Орон сууцны зээлийн хүүг зургаан хувьд хүргэх үүрэг даалгаврыг хэдхэн хоногийн өмнө хуралдсан ажлын хэсгийн хуралдаанаар Ерөнхий сайд өгсөн билээ. Энэ ажлыг бодит болгох, түүнчлэн иргэдээ орон сууцжуулах илүү их боломжийн талаар Засгийн газар шаргуу ажиллаж байна. Үүний нэг жишээ нь Монгол улсын шадар сайд М.Энхболдоор ахлуулсан Үндэсний хороог шинээр байгуулсан явдал юм. Тус хороо нь анхны хуралдаанаа өнөөдөр үдээс хойш хийлээ. Уг хороо нь ЗТБХБ-ын сайд Х.Баттулга, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр нарын хоёр дэд даргатай, бүх салбарыг хамарсан 20-иод гишүүнтэйгээр байгуулагдсан байна.
Үндэсний хороо анхны хуралдаанаараа “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд хийгдэхээр төлөвлөгдөж байгаа ажлуудаас дэлгэрэнгүй мэдээллийг сонслоо. Юуны өмнө хөтөлбөртэй холбогдуулж таван шинэ хуулийг шинээр боловсруулж, 10 гаруй хуульд нэмэлт өөрчлөлт, шинэчилсэн найруулга хийх шаардлагатай байгааг мэргэжлийн холбогдох албан тушаалтнууд тайлбарлаж байна. Бүх хуулийг нэг өдөр оруулж шийдэх аргагүй учраас эхний ээлжинд хамгийн шаардлагатай байгаа хууль, хуулийн төслийн дэс дарааг гаргаж мөрдөхийг хороон дарга М.Энхболд үүрэг болголоо. Дараагийн танилцуулга нь шинэ хорооллын газар олголт, түүний явцын талаарх мэдээлэл байв.
Буянт-ухаад 170 га орчим талбайд 12500, Яармагт 32000, Баянголын аманд 480 га газарт 18000 , 7 дугаар хороололд 210 га газарт 10956, Телевизэд 35 га газарт 4200 , 14 дүгээр хороололд 235 га газарт 12000 айлын орон сууцыг тус зургаан хороололд барихаар тус тус төлөвлөж байгаа юм байна. Газар зохион байгуулалтыг иргэд болоод төрийн өмчлөлийн хүрээнд нөхөн олголтын байдалтайгаар шийдэх төлөвлөгөөтэй байгааг танилцуулсан. Мөн үүнтэй холбоотойгоор Яармагийн орчим дахь тусгай хамгаалалтын газар ч хөндөгдлөө.
Хувийн хэвшлийнхэн болохоор ам амаар нь байшин бариад, төрийн байгууллага гэхээр ийм асуудалтай тулгарч болохгүйг үндэсний хорооны дарга М.Энхболд энэ үеэр сануулаад, шаардлагатай гэж үзвэл тусгай хамгаалалтын газрын бүсийн хягаарлалтыг өөрчлөн тогтоох тухай хуулийн төслийг УИХ-д оруулж болохыг дурьдлаа. Харин Телевиз болон 7 , 14 дүгээр хорооллын газар чөлөөлөх асуудалд хүндрэл учирч болзошгүйг мөн тэмдэглээд, үүнд захиргаадалт болоод эдийн засгийн механизмын тогтолцоог мөрдөх боломжтойг ч мөн зөвлөж байсан. Эдгээр хорооллын дулаан хангамжийн асуудалд нэлээн нааштай үзүүлэлт байгааг холбогдох мэргэжилтнүүд өгч байна.
Гэхдээ шинэ хороололуудын дулаан хангамжийн эх үүсвэрийг сайжруулахтай холбогдуулсан тодорхой үүрэг даалгаврыг мэргэжлийн яамдынхан авлаа. Харин цахилгаан хангамжийн хувьд эдгээр хорооллыг хангах, түгээх, дамжуулах зэрэг нь бүгд нийлээд 199 орчим тэрбум төгрөг шаардлагатай байгаа юм байна . Хөрөнгө л байвал цахилгаанаар хангах бүрэн боломжтой ажээ. Усан хангамжийн хувьд 7, 14, Телевиз, Баянголын амын хорооллыг хангах бололцоотой, Яармаг Буянт-Ухаа хорооллыг шинэ эх үүсвэрээр шийдэх юм байна. Энэ чиглэлээр тодорхой ажлуудыг хийх үүргийг Нийслэлийн засаг дарга авлаа.
Иргэдийн хамгийн их сонирхож байгаа санхүүжилтын асуудал ч энэ хуралдааны үеэр мөн хөндөгдлөө. Монгол банкны дэд ерөнхийлөгч Н.Золжаргалын хэлснээр энэ хөтөлбөрт зориулан 800-аад тэрбум төгрөгийн бонд гаргахаар болж байгаа ажээ. Энэ асуудлыг өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх юм байна. Үүний 300 орчим тэрбум нь газраа чөлөөлж буй иргэдэд өгөх зэрэг барилгын ажилд зөвхөн зориулагдах ажээ.
Мөн банкны хүүг зургаад хүргэх Ерөнхий сайдын үүрэг хэвээр байгааг хуралдааны үеэр шадар сайд М.Энхболд онцолж, энэ байр суурь өөрчлөгдөхгүй гэдгийг тэмдэглэж байсан. Мөн үндэсний хорооны хуралдаанаас Буянт-Ухаа хорооллын эхний ажлыг эхлүүлэх шийдвэрийг гаргалаа. Тус хороололд энэ удаа 1798 айлын орон сууцыг барина. Ирэх тавдугаар сард ажлыг эхлүүлж, ирэх оны зургадугаар сард дуусгахаар төлөвлөжээ. Иргэдээ орон сууцжуулах хөтөлбөрийн эхний ажил энэ юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