Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд дэлхийн 85 оронд 35 мянган сайн дурын гишүүдээ илгээгээд буй Японы олон улсын ЖАЙКА байгууллагын гишүүдийн төлөөллийг өнөөдөр Төрийн ордонд хүлээн авч уулзлаа. Жайка манай улсад 1991 онд сайн дурын гишүүдээ томилж эхэлснээс хойш Улаанбаатар болон 10 гаруй аймагт тэдний 400 гаруй гишүүд ажиллаж амьдарч, сурсан мэдлэг туршлагаасаа хуваалцан манай улсын хөгжилд дэмжлэг үзүүлж байгаад талархаж явдгаа Ерөнхий сайд илэрхийллээ.
Монгол Улс ардчилал зэх зээлийн нийгэмд шилжсэн энэ 20 жилийн хугацаанд манай хоёр орны харилцаа эрчимтэй хөгжиж, стратегийн түншлэлийн хэмжээнд хүрснийг Ерөнхий сайд тодотгоод хоёр орны иргэдийн ойлголцол, итгэлцлийг бэхжүүлэхэд ЖАЙКА-гийн сайн дурынхан үнэтэй хувь нэмэр оруулж байгааг тэмдэглэлээ. Мөн хоёр орны харилцаа ард түмний хүмүүнлэгийн харилцааны хэлбэрээр хөгжиж, дотноссон нь сайн дурын гишүүдийн тус дэм гэдгийг Монгол Улсын Засгийн газрын тэргүүн онцлоод Монгол орон, монголчуудын хэл, соёл зан заншлыг таньж мэдэн, Японы ард түмэнд түгээн хоёр орны ард иргэдийг холбосон харилцааны гүүр болж явахыг ерөөлөө.
ЖАЙКА-гийн сайн дурын гишүүд цаг зав гарган хүлээн авч уулзсан Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод талархаж байгаагаа болон улам сайн хичээж ажиллахаа илэрхийлэхийн зэрэгцээ өөрсдийн ажиллаж байгаа байгууллага, салбарт тохиолдож буй зарим хүндрэл бэрхшээлтэй асуудлын талаар санал бодлоо солилцлоо.
Эрс тэс уур амьсгалтай, өөр соёл иргэншил, зан заншилтай монгол оронд ажиллаж амьдарч байгаа сайн дурынхан монгол хэл сайн сурч, ярьж чадаж байгааг Ерөнхий сайд магтаж, тэднээр бахархаж байгаагаа хэлсэн юм. Мөн Монгол Улсын Засгийн газар хүнээ хөгжүүлэх бодлогыг нэн тэргүүнд тавьж иргэдээ боловсролтой, өрсөлдөх чадвартай болгох зорилт тавин ажиллаж буйг сайн дурынхан мэдэрч, санал бодлоо хуваалцсанд талархаж байгаагаа дахин илэрхийллээ.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Японы олон улсын ЖАЙКА байгууллагын сайн дурын гишүүдтэй уулзах энэ үеэрээ Японд газар хөдөлж, байгалийн аюулт үзэгдэл болж байгаад Монгол Улсын Засгийн газрын өмнөөс болон хувиасаа харамсаж байгаагаа илэрхийллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.