Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
ЗАВХАН АЙМАГТ ӨВӨЛЖИЛТ ХҮНДРЭЭД БАЙНА
/ мэдээг нийтэлсэн огноо : 2009.12.03 /
Өвөлжилтийн байдал Завхан, Говь-Алтай,  Өвөрхангай, Баянхонгор, Дундговь, Өмнөговь аймагт онцгой хүндэрч байна. Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатарын удирдамжийн дагуу ажлын гурван хэсэг  дээрх аймгуудад ажиллан өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах чиглэлээр зохион байгуулж, хэрэгжүүлсэн ажил болон цаг агаарын хүндрэлээс үүссэн нөхцөл байдалтай танилцлаа.  Нэгдүгээр ажлын хэсгийг Эрчим хүчний газрын дарга Ц.Баярбаатар ахлан Завхан, Говь-Алтай аймагт 2009 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2009 оны 12 дугаар сарын 03 хүртэл ажилласан байна.

ЗАВХАН АЙМАГ :
Аймгийн хэмжээнд 2009 оны 11 дүгээр сарын 5, 6-ны өдрүүдэд нутгийн баруун хэсгээр бороо, бусад нутгаар нойтон цас 11-нийг хүртэл орж мөсөн бүрхүүл тогтсон бөгөөд 2 дугаар 10  хоногт дахин цас орсноос нийт нутаг цасанд дарагджээ.

Ургамал, Завханмандал, Дөрвөлжин сумын нийт нутаг, Сантмаргаз, Эрдэнэхайрхан,  Алдархаан, Шилүүстэй, Отгон сумын зарим нутаг 3-8 см цастай, бусад нутаг 9-21 см, нутгийн хойд, зүүн хойд сумд 22-30 см цастай байна.

Одоогийн байдлаар онцгой хүндрээд байгаа 11 сумын нутагт 38 мянга гаруй хүн, нэг сая 600 гаруй мянган мал өвөлжилж байна. Тосонцэнгэл, Тэлмэн, Нөмрөг, Баянхайрхан суманд 30-35 хэм хүртэл хүйтэрч байсан ч ойрын хэд хоногт дулаан байсан учир цас хайлмагтан мөстөж, халтиргаа гулгаа үүсчээ.

Хадлан тэжээлийн бэлтгэл :
Завхан аймаг энэ жил 10 мянган тонн хадлан, 549 тонн ногоон тэжээл, 996 тонн гар тэжээл бэлтгэсэн нь Засгийн газрын тогтоолоор өгсөн даалгаврын 28 хувь гэсэн үг. Энэ нь аймагт хадлан авах хэмжээний ургац гараагүйтэй холбоотой. Аймаг, сумдын Засаг даргын аюулгүйн нөөцөд бэлтгэсэн өвс, тэжээл нь дундаас доош тарга хүч авсан 33 мянган малыг байран, нэмэгдэл тэжээлээр 870 орчим мянган мал тэжээхэд хүрэлцэх юм.   Цаашид 27 мянган тонн өвс, 710 тонн  тэжээл хэрэгтэй байна.   

Мал оторлолтын байдал :
Завхан аймагт 3 сая гаруй мал өвөлжиж байгаа бөгөөд 265 өрхийн 167,7 мянган мал бусад аймгийн нутагт оторлож байна. Отроор явж байгаа малчдаас зарим аймаг, сум малын хөлийн татвар авдаг, нутгаасаа хөөдөг асуудал багагүй байгаа тухай сум, орон нутгийн удирдлага ажлын хэсгийн гишүүдэд танилцууллаа.

Мөн отроор яваа малчдаа нэг удаа эргэхэд хэдэн зуун км газар явдаг учир шатахууны зардал хэтэрдэг, багийн дарга нар унаагүй зэрэг нийтлэг хүндрэл байна. Аймаг, сумдын удирдлагууд их хэмжээний цас орсны дараа малчдаа нэг удаа эргэсэн бөгөөд удахгүй эхлэх мал тооллогын үеэр дахин эргэж, төрийн эмнэлэг, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөсөн байна.

Завхан аймагт зуншлага тааруу, дээр нь үлийн цагаан оготно бэлчээр сүйтгэснээс хамар хатгах өвсгүй болж, мал эцэж туран, хээл хаяж, хорогдож эхлээд байна. Цаашид нэгдсэн журмаар их хэмжээний талбайд үлийн цагаан оготны устгал хийхгүй бол бага талбайд хийгээд нэмэргүй. Малчид гар аргаар тэмцээд ч үр дүнд хүрэхгүй байгаа тухай Завхан, Говь-Алтай аймгийн орон нутаг, сумдын удирдлага ярилаа. 

Өвөл хатуу болох нь тодорхой учир малчид малаа хэдэн мянгаар нь нядалж боломжтой нэг нь хот руу ачуулж, боломжгүй нь гаднаа хурааж, хэрхэн яаж борлуулахаа мэдэхгүй байна. Зарим малчин нийт малынхаа 50 гаруй хувийг нядалсан мэдээ ч гарчээ. Аймгийн хэмжээнд 380 гаруй тонн мах бэлэн байгаа бөгөөд борлуулах зах зээл байхгүй учир үүнийг төр, засаг анхаарч үзэхийг аймаг, орон нутгийн удирдлага хүсч байна.

