Өвөлжилт хүндэрсэн нутагт аймаг, сумын нутгийн зөвлөлүүд хандив тусламж цуглуулах аян ид өрнөж байна. Засгийн газраас байгуулсан Хандивын ажлын хэсэг хандив болон дансны дугаарыг мэдээлж байна. Архангай аймгийн сумын нутгийн зөвлөлүүд тус бүр хоёр сая төгрөг өгөх хөдөлгөөн өрнүүлж байна. Эрдэнэбулган сумын нутгийн зөвлөл малчдадаа хоёр сая төгрөгийн бараа хүргэхээр бэлэн болгожээ. АНУ-ын Чикаго хотод байгаа Архангайн харьяат иргэд хандив өргөн туслахаа мэдэгдсэн байна. Архангайчуудад туслах, хандив өргөх дансны дугаар “ХААН” банк 5021274880
Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын нутгийн зөвлөл 14 сая төгрөг сумандаа хүргүүлсэн бол Баянговийн нутгийн зөвлөл гурван сая, Жинст сумынх таван сая төгрөг цуглуулжээ. Нутгийн зөвлөлийн гишүүдээс гадна тухайн аймаг суманд төрж өссөн, тэнд ажиллаж байсан бизнесмэнүүд нутаг орондоо тусалж байна. Тухайлбал, “МСS” компани 40 тн спиртын шаар өгөхөөр аймгийнхаа нутгийн зөвлөлд амласан бол “НИК” компани хоёр сая төгрөгийн шатахууны эрх гардуулжээ. Хандивын данс “ХААН” банк 5003005250.
Говь-Алтай аймгаас УИХ-д сонгогдсон Ц.Дашдорж гишүүн энэ сарын 25, 26 нд 4200 айл өрхөд тус бүр 10 кг гурил, 500-1000 өрхөд нийт таван сая төгрөгийн өртөг бүхий нэн шаардлагатай эм, тариа хүргүүлнэ. Говь-Алтайн уугуул, Д.Ганбаатар захиралтай “МАКС” групп Баян-Уул, Бигэр суманд 30 сая төгрөгийн үнэ бүхий хүнсний бүтээгдэхүүн, ОХУ-д үйлдвэрлэсэн богино долгионы 1100 радио малчдад хүргүүлэх гэж байна. “НИК” компани Говь-Алтайнханд гурван сая төгрөгийн шатахуунаар туслах боллоо.
Дундговь аймгийнхан хандив тусламж цуглуулах цуврал арга хэмжээ зохион байгуулах гэж байна. Энэ сарын 25-нд 100 бизнес эрхлэгчийн хандивын хүлээн авалт, үүнээс тав хоногийн дараа дуу хуурын өлгий Дундговьчууд Улсын циркт урлагийн тоглолт зохион байгуулна. Дэлгэрцогт сумын нутгийн зөвлөл гурван сая төгрөг цуглуулан Засаг даргад нь хүлээлгэж өгөв. “Мейжор дриллинг групп интернэшнл инк” компаниийнхан нэг өдрийн цалин болон 12 сая төгрөгийг Гурвансайхан сумын малчдад тусламж болгон өгөхөөр шийдэв. Дундговьчуудад туслах хандивын дансны дугаар “ХААН” банкны “Ард” салбар, 5007401668.
Завхан аймгийн Дөрвөлжин, Завханмандал, Алдархаан суманд “Вожер гоулд” ХХК 7.5 сая төгрөгийн туслалцаа үзүүлжээ. Өвөрхангай аймгаас төрсөн улсын аварга бөхчүүд хамтран гурван сая төгрөг өгсөн бол АПУ компани 380 тн спиртийн шаарыг өөрсдөө тээвэрлэн нутгийнхандаа хүргэв.
Өвөрхангай аймгийнханд туслах хандивын дансны дугаар Монголшуудан” банк 10000013861.
Өмнөговь аймгийн “Өмнөговийн залуучуудын хөгжлийн төв” ТББ-аас “Өгөөмөр сэтгэлээ өмнийн говийнхондоо” хандивын сарын аяныг аймгийн нутгийн зөвлөл, Засаг даргын Тамгын газартай хамтран өрнүүлж эхэлжээ. Өмнөговьчууд “ХААН” банк 5020740149 дугаартай хандивын данс нээж, байнгын штаб ажиллууж байна. Штабтай холбоо барих утас : 98638339, 99882854.
Ховд аймгийн “Минжит Булган” нутгийн зөвлөл “ХААН” банкинд 5112005166 тоот данс нээсэн бөгөөд энд 50 сая төгрөг төвлөрчээ.
Ардын язгуур урлагаараа улсдаа толгойлдог ховдчууд ирэх сарын 3-нд Бөхийн өргөөнд хандивын тоглолт хийнэ. Тоглолтыг зохион байгуулж байгаа хүмүүстэй 687122, 95863066 дугаарын утсаар холбоо барьж болно. Хандивын данс “Монгол шуудан” банк 10000013851 .
Хөвсгөл нутгийнхан хандивын хөдөлгөөн өрнүүлж Голомт банкинд 2105001801 тоот данс нээгээд байна. Үүнээс гадна материаллаг тусламж хүлээн авах байр ажиллууж буй. Нутгийнхаа малчдад тусламж хүргүүлэх байгууллага, аж ахуйн нэгж, иргэд 88118041 дугаарын утсанд хандана уу гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээлэв.