Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
ЕРӨНХИЙ САЙД БИЗНЕС ЭРХЛЭГЧИДТЭЙ УУЛЗЛАА
/ мэдээг нийтэлсэн огноо : 2011.03.15 /
Монгол Улсын Засгийн газраас 2011 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарласан. Жилийн ажлыг үр дүнтэй болгохын тулд энэ ажлыг улсын хэмжээнд удирдан зохион байгуулах үүрэг бүхий Үндэсний хороог Ерөнхий сайд өөрөө удирдаж байгаа юм. Үндэсний хорооны анхдугаар хурлаар хийх ажлын төлөвлөгөөгөө батлан 4 салбар хороо байгуулж ажилдаа орсон. Энэ жилийн ажлын хүрээнд өрх бүрийг үйлдвэрлэгч болгож, ажил олгогч бүр 1-ээс дээш ажлын байр бий болгох, залуучууд, 40-өөс дээш насныхан, цэргийн алба хаагчдыг ажлын байраар хангахыг Засгийн газар чухалчилж байгаа.

 Аймаг, нийслэл, сум, дүүрэг, хороонд хэдэн хүн ажилтай болсон, удирдлага, зохион байгуулалтын ямар арга хэмжээ авсан зэргээр нь байгууллага, албан тушаалтны ажлыг дүгнэж, манайд хэрэгжиж байгаа аливаа төсөл, хөтөлбөр, хөрөнгө оруулалт, зээл, тусламжийн дүнд хэдэн ажлын байр бий болж байгааг  нарийвчлан үзэх юм. Гэхдээ Засгийн газар дангаараа зүтгээд байлгүй хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд, салбар бүрийн мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагатай хамтран ажиллахыг зорьж байна. 

Энэ үүднээс Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Сангийн, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд болон Монголбанкны удирдлагуудын хамт 2011 оны 3 дугаар сарын 14-ний өдөр бизнес эрхлэгчидтэй уулзаж ярилцлаа. Хэдийгээр бидэнд бэрхшээл, зовлон их байгаа ч тулгамдсан асуудлаа зөвхөн шүүмжлэх, улс төржих, уриа лоозонгийн хэлбэрээр бус, хэрхэн шийдвэрлэх гарцын талаар ярьж, бодитой, ажил хэрэгч санал хэлэхийг тэрээр уулзалтын эхэнд хүсэв. 

“Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийг үр дүнд хүргэхийн тулд талууд үүрэг, хариуцлагаа хуваалцана. Зохион байгуулах, дэмжих, зохицуулалт хийх чиглэлээр Засгийн газар манлайлах үүрэгтэй оролцоно. Өнгөрсөн оны эцэст 100 гаруй зөвшөөрөл, лицензийг хүчингүй болгож, төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагад шилжүүлсэн. Хамгийн гол нь мэргэжлийн холбоод салбараа бүрэн төлөөлдөг, бодлогоо зөв тодорхойлж, хэрэгжүүлдэг чадавхитай байх ёстой. Тухайлбал ямар нэгэн хууль батлахад тухайн салбарынхан байр сууриа тэр болгон илэрхийлдэггүй хэрнээ хууль батлагдаад гарсны дараа амьдралд нийцэхгүй байна хэмээн элдэв шүүмжлэл хэлэх нь зохисгүй гэдгийг Ерөнхий сайд бизнес эрхлэгчдэд хэлж, үүнд  хариуцлагатай хандан, санал бодлоо идэвхтэй илэрхийлдэг байхыг анхаарууллаа.  

Энэ жил Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас 30 тэрбум, Японоос 70 тэрбум төгрөг, Засгийн газраас 100 тэрбумын бонд гаргаж 30 орчим мянган ажлын байр бий болгохоор зорьж байна. Үйлдвэрүүд нийслэл, дүүрэг, хороотой гэрээ байгуулж, ажиллах хүчнээ сурган, зарим бүтээгдэхүүнээ өрхийн үйлдвэрлэлээр хийлгэх боломж байгааг Ерөнхий сайд хэллээ. Тухайлбал савхи, ноолууран эдлэл үйлдвэрлэх машиныг өрхөд авч өгөх, хүмүүсийг нь сургах хөрөнгийг Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас гаргаж, хөдөө орон нутагт малчид, газар тариаланчдын бүлэг, хоршоо, нөхөрлөл байгуулж ажиллуулахыг Засгийн газар дэмжинэ гэдгийг жишээ болгов.  

Ерөнхий сайдыг үг хэлсний дараа бизнес эрхлэгчид тулгарч байгаа хүндрэл, бэрхшээл, гарах гарцын талаар санал, бодлоо илэрхийллээ.

Тэд дотоодын зах зээлээ хамгаалж, үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийн тулд төмс, хүнсний ногоо, бэлэн хувцас зэрэг импортын зарим барааны татварыг нэмж, боловсруулсан бүтээгдэхүүний экспортын татварыг хөнгөлөх, чөлөөлөх, тухайн аж ахуйн нэгжийг хэдэн ажлын байр бий болгосноос нь хамаарч татварын хөнгөлөлт үзүүлдэг байх, үйлдвэрүүд ажлынхаа байранд ажиллах хүнээ бэлтгэдэг болох  зэргийг голлон хөндөв.   

Цөөнгүй яригдсан эдгээр асуудлыг шийдвэрлэхээр Засгийн газар ажиллаж байгаа ч бизнес эрхлэгчдэд мэдээлэл сайн хүрдэггүй нь ажиглагдаж байлаа. Жишээлбэл цэрэг, цагдаагийн албан хаагчдын болон сурагчийн дүрэмт хувцас, ширээ, сандал, аливаа тэмдэглэлт ойд зориулсан бэлэг, дурсгалын зүйл зэргийг зөвхөн дотоодын аж ахуй нэгжээр хийлгэдэг байхаар Засгийн газар зохицуулах гэж байгаа юм. Гарсан саналыг үйл ажиллагаандаа тусгана. Хамгийн гол нь бид өөрсдөө үйлдвэрлэж байгаа бараа, бүтээгдэхүүнийхээ чанарт анхаарах ёстой гэж Ерөнхий сайд энэ үеэр анхааруулаад өмнө нь хөндөгдөөгүй саналуудыг нэгтгэн, хэрхэн шийдвэрлэх саналаа танилцуулахыг танхимынхаа гишүүдэд үүрэг болголоо.  

Түүнчлэн уул уурхайг хөгжүүлэх нь гол биш, харин монгол хүнээ хөгжүүлж, эдийн засгаа чадваржуулах нь Засгийн газрын гол зорилт гэж Ерөнхий сайд онцлоод уул уурхайн салбараас татвар зэрэг хэлбэрээр олох мөнгийг бусад салбараа, тухайлбал жижиг, дунд үйлдвэрлэлээ эрчимтэй дэмжихэд зарцуулна гэв. Цаашид Засгийн газар МҮХАҮТ, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо зэрэг төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод сар бүр уулзаж асуудлаа хэлэлцэн, гарах гарцаа ярилцаж байхаар тогтсон байна.   



ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
803 САЯ ТӨГРӨГИЙН ХАНДИВ ӨРГӨӨД БАЙНА
Иргэдээ орон сууцжуулах ажлыг Засгийн газар эрчимжүүллээ
Хүнсний аюулгүй байдлыг Европын норм стандартын тэргүүлэх чиглэл болгоход санал нэгдлээ
Сорьцийн хяналтынхан 475 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар шуурхай үйлчилгээ үзүүлэх болжээ
Гамшигт нэрвэгдсэн дөрвөн бүсээс иргэдээ үнэ төлбөргүйгээр эх оронд нь авчирна
Нутаг буцах хүсэлт гаргасан иргэдээ авчрах талаар бүхий л арга хэмжээг авч байна
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан