Иргэдээ орон сууцжуулах асуудалд ажил хэрэгч үүднээс хандаж, хурдтай үр дүнтэй ажиллахыг Ерөнхий сайд С.Батболд өнөөдөр ажлын хэсгийн уулзалт дээрээс санууллаа. Засгийн газраас иргэдээ орон сууцжуулах,түүгээр дамжуулаад Улаанбаатар хотын утааны асуудлыг давхар шийдэх зорилт тавиад ажиллаж байгаа юм. Энэ дагуу УИХ-аас “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг батлуулсан билээ. Одоогийн байдлаар төрийн албан хаагчдад олгож байгаа урт хугацааны зээлийн хүү жилийн найман хувь байгаа юм. Харин арилжааны банкуудад энэ чиглэлээр олгож байгаа жилийн зээлийн хүү 12 хувиас дээш байгаа нь иргэдийг хүү багатай, урт хугацаатай зээлд хамруулах орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэрхшээлтэй байгаа.
Тэгвэл өнөөдөр хуралдсан хуралдаанаас зарим гарцыг Засгийн газар хайж байна. Тухайлбал, Ерөнхий сайд С.Батболд иргэдэд олгож байгаа орон сууцны зээлийн хүүг 6 хувьд байлгах боломжийг судлаад тодорхой хариулт өгөх үүрэг даалгаврыг холбогдох албан тушаалтнуудад өглөө. Одоогийн байдлаар энэ том ажил буюу хөтөлбөрийг эхлүүлэхэд санхүүгийн асуудал тодорхой бус байгаа юм байна. Тиймээс ирэх даваа гаригт ийнхүү санхүүгийн схемийг тодорхой болгосон хувилбартай орж ирэх үүрэг даалгаврыг тус хуралдаанаар байгуулагдсан Шадар сайд М.Энхболдоор ахлуулсан ажлын хэсгийнхэн авлаа.
Энэ ажил нь эрчимтэй, үр дүнтэй, богино хугацаанд өөрөөр хэлбэл энэ хавар эхлэх ёстойг Ерөнхий сайд С.Батболд анхааруулаад, иргэнээ орон сууцжуулах асуудал Засгийн газрын тэргүүн зорилт гэдгийг онцолсон юм. Түүнээс биш барилгын компанийг бизнестэй болгох нь бидний зорилт биш гэлээ. Энэ бүхэнтэй уялдан гарах нэмэлт зардал, санхүүжилтын асуудлыг төсвийн тодотголд оруулж, хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр мөн хуралдаанаас шийдлээ. Түүнчлэн эдгээр барилгын ажил нь хийгдэхдээ ногоон байгууламж ч мартагдах ёсгүйг эцэст нь анхааруулаад, Сингапур улс баялаггүй мөртлөө иргэдээ орон сууцжуулсан жишээгээр манай улсад ч ийм боломж бийг Ерөнхий сайд С.Батболд тэмдэглэж байна.
Нийслэлийн долдугаар хорооллын нутаг дэвсгэрт дэд бүтэц дулааны асуудал бараг шийдэгдсэнийг ажлын хэсгийн хурлын үеэр ЭБЭХ-ийн сайд Д.Зоригт дуулгаж байв. “ТЭЦ-3”-ийн суурин дээр нэмэлт өргөтгөл хийж, “ТЭЦ-5”-ийг байгуулж байгаа юм байна. Мөн газрын асуудал дээр тодорхой шийдвэрт хүрэх хэрэгтэйг Ерөнхий сайд сануулаад, өглөө босоход айлын нарыг хаагаад барьчихсан бишээр асуудалд хандахыг зөвлөлөө. Харин хүндрэлтэй нь газар чөлөөлөх асуудал бөгөөд иргэд тэр болгон газраа чөлөөлж өгөх сонирхолгүй байдгийг ажлын хэсгийнхэн мэдээлж байв.
Хэдэн жилийн өмнө Ногоон нуур болоод хүнсний дөрөвдүгээр дэлгүүр орчмын айлуудыг нүүлгэхэд дөрвөн айл, дөрвөн жил хүртэл хүлээлгэсэн гашуун түүх байсныг Шадар сайд М.Энхболд хэлж байв. Энэ түүх давтагдахгүй байх гэдэгт найдаж байгаагаа Ерөнхий сайд тэмдэглээд, нийтийн эрх ашгийн үүднээс зарим тохиолдолд төрийн зохицуулалт ч чанга байх хэрэгтэй гэлээ. Ямартай ч ирэх долоо хоногоос эхлэн иргэдээ орон сууцжуулах хөтөлбөрт тодорхой ахицууд гарах нь тодорхой боллоо.
Ажлын хэсгийг Монгол улсын Шадар сайд М.Энхболд ахлах бөгөөд ажлын хэсэгт Монгол улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар, Сангийн сайд С.Баярцогт, ЗТБХБ-ын сайд Х.Баттулга, Монгол банкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж болон тус банкны тэргүүн болон дэд ерөнхийлөгч нар багтлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.