2009 оны 12 дугаар сар 05. Сэлэнгэ аймаг
Эрхэм хүндэт Сэлэнгэчүүдээ, Тариаланчид аа,
Баярынхаа ойд уригдан ирсэн ахмад буурлууд аа,
Хүндэт зочид оо,
Өвөг дээдсээс өвлөн ирсэн төрөлх Монгол нутгийнхаа өгөөж буянт, үржил шимт хөрсөнд атрын анхны шанг татаж, газар тариалангийн салбарын хөгжлийн галыг бадрааж ирсэн үе үеийн тариаланчид, салбарын хүндэт буурлууд, зочид Та бүхэнд Монгол Улсад атар газар эзэмшсэний түүхт 50 жилийн ойн баярын халуун мэндчилгээг дэвшүүлж, сайн сайхныг хүсэн ерөөе. Сүхбаатарын одонт анхны аймаг болсон Сэлэнгэ нутгийн нийт ард иргэдэд Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун баяр хүргэе.
Түүхт ойн баярын мэндийг Монгол орны газар тариалангийн үйлдвэрлэлийн хөгжилд өөрсдийн бүтээлч хувь нэмрээ оруулсаар ирсэн энэ салбарын нийт ажилтан ажиллагсаддаа ургацын далай Сэлэнгэ нутгаас хүргэж байна. Монгол улсад газар тариаланг бие даасан салбар болгон хөгжүүлэх, атар газар эзэмшиж, эх орныхоо хэрэгцээг дотооддоо бүрэн хангах томоохон зорилтыг дэвшүүлэн, түүнд хүрэхийн төлөө бие, сэтгэлээ харамгүй зориулан ажилласан энэ салбарын үе үеийн удирдах болон инженер, техникийн ажилтнууд, мянга мянган тариаланчдын хүрсэн ололт, гаргасан амжилтыг баярын энэ өдөр бахархан тэмдэглэхэд нэн таатай байна.
Түүх сөхвөл 1959 онд хуралдсан МАХН-ын Төв хорооны III бүгд хурлаас атар газар шинээр эзэмшиж, тариалангийн үйлдвэрлэлийг эрс нэмэгдүүлэх тухайн үедээ асар том зорилтыг дэвшүүлсэн байна. Зорилтоо хэрэгжүүлэхээр Намын Төв Хороо, Сайд нарын Зөвлөлийн хамтарсан тогтоол гаргаж “Атар газрыг эзэмших, газар тариаланг хөгжүүлэхэд идэвхтэй оролцох явдал бол залуучуудын нэр төрийн хэрэг мөн” гэсэн уриа дэвшүүлснийг манай орны нийт иргэд, залуучууд оргилуун сэтгэлээр хүлээн авч, анх шинээр байгуулагдсан Дархан, Хэрлэн, Зэлтэр, Эг-Үүрийн сангийн аж ахуйд очиж ажиллахаар 300 гаруй залуучууд энэ аяны эхний ээлжинд явж байжээ.
Хагас зууны тэртээ шинэ ажил үйлсийн гараа ингэж өрнөж эхэлснийг, ахмад үеийнхнийхээ эх оронч, хөдөлмөрч чанар, хүсэл тэмүүлэлийг өнөө ба хойч үеийнхэндээ сануулж, уламжлуулж байх нь бидний зүй ёсны үйл хэрэг билээ. Их үйлсийг бүтээхэд сэтгэл харамгүй тусалсан сайн нөхдийн ач тусыг баярын энэ өдөр дурсан санах нь хүн ёсны төдийгүй улс орны харилцааны хэрэг мөн. Атар газрыг эзэмших зорилтыг хэрэгжүүлэхэд тэр үеийн ЗХУ-аас 1959 онд 3000 автомашин, 2500 трактор, 500 комбайн хөдөө аж ахуйн бусад машин техникийг манай улсад нийлүүлж байжээ.
