн том асуудал ажилгүйдлийг шийдвэрлэх ямар арга хэмжээ авч байгаа талаар нийслэл, дүүрэг, хорооны хэмжээнд авч үзэж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого Засгийн газар, нийслэлийн хэмжээнд хэрхэн уялдаж байгааг ч авч үзэх ёстой. Хувиараа бизнес эрхлэх, өрхийн үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр хийж байгаа ажлаа улам өргөжүүлье. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний дагуу нийслэлд ажилчин бэлтгэх ажил эхэлсэн. Үүнийг бүх шатандаа өргөжүүлэхэд анхаарах хэрэгтэй” гэв.
Тэрбээр цааш нь “Амьжиргааны түвшинг сайжруулах чиглэлээр хийх ажил багагүй байна. Эм, эмийн чанар, түүнд тавих хяналт, шалгалтыг сайжруулъя. Хүнсний хангамж, тухайлбал мах зэргийг Улаанбаатар хот руу хэрхэн оруулж нийлүүлж байх, түүнд тавих хяналтаа хялбаршуулахад анхаарах хэрэгтэй. Хот тохижилтын чиглэлээр багагүй ажил хийж байна. Нийслэлийн хэмжээнд ногоон бүс, ногоон байгууламж гэж байнга ярьдаг байх ёстой. Газар олгочихоод дараа нь тохижилт, ногоон байгууламжийн ажилд нь шаардлага тавихгүй байна. Дүүрэг, хороо бүр хог цэвэрлэгээ, тохижилтын талаар системтэй болох хэрэгтэй.
Арга ядахад л хүн олноор очдог Хийморийн овоогоо цэвэрлэж, тохижуулчихвал нийслэлчүүдийн сүлд хийморь нь ч өөдөө байна шүү дээ. Энэчлэн жижиг гэлтгүй ажилд анхааръя. Хөрсний усыг ашиглах аливаа санал, санаачилгыг дэмжиж ажиллах шаардлагатай. Иргэдийг бухимдуулж байгаа автомашины түгжрэлийг хэрхэн оновчтой шийдэх, цагийн хуваарийг хэтрүүлэн ажилладаг баар, цэнгээний газрууд, архидан согтууралт зэрэгтэй хэрхэн тэмцэх юм. Төвлөрлийг сааруулах зорилгоор хийж байгаа ажлууд тухайлбал, оюутны хотхоныг хотоос зайдуу байгуулах төлөвлөлтийг нийслэлийн удирдлагууд шуурхай боловсруулж оруулж ирэхэд анхаарах хэрэгтэй байна” гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.