Өвөлжилт хүндрэлтэй байгаа Дундговь, Төв, Өвөрхангай, Баянхонгор, Завхан, Говь-Алтай аймгийн сумдад Засгийн газрын гурван ажлын хэсэг очиж, бодит байдалтай нь танилцсан билээ. Түний нэгийг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ ахлан Өвөрхангайн Баян-Өндөр, Сант, Хайрхандулаан, Нарийнтээл, Баянхонгорын Баянбулаг, Гурванбулаг, Эрдэнэцогт сумдаар орж, малчид, сумын болон аймгийн удирдлагатай уулзан, 11 дүгээр сарын 26-наас долоо хоног ажиллалаа.
Ажлын хэсэгт Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрүүл мэндийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газрын төлөөлөл орж, аймаг, сумдын өөр өөрийн чиглэлийн алба хариуцсан түшмэлүүдтэй уулзаж, ажил байдалтай нь танилцан, асуудал бэрхшээлийг нь сонсож, зөвлөгөө өгч байв. Очсон сум бүр зуншлага муу байсан, хадлан тэжээл нөөцлөх боломж гараагүй, цас орж, мал идэх өвсгүй болсон, отор нүүдэл хийж зутарч байна гэсэн тайлбар тавьж, бодит байдлаа ажлын хэсгийнхэнд үзүүллээ. Үнэхээр хүндхэн байна. Тэдэнд одоо л өвс тэжээл амин чухал гэдэг нь ойлгомжтой байлаа.
Аймаг, сумдын удирдлага, малчдын ярианаас дараах дүгнэлийг хийж болмоор байна.
1. Цаг агаарын өөрчлөлтөөс сүүлийн 5-10 жилд говь, тал хээрийн олон сумдад хадлан авахаар өвс ургахаа больсон юм байна. Тэрч байтугай зарим суманд зөвхөн шарилж, хамхуул ургадаг болжээ. Энэ бол билчээрийн олон наст ургамлууд устах, цөлжилт түргэсэх аюулын дохио ч байж мэднэ. Ямартай ч хадлан, гар тэжээл бэлтгэх боломжгүй болжээ.
2. Очсон бүх сумын билчээрийн даац 1.5-4 дахин хэтэрсэн тухай Засаг дарга нар нь ярьж байна. Энэ нь малынхаа тоо толгойг ойрын нэг хоёр жил эрс цөөлөх шаардлагтайг, мөн малаа чанаржуулах хэрэгтэйг өгүүлж байна.
3. Аймаг, сум, малчид өвлийн бэлтгэлийг сүүлийн 10-20 жилийн цаг агаарын судалгаанд үндэслэн эртээс хангах хэрэгтэй юм байна. Зуд, гангийн давтамж ойртож байгаа энэ үед нутагтаа хадлан авах боломжгүй гээд суувал бүх малаа барах аюул нүүрэлжээ. Малчид цаг агаарын олон жилийн судалгаатай, газрын гарцгүй ч өвс тэжээлээр хэрэгцээгээ хангах боломжтой бүх арга, сувгийг ашиглан өвлийн бэлтгэлээ базаах, өөр аймаг сумынхантай гэрээ байгуулах, өөрийн аймаг, сум, багийн өвс тэжээлийн бизнес эрхлэгчдийг дэмждэг болох хэрэгтэй байна.
4. Малчдад хоршиж ажиллахгүйгээр байгалийн бэрхшээлийг гэтлэх боломж хомсдож байгааг ойлгуулах цаг болсон байна. Очсон сумдад эхнэр нь нялх хүүхдүүдтэйгээ эзгүй газар ганц гэрээрээ үлдэж, нөхөр нь хэдэн малаа туугаад явчихсан, бие биеийнхээ сургийг гаргах боломжгүй малчин өрхүүд олон тааралдаж байна. Хэрэв хэд хэдээрээ хоршин ажилладаг бол ийм байдалд хүрэхгүй биз ээ.
5. Нэгэнт базаасан өвс, тэжээлгүй ийм үед нь цас орж, зудын бэрхшээл нүүрэлсэн тул улсын нөөцийнхийг хуваарьлалт хийж, малчдад зарахаас өөр арга алга. Одоо л тэжээхгүй бол дордсон хойно нь өвс, тэжээл өгөөд ямар ч хэрэггүй байдгийг олон малчин ярьж байна. Тэд цаг алдалгүй энэ 12 дугаар сарын 10-ны дотор улсын нөөц дэх өвс, тэжээлийг зарах зөвшөөрөл өгөхийг Засгийн газраас хүсч байна.
6. Малаа 20-40 хувь, зарим нь 90 хувь хүртэл нядалж, махыг нь агуулах саванд хийсэн малчин олон байна. Энэ махыг борлуулахад туслахыг малчид, орон нутгийн удирдлагууд хүсч байна. Үүнийг мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрүүдтэй ярьж зохицуулах, тарга хүч сайтайг нь нөөцөд авах зэргээр гарц хайх, боломжийг судлах хэрэгтэй юм. Махаа борлуулж байж л малчдын олонхи нь өвс, тэжээл авах хэдэн төгрөгтэй болно гэж ярьж байна.
7. Цаашид аймаг, сум, багийн ажлыг мал аж ахуйн хэдэн хоршоо байгуулснаар нь, малчдын өвлийн бэлтгэлийг хадсан өвснөөс нь гадна хэр их өвс тэжээл олж нөөцөлснөөр нь дүгнэх, хадлан бэлтгэдэг аж ахуйн нэгжид татварын хөнгөлөлт 5-10 жилээр үзүүлдэг болмоор санагдана. Ингэснээр
Засгийн газар хувийн өмч болсон малын өвс, тэжээлийг олж нөөцлөх, зохицуулах ажлаа зогсоож, малын үйлдэр угсааг сайжруулах, таваарлаг, өгөөж унац ихтэй сургийг бий болгоход дэм үзүүлэхдээ л анхаарууштай байна.
Орон нутагт ажилласан ажлын хэсгүүд ойрын өдрүүдэд өвлийн цас зудны хүндрэлийг даван туулахад туслахтай холбоотой саналаа Засгийн газарт оруулж, малчдын хүсэн хүлээсэн асуултуудад хариу өгнө бизээ гэж Өвөрхангай, Баянхонхор аймагт ажилласан Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албаны шинжээч Т.Нэргүй мэдээллээ.