Түүхийн энэ богинохон хугацаанд өрхийн үйлдвэрлэлийн хэлбэрээр орон нутгийн чанартай хөгжиж байсан үр тариа, төмс, хүнсний ногооны үйлдвэрлэлийг орчин үеийн хүчирхэг техник технологи бүхий бие даасан салбар болгон хөгжүүлсэн билээ. Тариалах талбай, га-гаас авах ургацын хэмжээг жилээс жилд нэмэгдүүлснээр хөгжлийн эрчимтэй үедээ 1,3 сая га эргэлтийн талбайтай болж, 800 гаруй мянган тонн ургац хураан авч, дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаад зогсохгүй экспортод гаргаж ирсэн юм. Монгол Улсын Засгийн газраас 2008 оныг “Хүнсний хангамж, аюулгүй байдлын жил” болгон зарлаж, мах, сүү, гурил, төмс, гол нэрийн хүнсний ногооны хэрэгцээгээ дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангах зорилтыг дэвшүүлсэн билээ.
Энэ зорилтыг хэрэгжүүлэхээр Засгийн газар, Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баярын санаачилгаар “Атрын гурав дахь аян” тариалангийн хөгжлийн Үндэсний хөтөлбөрийг батлан, эхний 2 жилийн ажлыг амжилттай зохион байгуулж, Та бид хамтын томоохон үр дүнд хүрлээ. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газраас 53.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, зүтгэх хүчний тракторын 65.0 хувь, үр тарианы комбайны 30.0 хувь, үтрэмийн техникийн 15.0 хувьд техникийн парк шинэчлэлтийг хийгээд байна. Энэ арга хэмжээний үр дүнд хаврын тариалалтыг 14 хоногт, уринш боловсруулалтын нэг ээлжийг 10 хоногт, ургац хураалтыг 30 хоногт багтаан дуусгах техникийн боломж бүрдээд байна.
Төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл эрхэлдэг 12 аймгийн 22 суманд техникийн үйлчилгээний нэгж байгуулснаар 4000 гаруй ногоочдын үйл ажиллагааг механикжуулж, хөдөлмөрийн бүтээмжийг нь нэмэгдүүлэх боломжийг бий болгосон юм. Байгаль цаг уурын эрс тэс уур амьсгалтай манай орны нөхцөлд найдвартай ургац авах үндсэн нөхцөлийн нэг болох усалгаатай газар тариалангийн талбайг нэмэгдүүлэхэд зориулж 2008-2009 онд улсын төсвийн болон хувийн 30,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж, усалгаатай талбайн хэмжээ 35,0 мянган га-д хүрсэн байна.
Тариаланчдад олгосон техник, үр, бордоо, хор гербицидийн үнийн хөнгөлөлтөд Засгийн газраас 24,3 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлсэнээр газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдэд өөрийн хөрөнгийн хуримтлал бүрдүүлэх боломжийг хангаж өглөө. Сүүлийн хоёр жилд 100.0-180.0 мянган тонн хүнсний улаан буудайн нөөц бүрдүүлж, тариаланчдаас буудайг худалдан авах, борлуулах сүлжээг бий болгон эцсийн бүтээгдэхүүнд урамшуулал олгож буй нь гурилын үйлдвэрүүдийг түүхий эдээр тасралтгүй хангах, хүн амын хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн болох гурилын үнэ буурах, тогтвортой байх нөхцөлийг бүрдүүлэхийн зэрэгцээ үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжсэн чухал арга хэмжээ болсон юм.
