2009 оны 12 дугаар сар 10. Улаанбаатар хот. Төрийн ордон.
Ардчилсан Монгол Улсын ард иргэд ээ,
Монгол Улсын Ерөнхийлөгч өө,
Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд ээ,
Хүндэт зочид, төлөөлөгчид, хатагтай, ноёд оо,
Өнөөдөр дэлхийн хамтын нийгэмлэгийн байгууллага НҮБ-аас тунхаглал зарлаж жил бүр тэмдэглэдэг хүний эрхийн өдөр. Энэ үйл явцын эхлэл нь 61 жилийн тэртээ НҮБ-аас батлан гаргасан “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ын баримт бичиг билээ. Энэхүү тунхаглалын үзэл санаа, үндсэн зарчим батлагдан гарсанаас хойш эдүгээ хүртэл хүн төрөлхтний хүртээл болж тэдний амьдрал үйлдэлд улам бүр бодит үйл хэрэг болсоор байна.
Энэ тунхаглалын үзэл санаа улс орны хил хязгаар, арьс өнгө, хэл соёл, үзэл бодлын ялгаа заагийг давж гагцхүү хүн гэдэг мөн чанар, түүний эрх, эрх чөлөөний нэгдмэл эрх ашгаар даян дэлхийн хүн зоныг нэгтгэн холбож, тэднийг бие биеийн өмнө нээлттэй бас хариуцлагатай болгож, харилцан хамтрахуйн гүн ухааралд хөтөлсөөр ирсэн. Цаашид ч тийм байх болно. Өнөөдрийн ардчилсан монгол энэ үзэл санааны нэгэн бодит биелэл билээ. Үүнд хүрэх үйл явц амар хялбар шулуун дардан байсангүй. Үүнийг та бидний сүүлийн 20 жилийн амьдрал, үйл явдал гэрчилж байна.
Хорин жилийн өмнөх энэ өдөр дээрх тунхаглалын үзэл санааны доор болсон анхны даруухан цуглаан өнөөдөр та бидний дурсан тэмдэглэж буй түүхт үйл явдал, Монголын нэн шинэ үеийн ардчилсан хөдөлгөөний эхлэл байлаа. Энэ цуглаан тэр үеийн нэг үзэл суртал бүхий хаалттай нийгэмд олон ургалч үзэл санааны цонхыг нээж, хүн бүрт өөрт нь заяасан эрх, эрх чөлөөнийхөө төлөө үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх гэсэн сэтгэл зүрхний гүнд нь оршиж байдаг хүсэл зориг, сэрэл мэдрэмжийг сэрээн дуудах хонхыг цохиж, нийгмийн өөрчлөлт шинэчлэлтийн төлөө нийтийн хөдөлгөөнд өргөн түмнийг уриалан дуудсан тунхаг зарыг түгээсэн байна.
Цуглааныг санаачлагч, зохион байгуулагчид, оролцогчид нь ирж яваа шинэ цагийг мэдэрсэн, шинэ үеийн төлөөлөл байлаа. Айдас түгшүүрийн эмзэглэл болгоомжлолоо аагтай залуу насныхаа эр зоригоороо ялж, анхны цуглаан, анхны жагсаал, ардчилсан хөдөлгөөний анхны холбоо, эвсэл, нам байгууллагыг үүсгэн байгуулалцсан үйл хэрэгт идэвхийлэн зүтгэсэн тэр үеийнхэндээ Монголын ард түмний гүн талархалыг энэ индрээс илэрхийлж байна.
Зуун зууныг зулсан төрт ёсны баялаг уламжлалтай Монгол Улс ХХ зууны эхэнд нийгмийн дэвшлийг баримжаалсан түүхэн сонголтыг хийж, анхны Үндсэн хуулиа баталж, бүгд найрамдах улсаа тунхаглаж байсан. Харин ХХ зууны эцэст ардчиллыг дээдэлсэн, үндэсний бахархлаараа улбаалсан түүхэн сонголтыг хийх боломж Монголчууд бидэнд ийнхүү дахин олдсон юм. Энэхүү үйл явц гэнэтийн бас санамсаргүй зүйл байгаагүй.
Хүн төрөлхтнийг хоёр хуваасан үзэл суртлын төмөр хана нуран унахад тухайн үеийн тогтолцооны салшгүй эд эс болж байсан БНМАУ нь ЗХУ, Зүүн Европын орнуудад өрнөж байсан “Өөрчлөн байгуулалт”-ын үйл явцаас гадна үлдээгүй. Монголчууд, тэр дундаа бүтээлч сэхээтнүүд 1980-аад оны сүүлчээр тэр үеийн эрх баригчдыг ил тод, эрс хурц шүүмжилж, өөрчлөлт, шинэчлэлийг түргэтгэн гүнзгийрүүлэхийг үндэслэн нотлосон нийтлэлүүдийг бичиж, ярьж дугуйлан клуб байгуулан ажиллаж, улмаар ухуулах хуудас гудамж талбайд нааж, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийгмийн шударга ёс, ил тод байдал тогтоохыг эрчимтэй уриалж байсан юм.
Монголын Ардчилсан Холбоо болон шинээр үүссэн бусад нам, хөдөлгөөнүүд эвлэлдэн нэгдэх, жагсаал, цуглаан зохион байгуулах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хүний эрхийг хангах, олон намын тогтолцоо, парламент ёсыг бий болгох, ардчиллын үндсэн дээр сонгууль явуулах, нам, төрийн үүргийг зааглах зэрэг шаардлагыг тухайн үеийн эрх баригч нарт шаргуу тавьж идэвхтэй үйл ажиллагаа явуулсан. Улмаар түүнийгээ шуурхай хэрэгжүүлэхийн тулд улс төрийн өлсгөлөн зарлах замыг сонгож 1990 оны 3 дугаар сарын 7-ны өдөр эхлүүлсэн билээ. Тухайн үеийн нөхцөл байдалд энэ нь аз сорьсон, амь өрссөн, иргэний зориг шаардсан алхам байсан.
Нөхцөл байдал хурцадсан ийм үед тэр үеийн эрх баригчид тухайлбал АИХ-ын тэргүүлэгчдийн дарга, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Батмөнх "хэрхэвч хүч хэрэглэж болохгүй" хэмээх зарчмыг тууштай баримталж, хоёр тал асуудалд уян хатан, нухацтай хандаж, хэлэлцээрийн ширээний ард суун харилцан зөвшилцөж, хамтран ажилласны ачаар монголчууд нийтээрээ хүлээн зөвшөөрсөн хамтын шийдлийг олсон байна.
1980-ад оны дунд үеэс “өөрчлөн байгуулалт” (перестройка), “ил тод байдал” (гласность) гэсэн өнөөдрийн өндөрлөгөөс харахад дутагдалтай ч тухайн үедээ л шинэчлэлийн уур амьсгалд амьдарч ирсэн манай ард түмэн ардчилал гэдэг нийгмийн өөрчлөлтийн оновчтой шийдэл-хувилбарыг дотоод мэдрэхүйгээрээ хүлээхүйц хэмжээнд “бэлтгэгдэж” байсан гэж хэлж болно. Уг сэтгэлзүйн өвөрмөц орчин нь ардчилсан сэтгэхүйг тэр үеийн хүмүүсийн дотоод ертөнцөд өрдөн өрнүүлэх эхлэлийг тавьсан. Ийм орчинд байсан хариуцлагатай төрийн зүтгэлтэн, хариуцлагатай улс төрийн хүчин ардчилалыг үгүйсгэн эсэргүүцхээргүй хэмжээнд сэтгэлзүйн хувьд “боловсорсон” байсан болов уу. Энэ нь ардчилал Монгол Улсад амилах нэгэн үндэс суурь болсон.
Монголын нийгэмд ардчилал, ил тод байдал хэрэгтэй болсныг нийтээрээ мэдэрч байсны нэг илрэл нь МАХН-ын залуу гишүүд эрдэмтэд эргэлтийн шинжтэй баримт бичгийг боловсруулахын хамт намын онц их хурал хуралдуулж, шинэ мөрийн хөтөлбөр, дүрмийг батлуулах зарчмын шаардлага тавьж байсан юм. 1990 оны 4 дүгээр сард хуралдсан Онц их хурлаар эдгээр баримт бичгүүдийн төслийг үндсэнд нь зөвшөөрч, намын удирдагыг шинээр бүрдүүлсэн.
Шинээр байгуулагдсан ардчилсан хөдөлгөөн, намууд 1990 оны 4 дүгээр сард эрх баригч нарт тулган шаардах бичиг ирүүлж, ярилцлага-хэлэлцээ хийсний үр дүнд харилцан зөвшилцсөн томоохон протоколд гарын үсэг зурсан. 5 дугаар сард АИХ-ын чуулганаас БНМАУ-ын Үндсэн хуулийн нэмэлтийн хуулийг баталж, олон намын тогтолцооны үндсэн дээр бүх нийтийн чөлөөт, ардчилсан сонгууль явуулах шийдвэр гаргажээ. Ийнхүү үйл явц өдөр сараар эрчимтэй өрнөсөөр 1990 оны 7 сард анхны чөлөөт ардчилсан сонгууль болсноор анх удаа байнгын ажиллагаатай парламентыг байгуулсан юм. Улсын Бага Хурал нь Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн төслийг боловсруулж хэлэлцэн, улмаар Ардын Их хурал баталснаар Монгол улсад ардчилсан үндэс суурь тавигдаж, тогтолцооны шинэчлэл хийгдэж эхэлсэн билээ.
Монголын ард түмэн энэхүү хамтын сонголтоо хүчирхийлэлд огт авталгүйгээр хийснээрээ зүй ёсоор бахархдаг. Хөгжлийн замналаа сонгож байсан тэр үед Монгол Улсад өрнөсөн ардчилсан өөрчлөлтийн түүх, ололт амжилт нь чухамхүү “Монгол түмнийхээ саруул ухаанд итгэдэг” хэмээн хэлж байсан С.Зориг агсны үгийн нэгэн тод нотолгоо болсон юм.
Шинэ амьдрал руу тэмүүлэх нийгмийн уриаг урьтал болгож амь насаараа дэнчин тавьсан ардчиллын анхдагч нартаа, ирж яваа цагийн өнгийг угтан мэдэрч тайван замаар шинэчлэл хийх шийдэлд хүрсэн тухайн үеийн нам, төр засгийн зүтгэлтнүүддээ, ардчилсан нийгэм, зах зээлийн эдийн засгийн үндэс суурийг тавихад оролцсон бүх хүмүүс, улс төрийн хүчнүүддээ Монголын ард түмэн гүнээ талархаж явдаг билээ. Өнгөрсөн хорин жилд нийгмийн ардчилсан өөрчлөлтийг дэмжиж, Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн дагуу байгуулагдсан төрийн тогтолцооны үндсэн институцийг тэргүүлж ирсэн үе үеийн Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нартаа хувиасаа болон нийт ард иргэдийнхээ өмнөөс гүн талархал дэвшүүлье.
Цаашид ч Монгол Улсад ардчилал хөгжин бэхжихэд энэ үйл явцыг эхлүүлсэн бөгөөд батаалгаажуулсан хүмүүсийн үүрэг оролцоо, хувь нэмэр ихээхэн ач холбогдолтой байх болно.
Хатагтай, ноёд оо
Монгол Улс ардчилалд эргэлт буцалтгүй орсон нь ардчилсан өөрчлөлтийн хорин жилд олсон хамгийн том амжилт юм. 1990 оноос хийсэн бүх судалгаагаар Монголын ард түмэн ардчилсан сонголтоо байнга зөв гэж үзэж, үүндээ хэзээ ч итгэл алдарч байгаагүй билээ.
Хүний эрх, эрх чөлөө зэрэг ардчиллын үнэт зүйлс өнөөдөр монгол хүн бүрийн итгэл үнэмшил болжээ. Зах зээлийн эдийн засаг, дөрөв дэх засаглал болсон чөлөөт хэвлэл мэдээллийн салбар, улам бүр идэвхжиж байгаа иргэний нийгэм өнөөгийн манай ардчиллын баталгаа болж байна. Нэг үгээр дүгнэх юм бол өнгөрсөн хорин жилд Монгол улсад ардчилал ТОГТОЛЦОО-ны хувьд үндсэндээ бүрэлдэн төлөвшиж байна.
Монгол Улсад ардчилал бодитой болох анхдагч чухал нөхцлийн нэг бол хүний эрх, эрх чөлөөг хуулиар хамгаалж баталгаажуулах явдал байв. 1992 оны шинэ Үндсэн хууль хүний эрхийн нийтээр зөвшөөрөгдсөн үзэл санаа, зарчмыг иш үндэс болгон олон улсын хүний эрхийн суурь баримт бичгүүдэд тусгагдсан нийтлэг жишиг, хэм хэмжээний бүрэн агуулгаар хүний эрх, эрх чөлөөг хуульчлан баталгаажуулсан билээ. Хувь хүн мэдээлэл авах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, улмаар итгэл үнэмшлээрээ эвлэлдэн нэгдэж, ашиг сонирхлоо хамгаалан төрийн бодлогод тусгуулахын төлөө чөлөөт оролдлого хийх эрх нь аль ч утгаараа хязгаарагдмал байсан Монгол оронд хүний үндсэн эрх, эрх чөлөө бодит зүйл болсон хэмээн итгэлтэй хэлж чадаж буй нь өөрөө гайхамшигтай амжилт юм.
Бодлого боловсруулах, шийдвэр гаргах үйл явцад иргэд, олон нийт санаачлагаараа оролцох энэхүү боломжийг бүрдүүлж чадсан нь Монголын ардчиллын чухал ололт мөн. Хэнийг сонгохоо заалгаж нэгхэн хүн нэр дэвшиж захиргаадалтаар “сонгогддог” байсан манай улсад өнгөрсөн хугацаанд байнгын ажиллагаатай парламентын сонгууль, Ерөнхийлөгчийн сонгуулийг тус бүр таван удаа зохион байгуулж, засгийн эрх, эрх мэдлийн шилжилтийг Үндсэн хуулийн дагуу зохион байгуулж ирлээ. Сонгууль бүхэлдээ хүчингүй болсон, дахин сонгууль явуулсан тохиолдол гараагүй нь сонгуулийн ардчиллыг олон улсын нийтлэг жишгээр хөгжүүлж ирсэний илэрхийлэл гэж хэлж болно.
Иргэд төлөөллийн ардчиллын зарчмаар сонгож байгуулсан төрийн байгууллагуудаас гадна Төрийн бус байгууллагаар дамжуулах эсвэл шууд ардчиллын хэлбэрээр нийгмийн амьдралын олон асуудлыг шийдвэрлэх хэрэгт оролцож, өөрсдийн эрх ашгийг хамгаалж байна. Үүний үр дүнд иргэний нийгмийн төлөвшилд ахиц дэвшил гарч байгаа нь ч эргэлзээгүй юм.
Иргэд мэдээлэл олж авах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг бодитой хангах боломжийг дэс дараатай бүрдүүлж байгаа нь Монголд ардчилсан тогтолцоо төлөвшиж буйн нэг нотолгоо мөн. Монголд өнөөдөр чөлөөт хэвлэлийн илэрхийлэл болсон олон арван сонин, сэтгүүл, радио, телевиз, олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд идэвхитэй ажиллаж байна. Мэдээллийн хараат бус эх үүсвэрүүдээс төр засгийн байгууллага, албан тушаалтан, улс төрийн намын үйл ажиллагаа болон бусад аливаа зүйлийн талаар мэдээлэл авах, түүнд үндэслэн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг бий болгоход эхнээсээ анхаарал тавьж, одоо ч анхаарч буй нь Монгол Улсад ардчилал олон нийтийн өргөн дэмжлэгт түшиглэн хөгжих бас нэг чухал нөхцөл болж байна.
Монголын ардчилсан хөгжлийн нэг чухал бүрэлдэхүүн хэсэг, ардчиллын бодит баталгаа бол эдийн засгийн шинэчлэл мөн. Монгол Улсад ардчиллыг хөгжүүлэх, зах зээлийн эдийн засгийн харилцааг төлөвшүүлэх үйл явц нягт уялдаатай өрнөсөн бөгөөд энэ явцад хувийн хэвшлийн хөгжил нь эдийн засаг, нийгмийн амьдралын ахиц дэвшлийн өнгө төрхийг тодорхойлох боллоо. ДНБ-ний үйлдвэрлэлийн 80 орчим хувийг бүрдүүлж, нийгмийн баялгийн ихэнхийг бүтээж буй хувийн хэвшлийн хөгжил нь Монгол оронд ардчилал хөгжин бэхжиж байгаагийн эдийн засгийн үр өгөөж мөн төдийгүй цаашдын баталгаа байх болно.
Иймд ардчиллын эдийн засгийн баталгааг бэхжүүлэх нь цаашдын чухал зорилт болоод байна. Эдүгээ монголчуудын гуравны нэг нь ядуурлын түвшингээс доогуур амьдралтай нь Хүний эрхийн түгээмэл тунхаглалын хамгийн чухал нэг зарчим Монгол улсад бүрэн хэрэгжээгүй байгаагийн илрэл юм. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс эмхлэн гаргадаг Хүний хөгжлийн индексээр Монгол улс дэлхийн 182 орноос 115-т эрэмбэлэгдэн бичигдсэн нь нийгэм эдийн засгийн эрхийн хэрэгжилт нь улс төрийн эрхийн хэрэгжилтийн хурдаас хоцорч байгаагийн баримт мөн.
Монгол хүн бүрийг ажлын байртай болох боломжийг бүрдүүлэх, нийгмийн харьцангуй чинээлэг дундаж давхаргыг өргөжүүлэн бэхжүүлэх, нийгмийн шаардлагатай хэсэгтээ халамж энэрлийг төрөөс үзүүлж байх нь үе үеийн засгийн газруудын зорилт байсан бөгөөд манай хамтарсан Засгийн газрын “Хүний төлөө хөгжил, хөгжлийн төлөө хүн” хэмээн томъёолсон хослол бодлогын гол цөм болох юм.
Ядуурал, нийгмийн ялгарал хэт их байхад ардчилал эмзэг байдаг. Иймд тогтолцооны хувьд ардчиллыг Монгол улсад улам бүр баталгаажуулахын тулд ядуурлыг бууруулах нь цаашид хийх хамгийн чухал зорилт байх болно.
Хорин жилийн өндөрлөгөөс эргэн харахад Монгол улсын улс төр, нийгэм, эдийн засгийн харилцаанд асар том суурь өөрчлөлтүүд гарч, ардчилал дархлаажиж, ардчиллыг буруу гэж үзсэн нам хүчин байхгүй, ингэж үзсэн аливаа улс төрийн хүчинд орон зай ч байхгүй болж, нийгмийн үнэт зүйлс бүхэлдээ их өөрчлөгдлөө. Монголчууд бидний ололт амжилтыг дэлхийн хамтын нийгэмлэг ч сайшаан дэмжиж байна. Ардчиллын 20 жилийн ойг тохиолдуулан АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Х.Клинтон ирүүлсэн мэндчилгээндээ Монгол улс “дэлхий дахинд шинэ тутам үүсэн бэхжиж буй ардчиллын үлгэр жишээ болсоор байна. Монгол улс ололт амжилтуудаа бататгасаар, ардчиллыг бэхжүүлсээр ирсэн” гэж онцолсон байна. АНУ-ын Мянганы корпорацийн Удирдах зөвлөл өчигдрийн хурлаараа Монгол улсын Засгийн газартай 280 гаруй сая ам долларын гэрээг шинэчлэн баталсан нь ардчилсан засаглал бэхжин хөгжиж буйг олон улсын хамтын нийгэмлэг хүлээн зөвшөөрч байгаагийн илэрхийлэл юм.
Хатагтай, ноёд оо,
Монголын ард түмний хамтын ололт, хамтын эрхэмлэл үнэт зүйл болсон ардчилал нь хүрээд зогсох бариа биш, мацаж гарах өндөрлөг ч биш харин нийгмийн харилцааг улам боловсронгуй болгоход тэмүүлсэн байнгын тасралтгүй үйл явц өрнөл хөдөлгөөн мөн билээ. Иймд манай нийгэм ардчиллын шинэ түрлэг түүнийг боловсронгуй болгох дараагийн үе шатандаа орж байна.
Аливаа нийгэм төгс төгөлдөр бус учраас алдаа оноо, дутагдал доголдол, шударга бус байдлаас тэр бүр ангид байж чадахгүй байна. Харин энэ бүхэнд дасаж байдаг зүйл мэтээр санаа амарлангуй хандах бус тийм байдлыг засаж залруулах цаашид гаргуулахгүй байхын тулд ардчилсан нийгмийн институцуудыг улам бэхжүүлж хөгжүүлэх шаардлага байна.
Төр засгийн байгууллага хөшүүн хойрго, иргэдээ алагчилдаг, авилгал, зохиомол хүнд суртал, чирэгдэл гаргадаг, төрийн үйлчилгээ халамж хүрэх ёстой хүндээ хүрдэггүй, улс төрийн намууд сонгуулийн дараа иргэдийнхээ дуу хоолойг сонсохдоо чих хатуу болж байдаг зэргийг олон түмэн ил тодорхой шүүмжилдэг. Энэ бүхнийг засаж залруулж байж бид ардчиллыг тогтолцооны хувьд ч, үйл явцын хувьд ч Монгол улсад улам төлөвшүүлэх боломжтой болно. Өөрөөр хэлбэл нэгэнт бий болж бүрэлдэж төлөвшиж буй ардчилсан тогтолцоог нийтэд ижил тэгш үйлчилдэг ардчилсан ХЭМ ХЭМЖЭЭ, ҮЙЛ ЯВЦААР баяжуулан баталгаажуулах нь одоо юу юунаас чухал болж байна.