Түүхий эдийн үнэ унасан, бүхэлдээ ХААН банкны өрөнд баригдсан малчдын гар дээр бэлэн мөнгө алга. Иймээс өвс тэжээлийг мал, малын гаралтай түүхий эдээр солих, эсвэл төв, суурин газрын махны нөөцөд худалдан авах зохицуулалт хийхийг Засгийн газраас хүсч байна. Улиастай, Тосонцэнгэл, Тэлмэн, Баянтэс, Сантмаргаз сумын дарга нар Тамгын газар, сумын эмнэлгээ машинтай болгох, малын хөлийн татварыг тэглэснээс сумдад орох орлого тасарсан тул улсын төсвөөс нөхөж өгөх, “Бага хайрхан”-ы отрын нутагт өвөлжиж байгаа малчдад 5 сарын хугацаатай үйлчлэх унаатай эмч ажиллуулах зэрэг санал гарлаа.  
 
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ
Говь-Алтай аймгийн нийт нутгаар өнгөрсөн зун гантай байсан учир газрын гарц муу, малын тарга хүч ч сайнгүй байна. 11 дүгээр сарын эхнээс цас орсноос ихэнх нутаг цасанд дарагдаж, тал газарт 25 хүртэл, ууландаа 90-100 см цасанд дарагджээ.
  
Мал оторлолт :

Говь-Алтай аймгийн 118 өрхийн 68 мянга орчим мал бусад аймгийн нутагт оторлож байгаа бол өөрийн аймгийн сумдад 105 өрхийн 40 орчим мянган мал өвөлжиж байна. Онцгой хүнд нөхцөлтэй нутагт 3279 өрхийн 11 542 мянган хүн ам, 1028,6 мянган мал өвөлжиж байна. Зарим суманд хүйтний эрч эрс чангарснаас тарга тэвээрэг аваагүй, нэг наст мал олноор хорогдож эхэлжээ.

Цас их орсноос Бугат сумын Буга, Цээл сумын Цагаан гол, Жаргалан сумын Улаан булаг, Тонхил сумын Угалзын даваа хаагдаж, сумаас малчдадаа хүрэхэд 300-400 км тойруу замаар явж, хэдэн арван цаг, түлш, шатахуун зарцуулж байна. Говь-Алтай аймаг гантай байсан учир өвс тэжээл бага авсан, цаашид 10132 тонн өвс, 2246 тонн тэжээл шаардлагатай байгаа тухай аймгийн удирдлага танилцууллаа. Завхан аймгийн адил малчид малаа их хэмжээгээр нядалж байгаа бөгөөд малчдын гар дээр байгаа 7 мянга орчим тонн махыг борлуулах зах зээлгүй байна.

Улсын нөөцийн салбаруудад байгаа өвс, тэжээлийг цаг алдалгүй малчдад зарахгүй бол дараа нь нэгэнт доройтсон малд хичнээн өвс өгөөд нэмэргүй гэж сумдын дарга нар хэлж байна. Мөн ашиглалтын хугацаа дууссан холбоог сайжруулах, 3 эмнэлэгт машин олгох зэрэг хүсэлтийг нэр бүхий сумын удирдлагууд Засгийн газрын ажлын хэсэгт тавилаа.
 
Завхан, Говь-Алтай аймаг эрчим хүчний нэгдсэн системд холбогдоогүй хоёр аймаг. Өмнө нь тодорхой цагт цахилгаан өгч бусад үед нь хязгаарлалт хийж байсан. Өндөржүүлсэн бэлэн байдлын үед теле хичээлийг сурагчдад хүргэхийн тулд хязгаарлалтын горимыг өөрчилснөөс Завхан аймаг гэхэд л 50 гаруй сая төгрөгийн дизель түлш зарцуулсан байна. Төсөвлөгдөөгүй энэ мөнгийг БСШУЯ-наас олгохыг Завхан, Говь-Алтай аймгийн удирдлага хүсэлт болголоо. 

Мөн дээрх хоёр аймгийн дизелийн цахилгаан станцын 2009 оны татааст зориулсан санхүүжилтээс сонгон шалгаруулалтын үр дүнгээр хэмнэгдсэн 652 сая төгрөгөөр тухайн тендерт шалгарсан компаниудаас түлш худалдан авах зөвшөөрөл олгохыг холбогдох яамдаас хүсч байна. Завхан, Говь-Алтай аймагт ажилласан Засгийн газрын ажлын хэсэг тайлангаа гурав хоногийн дотор гарган, Засгийн газраас зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай арга хэмжээний санал боловсруулж танилцуулах юм.



ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
Засгийн газрын ажлын хэсэг хуралдлаа
Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2009.12.03
Монголын Мянганы сорилтын сангийн удирдах зөвлөл ээлжит хурлаа хийлээ
Малчдад өвс, тэжээл нэн яаралтай хэрэгтэй байна
Эрдэнэцогтынхон 770 тн өвс, 24 тн тэжээл хүслээ
Бод малаа бүгдийг нь суурилан оторложээ
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан