Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Ази-Номхон далайн орнуудын парламентын 19 дүгээр чуулганд оролцож байгаа орнуудын төлөөлөгчдийн тэргүүн нарыг 2011 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Төрийн ордонд хүлээн авч уулзахдаа Ази-Номхон далайн орнуудын парламентчид Монголд чуулж байгаа нь Монгол Улсын хувьд нэр төрийн хэрэг гэж цохон тэмдэглэв.
Энэ чуулган нь оролцогч орнуудын парламент хоорондын харилцаа төдийгүй бүс нутгийн хөгжлийн хамтын ажиллагааг урагшлуулахад ихээхэн хувь нэмэр оруулна. Монгол Улс 2011-2013 онд Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг даргалах бөгөөд чөлөөт худалдаа, хөрөнгө оруулалт, байгаль орчны салбарт илүү идэвхтэй үйл ажиллагаа явуулах сонирхолтой байна. Бүс нутаг, Зүүн Ази, Зүүн хойд Азид стратегийн тогтвортой байдлыг бэхжүүлэх, эдийн засгийн интеграцийг нэмэгдүүлэхэд чиглэсэн бүс нутгийн орнуудын бодлогыг Монгол Улс тууштай дэмжиж, үр ашигтай оролцохыг зорьж байна гэж Ерөнхий сайд хэлэв.
Мөн Зүүн хойд Азийн асуудлыг хэлэлцэж байх албан ёсны механизм бий болгох тухай 2000 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 55 дугаар чуулганы үеэр гаргасан Монгол Улсын саналыг дэмжихийг төлөөлөгчдийн тэргүүн нараас хүслээ. Ази-Номхон далайн орнуудын парламентын чуулган нь нийтийн ашиг сонирхол, улс төр, эдийн засгийн асуудлаар бүтээлч яриа хэлэлцээ өрнүүлэх, итгэлцэл бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулдагаа харуулсаныг тэрээр тэмдэглээд энэ удаагийн чуулган, чуулганаас дэвшүүлэх зарчмуудыг хэрэгжүүлэх ажилд амжилт хүсэв.
Чуулганаар бүс нутгийн аюулгүй байдал, улс төр, эдийн засгийг асуудлыг хэлэлцдэг бөгөөд энэ удаа 17 орны 260 орчим төлөөлөгч ирсэн байна. Манай улс энэ чуулганд бүс нутгийн эдийн засаг, худалдаа, хүнсний болон эрчим хүчний аюулгүй байдал, уур амьсгалын өөрчлөлт, гамшгийн үеийн хамтын ажиллагаа гэсэн 6 тогтоолын төслийг хэлэлцүүлэх юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.