Ингэхдээ ардчиллыг баталгаажуулах, хуулийг дээдлэн сахих, хүний эрхийг хангах, цөөнхийг хамгаалах, авилгал хээл хахуультай тэмцэх хэм хэмжээ, олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн ажил амьдралын хэвшмэл стандартыг бид өөрийн болгож авахад анхаарах ёстой. Ардчиллыг сэргээсэн олон орон, тэр дотроо бидэнтэй олон зүйлээрээ адил түүхтэй Зүүн Европын орнууд ийм байдлаар амжилтад хүрч байгаагаас бид суралцах нь зүйтэй. Ардчиллыг шинээр тогтоосон болон сэргээсэн улс орнуудын олон улсын V бага хурлаас гаргасан Улаанбаатарын тунхаглалд ч тусгагдсан. Энэ хүрээнд хийх ажил, шийдэх асуудал бидэнд цөөнгүй бий.
Хариуцлагыг өндөржүүлэх, авилгалтай тэмцэх тухай бид чамлахааргүй их ярьж байгаа. Төрийн байгууллага авилгад харшилтай байх, төрийн хүн хариуцлагатай байх нь маш ойлгомжтой цөөн шалгуураар хэмжигддэг зүйл. Хамгийн товчоор хэлбэл, нэгд, хуулийг хэлбэрэлтгүй баримтлах, хэрэв хууль зөрчвөл таарсан шийтгэл, хариуцлагыг хүлээдэг байх, хоёрт, төрийн өмнө хүлээсэн ажил үүргээ хэн бүхэн ёсоор нь хийж гүйцэтгэх, ингэж эс чадвал чаддагт нь шилжүүлдэг байх, гуравт, ёс зүйтэй байх, ёс зүйн аливаа зөрчлийн төлөө уучлал гуйж чаддаг, засаж залруулдаг эр зоригтой байх хэвшсэн журмын тухай асуудал юм. Шударга төрийн гоёл нь хууль ёсыг баримтлах, ард түмэндээ ойр, ил тод, ёс зүйтэй байх явдал мөн. Иймд төрийн бүх байгууллага, албан тушаалтнуудын үйл ажиллагаанд наад зах нь энэ гурван зарчмыг хэрэгжүүлж, төрийн жинхэнэ албанд гавъяа зүтгэлийн буюу меритократ тогтолцооны зарчмыг тууштай хэрэгжүүлэхийн төлөө Засгийн газар дэс дараатай арга хэмжээ авч тууштай ажиллах болно.
Орчин үеийн ардчилал нь төлөөллийн ардчилал тул улс төрийн намууд энэ үйл явцад хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг. Гэтэл улс төрийн намд итгэх олон түмний итгэл сул байна. Иймд намууд засгийн эрх барьж буй эсэх, эрх баригч болон сөрөг хүчин байхаас үл хамааран үйл ажиллагаагаа улам боловсронгуй болгож өөрчлөлт шинэчлэлтийг эрэлхийлж, удирдлага манлайллын шинэ түвшинд гарахын төлөө хамтран ажиллах нь чухал гэж үзэж байна.
Намуудад итгэх итгэл доогуур байгаагийн бас нэг шалтгаан нь улс төрийн өрсөлдөөний хэт туйлширсан байдал юм. Намуудын хэт талцаж туйлширсан байдал, төрийн алба, тэр ч бүү хэл бүр иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн болон аж ахуйн байгууллагууд, хот, хөдөө орон нутаг, бүр баг хороонд хүртэл халдварлан тархаж ажил хэрэгт уршиг тарих боллоо. Талцаж туйлширснаар монголчууд хэзээ ч хожиж байгаагүй. Түүхийн аль ч үед зөвшилцөж ойлголцох, эвлэж нэгдэхийн хүч л бидэнд ач тусаа өгч байсан билээ. Ийм учраас манай ардчиллын институцүүд хуулиар хүлээсэн чиг үүргээ зүй ёсоор нь хэрэгжүүлэхийн зэрэгцээ харилцан зөвшилцөж, хамтран ажиллах талаар илүү санаачилгатай ажиллах ёстой гэдгийг онцлон хэлмээр байна.
Хөгжлийн төлөө, урьд өмнө байгаа томоохон зорилтыг шийдэхийн төлөө, гадаад аюулаас урьдчилан сэргийлэхийн төлөө, томоохон намууд нь хамтарч ажилласан түүх бусад оронд цөөнгүй байдаг. Австри улсад их эвсэл 40 гаруй жил байсан бол Щвейцарь улсад 1959 оноос хойш намууд хамтарч ажиллаж ирсэн түүхтэй. Монголчууд бид ч хамтарч байхдаа илүү амжилтад хүрч байсныг өнгөрсөн үеийн их түүх төдийгүй бас ингэж чадахыг ардчиллын эхэн үеийн үйл явц гэрчилсэн. 2008 оны УИХ-ын сонгуулийн дараа байгуулагдсан хамтарсан Засгийн газрын үйл ажиллагаа ч бас үүнийг нотолно гэдэгт итгэлтэй байна.
Ардчилсан хэм хэмжээ, үйл явцыг цаашид бэхжүүлэхэд сонгуулийн өнөөгийн тогтолцооны согог дутагдлыг засаж залруулах нь чухал болоод байна. Сүүлийн жилүүдэд сонгууль болгоны өмнө, хойно сонгууль будилсан, луйвардсан, санал худалдаж авсан, хууль зөрчсөн гэх мэтийн яриа их гарах боллоо. Одоо манай сонгуулийн тогтолцоо, хууль маань нэг л болохгүй байна гэдгийг бараг нийтээрээ хүлээн зөвшөөрчихлөө. Нэр дэвшигчдэд сонгогчдын өгсөн санал парламентад гишүүний суудлаар төлөөлөгдөх, сонгогч бүрийн сонирхол, санал бодлыг төр, засгийн шийдвэрт тусгах боломжийг өргөтгөх, сонгуулийн зардал чирэгдлийг багасгах, хугацаа, товыг эргэж харах зэрэг чиглэлээр сонгуулийн тогтолцоог төгөлдөршүүлэх нь бидний хамтаараа бодож цаг алдалгүй, ойрын үед шийдэх асуудал гэж үзэж байна. Цаг хугацаа, нөхцөл байдал ч бидэнд ийм боломж олгож байгаа.
Ардчиллын үр дүн боломжийг иргэн бүрт ижил тэгш, хүртээмжтэй болгоход мэдээллийн эрх чөлөөний хууль, эрх зүйн зөв орчин бүрдүүлэх шаардлагатай байна. Төрийн байгууллагуудын үйл ажиллагааны тухай мэдээлэл хангалтгүй, ил тод биш байгаа учраас иргэд хэзээ ямар хууль батлагдаж, нийгмийн аль хэсгийн ямар эрх ашиг хэрхэн хөндөгдөж байгааг тэр бүр мэддэггүй. Хэзээ, хаана, хэнээс төрийн ямар үйлчилгээ авах эрхтэйгээ сайн ойлгодоггүй. Төрийн үйлчилгээ нь хэн бүхэнд хүртээлтэй, тэгш байж чадахгүй энэ байдлыг өөрчлөх, иргэн бүр мэдээлэл авах эрх чөлөөний хууль эрх зүйн орчинг нэн даруй бүрдүүлэхийн төлөө ажиллах ёстой гэж үзэж байна.
Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээллийн тэгш, хүртээмжтэй, тэнцвэртэй, бодитой байх зарчмыг баримталж, соёлтой, хариуцлагатай сэтгүүл зүйн хэм хэмжээг үйл ажиллагаандаа удирдлага болгох нь өнөөгийн ардчиллын шаардлага болоод байгаа төдийгүй ингэж ажиллаж гэмээнэ түүний хөгжилд оруулах чухал хувь нэмэр болно гэдгийг тэмдэглэн хэлье.
Иргэний нийгмийн төлөвшил, иргэдийн идэвхи оролцоог дэмжих нь ардчиллыг бэхжүүлэх нэгэн чухал баталгаа болох учиртай. Олон нийт, түүний төлөөллийн байгууллагууд төрийн байгууллагуудтай хамтарч, хүний эрхийг хамгаалахаас эхлээд ядуурлыг бууруулах, ажилгүйдлийг багасгах хүртэл олон эмзэг асуудлыг шийдвэрлэхэд хэрэгжүүлэгч, санаачлагч байх нь чухал юм. Энэ талаар манай Засгийн газар, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран идэвхитэй эрэл хайгуул хийж ажиллах болно.
Хатагтай, ноёд оо,
Монголын ардчилалд эмзэг, ээдрээтэй байдлаар тавигдаж, уян хатан ухаалаг шийдэл шаардсан асуудал бол иргэдийн улс төрийн ухамсар, ардчилсан соёлыг төлөвшлүүлэх зорилт юм. Ардчилсан соёл, ухамсар төлөвшсөн иргэн байж ардчилсан тогтолцооны хүрээнд бүрэн эрхээ эдэлж бас ардчиллаа улам бэхжүүлнэ.
Манай ард түмэн үндэснийхээ соёлын өв санг авах гээхийн ухаанаар сэргээн хөгжүүлэхийн зэрэгцээ хүн төрөлхтний оюуны соёлын ололт, дэвшлийг нээлттэй хүлээн авч бүтээлчээр хөгжүүлж байгаа нь ардчиллын үр шим мөн. Мэдээллийн технологийн үсрэнгүй хөгжил, даяаршлын үйл явц энд илүү өргөн, таатай боломжийг бүрдүүлж байгаа нөхцөлд ардчиллыг хөгжүүлэх, иргэдийн боловсролыг дээшлүүлэх зорилтуудыг нягт уялдаатай шийдвэрлэх шаардлага гарч байна. Энэ бол өөрийнхөө төлөө хариуцлагатай сонголт хийх, эрх чөлөө, үүрэг, хариуцлагаа жигд ухамсарлах, өөр үзэл бодолд хүлээцтэй хандаж, тийм хүмүүстэй хамтран ажиллах, янз бүрийн мэдээлэлд өөрөө боловсруулалт хийх чадвартай байх хэрэгтэй гэсэн үг. Энэ мэт ардчиллаар бий болсон олон сайхан боломжуудыг гүйцэд ашиглаж, чухамхүү ардчиллын соёл, бүтээлч ухамсрыг идэвхтэй хөгжүүлэх шаардлагатай байна.
Энэхүү соёлыг төлөвшүүлэх ажлыг хүүхэд залуучуудын боловсролын тогтолцооныхоо нэг салшгүй хэсэг болгох ажлыг идэвхтэй хэрэгжүүлэх ёстой гэж үзэж байна. Ардчиллын соёл, бүтээлч ухамсрыг төлөвшүүлэхдээ ардчилсан нийгэм, зах зээлийн эдийн засгийн үнэт зүйлсийг тайлбарласан онол, судалгааны материалыг сургалтын хөтөлбөрт тусгаж, ардчилсан нийгмийн давуу талыг хүүхэд залуучууд, нийт иргэдийнхээ ухамсарт төлөвшүүлэх нь ардчиллыг бэхжүүлэх ажлын нэгэн чухал хэсэг болох учиртай. Хүний эрхийн хэрэгжилт, ардчилсан соёл, ухамсарын төлөвшилт нь гэр бүлийн түвшинд хамгийн ихээр бүрэлдэх тул гэр бүлийг дэмжих бодлогод онцгой анхаарах ёстой.
Тогтолцоо нь бүрдсэн ардчилсан, нээлттэй нийгмийн давуу тал нь ардчиллын хэм хэмжээ үйл явц нийгэм, төрийн өдөр тутмын үйл ажиллагаанд хэрхэн хэрэгжиж буйд хяналт тавих бүрэн боломж олгож байдагт оршдог. Үүнд ухамсартай, ардчилсан соёлтой, эрх зүйн бүрэн чадамжтай иргэдийн оролцоо зүтгэл онцгой чухал аа. Ардчиллыг цаашид бэхжүүлэх эсэхийн хариуг ард иргэд өөрсдөө гартаа барьж байгаа. Ард иргэд эрх зүйн хүрээнд өөрсдөө болон өөрсдийн төлөөллийн бүх шатны байгууллагаар дамжуулан эрх, эрх чөлөөг бүрэн дүүрэн эдлэж чадна.
Монгол улсын ардчиллын цаашдын ирээдүй төр засгийн холч хараа, ард иргэдийн идэвх зүтгэл, нэг үгээр хэлбэл бид бүгдийн хамтын чармайлтаас шаалтгаална. “Монгол Улсад Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэсэн Үндсэн хуулийн үзэл санааны утга агуулга ч үүнд оршиж байгаа билээ.
Монгол Улсын нийт ард иргэд ээ,
Ардчиллын нэгдмэл ололт болсон шинэ Үндсэн хуулиндаа тунхагласан эрхэм зорилгодоо чин үнэнч байж, улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж, хүн төрөлхтний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж, эх орондоо хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг та бүхэндээ хандан уриалж байна.
Монгол улс маань хөгжин бадрах болтугай.