Газар тариалангийн салбарт авч хэрэгжүүлсэн дээрх арга хэмжээний үр дүнд 2009 онд 392,9 мянган тонн үр тариа, 156,0 мянган тонн төмс, 81,4 мянган тонн хүнсний ногоо хураан авсан нь сүүлийн 15 жилийн хугацааны хамгийн өндөр амжилт үзүүлсэн жил боллоо. Манай орны нийт тариаланчид амжилтын энэ буухиаг ирэх он жилүүдэд ч улам бататган ажиллана гэдэгт Засгийн газрын тэргүүний хувьд миний бие бүрэн итгэлтэй байна. “Атрын гурав дахь аян” тариалангийн хөгжлийн Үндэсний хөтөлбөр нь зөвхөн газар тариалангийн салбар төдийгүй цаашид малын тэжээлийн үйлдвэрлэлийг сэргээн хөгжүүлэх улмаар эрчимжсэн мал аж ахуйн хөгжилд ч чухал түлхэц өгч хүнсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд ч эерэг нөлөө үзүүлэх юм.
Төр засаг, тариаланчдын хамтын хүчин чармайлтын үр дүн болсон ийм бахдам амжилттайгаар Та бид атар газар эзэмшсэний 50 жилийн ойгоо угтаж байна. Цаашид Та бидэнд хийх ажил, шийдэх асуудал, хүрэх үр дүн их байна. 21 дүгээр зуунд дэлхийн газар тариалангийн үйлдвэрлэлд цоо шинэ үе эхэлж байна. Дэлхийн хүн амын улам өсөн нэмэгдэж буй хүнсний хэрэгцээ, хүнсний аюулгүй байдлын шаардлагын үүднээс энэ салбарыг шинэ бодлого, менежментээр хөтлөн удирдах шаардлага тавигдаж байна. Манай орон уул уурхай, хүнд үйлдвэрлэлийг түлхүү хөгжүүлэх хэдий ч урган төлжих газрын үр шим, ач буян Монголчууд биднийг үеийн үед тэжээх учиртай.
Эрхэм хүндэт Сэлэнгэчүүд ээ.
Ерөнхий сайд миний бие орон нутгийн томилолтоороо манай орны газар тариалангийн гол бүс нутаг Сэлэнгэ аймагт ажиллаж, Атар газар эзэмшсэний 50 жилийн ойн энэ арга хэмжээнд оролцож байгаа завшааныг ашиглаж Сэлэнгэ аймгийн хөгжил, түүний ирээдүйн талаар санал бодлоо Та бүхэнтэйгээ хуваалцахыг хүсэж байна. Монгол орны умард хязгаар, олон гол мөрний ай сав нутаг, байгаль цаг уурын тааламжтай нөхцөл бүрдсэн Сэлэнгэ нутгийн ард иргэд Та бүхэн атрын I, II, III аяныг үе удмаараа түүчээлэн хэрэгжүүлж, өнгөрсөн 50 жилийн хугацаанд улс орон, ард иргэдийнхээ хэрэгцээнд 6.7 сая тонн үр тариа, 1.1 сая тонн төмс, хүнсний ногоо бэлтгэн нийлүүлжээ.
Ийм бахдам амжилт гаргасан Сэлэнгэчүүд Та бүхэндээ Улсын Их Хурал, Засгийн газрын нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлж байгааг минь дахин хүлээн авна уу. Энэ амжилт бол зөвхөн газар тариалангийн үйлдвэрлэлд ажиллагсдад төдийгүй тариаланчдын үр хүүхдийг сурган хүмүүжүүлэгчид, эрүүл мэндийг нь сахин хамгаалагч эмч гээд олон салбартай холбогдох бүхий л хүнд хамаарах ёстой. “Атрын гурав дахь аян”-ы 2 дахь жил - 2009 онд Сэлэнгэ аймгийн тариаланчид 210.0 мянган тонн үр тариа, 43,4 мянган тонн төмс, 30,0 мянган тонн хүнсний ногоо, 145,7 мянган тонн хадлан бэлтгэсэн нь улсын хэмжээний үр тарианы 60 орчим хувь, төмсний 30 хувь, хүнсний ногооны 37,5 хувь, хадлан тэжээлийн 18.0 хувийг эзэлж байна.
Хийж бүтээснээ төр засгаараа үнэлүүлж, цагтаа “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-гоор хоёронтоо шагнагдаж байсан Сэлэнгэ аймаг атар газар эзэмшиж, үйлдвэржсэн газар тариаланг хөгжүүлж ирсэн 50 жилийн хугацаанд жил тутам улсын хэрэгцээт үр тарианы 50.0-65.0 хувь, төмс, хүнсний ногооны 28.0-45.0 хувийг тогтмол үйлдвэрлэж, хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, “Атрын гурав дахь аян” газар тариалангийн үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хошуучлан ажиллаж, гарамгай амжилт гаргасны учир Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал Сүхбаатарын одонгоор шагнасныг сая Та бид хүлээн авлаа.
Сэлэнгэ аймгийн өрх бүрийн, иргэн бүрийн хүч оролцоо, идэвхи чармайлт энэхүү төрийн дээд шагналд шингэсэн. Энэхүү амжилт бүтээл нь Та бидний хүрэхээр зорьсон өндрийн оргил нь ч биш, хүрч чадах амжилтын дээд хязгаар нь ч бас биш ээ. Ирэх жилүүдэд Та бүхэн газар тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх, нэгжээс авах ургацын хэмжээг нэмэгдүүлэх, өндөр ашиг шимт, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлж, Монгол Улсын хөдөө аж ахуйн загвар бүс нутаг болон хөгжих ёстой, ийм боломж ч нээлттэй байгаа.
Энэ асуудлаар Засгийн газраас 2008 онд тогтоол гаргаж, одоо УИХ-аас тодорхой шийдвэр гаргуулахаар ажиллаж байна. Сэлэнгэчүүд Та бүхэн төрийн шийдвэр хүлээлгүйгээр өөрсдөө санал санаачилга гарган, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн дэлхий дахины дэвшилт чиг хандлага, техник технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэн ажиллах шаардлагатай. Байгаль цаг уурын харьцангуй таатай нөхцөл, зам тээвэр, харилцаа холбоо, эрчим хүчний дэд бүтэц сайн хөгжсөн, хүн амын нягтрал, ажиллах хүчний нөөц сайтай зэрэг олон давуу тал танай аймагт бий.
Энэхүү давуу тал, бололцоог ашиглан, бүс нутагтаа хөнгөн, хүнсний үйлдвэрлэлийг хөгжүүлж, нэмүү өртөг шингэсэн экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж ч Та бүхэнд байна. Үүний зэрэгцээ Ерөөгийн бүс нутаг дахь төмөрийн бүлэг орд, Түшиг, Хүдэр сумын нутаг дэвсгэрт орших сайн чанарын нүүрсний ордуудыг түшиглэн баяжуулах, боловсруулах үйлдвэрүүдийг барьж байгуулснаар уул уурхайн болон хүнд аж үйлдвэрийн салбарын суурийг тавих бололцоо бүрдээд буйг ч энд дурьдах нь зүйтэй. Хөдөө аж ахуй, уул уурхай, аж үйлдвэрийн аль ч салбарт шинэчлэл, бүтээн байгуулалт өрнүүлэх явцад бидний байнгын анхаарлын төвд байх ёстой нэг ажил бол байгаль орчинд хор хөнөөлгүй технологи хэрэглэх, эх байгалиа хамгаалж, экологийн аюулгүй байдлыг дээд зэргээр эрхэмлэн байгаль орчинд үзүүлсэн хохирлыг нөхөн сэргээх асуудал юм.
Эцэст нь тэмдэглэн хэлэхэд танай аймгийн өмнө хөгжлийн гэгээн ирээдүй, дэвшлийн саруул сайхан зам дурайж байна. Үүнд хүрэхэд гагцхүү Та бүхний мэдлэг ухаан, идэвх санаачилга, хичээл зүтгэл, уйгагүй хөдөлмөр ихээхэн чухал гэдгийг баярын хурлын энэ хүндэт индэрээс онцлон хэлэхийг хүсч байна. Газрын шим арвижиж, сайны үр цэцэглэн дэлгэрэх болтугай.
Анхаарал тавьсанд баярлалаа