2010 оны 1 дүгээр сарын 19-ний байдлаар улсын хэмжээнд 1,071,121 /Нэг сая далан нэгэн мянга нэг зуун хорин нэгэн мянга/ мал хорогдсон бөгөөд нийт нутгийн 90 хувь нь цасан бүрхүүлтэй. 19 аймгийн 198 суманд өвөлжилт хүндэрснээс 8 аймгийн 94 суманд байдал онцгой хүнд байна. Өвөрхангай аймгийн Сант, Баянгол, Баян-Өндөр, Төгрөг сум гамшгийн зэрэгт хүрсэн бол Хархорин, Хужирт, Бат-Өлзий суманд байдал хүндэрчээ. Баянхонгор аймагт гамшгийн хэмжээнд хүрээгүй ч 13 суманд өвөлжилт хүндэрсэн, Ховд аймгийн Алтай, Булган, Үенч суманд гамшиг нүүрлэж 7 суманд хүнд байна.
Говь-Алтай аймгийн 13 сум гамшгийн байдалтай байгаа бол Баян-Өлгий аймагт 4 сум зудтай, Сагсай суманд өвөлжилт хүндэрчээ. Увс аймагт гамшиг нүүрлээгүй ч 15 суманд өвөлжилт хүндрээд байгаа тухай Онцгой байдлын ерөнхий газрын дэд даргаар ахлуулсан үнэлгээний ажлын хэсэг мэдээлсэн байна. Өвөлжилт хүндэрсэн Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Дундговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Увс, Төв, Ховд, Хөвсгөл аймагт 7303 өрхийн 21.560 хүн /үүнээс 7620 хүүхэд, 2778 өндөр настан, 831 жирэмсэн эх/ отроор явж байгаа бөгөөд 8880 хүн эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах боломжтой.
Гэвч цөөнгүй иргэд тусламж, үйлчилгээ авахад хүндрэлтэй, хоол хүнс, түлш, өвс, тэжээлийн дутагдалд оржээ. Нийт 26 суманд хүн эмнэлгийн автомашин шаардлагатай байна. Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга М.Энхболд болон Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар нар өвөлжилт хүндэрсэн аймгуудын удирдлагатай 2010 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр видео хурал хийж цагийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцэв гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.