Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
Засгийн газрын хуралдаан 2011 оны 3 дугаар сарын 16-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа
/ мэдээг нийтэлсэн огноо : 2011.03.16 /
“ОЮУТОЛГОЙ” ХХК-ИЙН ХУВЬ НИЙЛҮҮЛЭГЧДИЙН ГЭРЭЭНД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛНА

Засгийн газрын хуралдаанаар Засгийн газар болон “Айвенхоу Майнз Монголиа Инк” ХХК, “Айвенхоу Майнз Лимитед”, “Рио Тинто Интернейшнл Холдингс Лимитед” компани хооронд байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын явцтай танилцав. Гэрээ байгуулснаас хойш хугацаанд төслийн санхүүжилтийн хүүг бууруулах, санхүүжилтийн арга хэлбэр, нөхцөлийг монголын талд үр ашигтайгаар шийдвэрлэх талаар компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөл, Хувь нийлүүлэгчдийн хурал болон яриа хэлэлцээний үеэр удаа дараа ярилцсаар ирсэн. Үүний дүнд хөрөнгө оруулагч талтай харилцан тохиролцоонд хүрсэн гэж Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт хэлэв.

Оюутолгой төслийн санхүүжилтийн хүүг LIBOR нэмэх нь 6,5хувь болгон бууруулах, Монголын тал санхүүжилт хийх, төслийн санхүүжилтэд оролцох эрхтэй байх,төслийн санхүүжилтийг гуравдагч этгээдээс тэргүүн ээлжинд авах, шаардлагатай тохиолдолд санхүүжилтийн эрсдэлээс хамгаалах хувилбарыг ашиглах, өмнө нь гэрээнд тусгагдсан байсан давуу эрхийн хувьцааны асуудлыг өөрчлөх, Монголын талын эзэмшлийн 34 хувь ямар ч тохиолдолд буурахгүй байх зэргийг хөрөнгө оруулагч талтай харилцан тохиролцжээ.

Энэ дагуу:

  1. Санхүүжилт болон зээлийн хувь хэмжээ: Яриа хэлэлцээний үр дүнд төслийн хүрээнд хийгдэх нийт санхүүжилт болон зээлийн хувь хэмжээ 9,9 хувь нэмэх нь АНУ-ын инфляци байсныг өөрчлөн Лондонгийн банк хоорондох зээлийн хүү буюу LIBOR нэмэх нь 6,5 хувиар тооцохоор хөрөнгө оруулагч талтай харилцан тохиролцлоо. Санхүүжилт болон зээлийн шинээр тохиролцсон хувь, хэмжээнь олон улсын санхүүгийн зах зээлд Засгийн газрын болон төрийн өмчийн оролцоот аж ахуйн нэгжүүдэд олгодог санхүүжилтийн урт хугацааны зээлийн хувь,хэмжээтэй дүйцэхүйц одоогийн санхүүжилтийн нөхцөлөөс манай талд илүү үр өгөөжтэй юм. Энэ тохиролцоог 2011 оны 1 дүгээр сарын 31-ний өдрөөс эхлэн мөрдөхөөр болжээ.
  2. Монголын талын санхүүжилт хийх эрх:  Монголын тал төсөлд шаардлагатай нийт мөнгөн хөрөнгийн өөрт ноогдох хэсгийг ямар ч үед гаргах эрхтэй байхаар тохиролцсон байна. Мөн манай талын санхүүжилт хийх нөхцөлийг бүрдүүлэх үүднээс компани нь жил бүр үйл ажиллагааны хөтөлбөр, төсвийг батлахдаа ирэх 12 сарын хугацаанд шаардлагатай мөнгөн хөрөнгийн хэрэгцээ шаардлагын төлөвлөгөө, танилцуулгыг Төлөөлөн Удирдах Зөвлөл болон болон хувь нийлүүлэгч талуудад танилцуулахаар боллоо.
  3. Санхүүжилтийн эрсдэлээс хамгаалах хувилбар: /Funding hedging options/: Төслийн нийт санхүүжилт болон зээлийн хүү нь Лондонгийн банк хоорондох зээлийн хүү буюу LIBOR нэмэх нь 6,5хувь байна. Хэрвээ дэлхийн эдийн засаг, санхүүгийн байдлаас шалтгаалан Лондонгийн банк хоорондох зээлийн хүүнь компани болон хувь нийлүүлэгч талуудад өндөр өртөгтэй болох тохиолдолд компани санхүүжилтийн эрсдэлээс хамгаалах хувилбаруудыг судалж, шаардлагатай арга хэмжээ авна. МөнХөрөнгө оруулагч талтай 7 жил тутам санхүүжилт болон зээлийн хүүгээ дахин судалж хэлэлцэхээр болжээ.
  4. Гуравдагч этгээдээс авах төслийн санхүүжилт: Компани нь олон улсын банкны зах зээлээс Оюутолгой төслийн хувьд үр өгөөжтэй, зохистой гуравдагч этгээдийн төслийн санхүүжилтийг тэргүүн ээлжинд авч ашиглана. Төсөлд зориулан хувь нийлүүлэгч талууд гуравдагч этгээдээс авах төслийн санхүүжилтийг компанид санал болгохдоо уг санхүүжилтийн өртөг зардалд аливаа хураамж ногдуулах, нэмэлт ашиг хийхгүй байх юм.  
  5. Монголын талын эзэмшлийн 34 буурахгүй байх: Монголын талынэзэмших 34 хувьбуурахгүй байхаар өмнө нь гэрээнд тусгасан байсан.  Харин манай талаас шаардсан мөнгөн хөрөнгийг компанид нийлүүлэхээр шийдвэрлэсэн эсэхээс үл хамааран монголын талын хувь эзэмшил (34%)-ийг түүний зөвшөөрөлгүйгээр бууруулахгүй байхыг баталгаажууллаа.
  6. Давуу эрхийн хувьцаа: Хувь нийлүүлэгчдийн гэрээний 11 дүгээр бүлэгтөмнө нь тусгагдсан байсан давуу эрхийн хувьцаатай холбоотой аливаа асуудлыг бүрэн өөрчлөхүүднээс гэрээнээс хасахаарболжээ. Үүний оронд зээлийн эрхийн бичгээр санхүүжүүлэх юм.  
  7. Бусад асуудал: “Айвенхоу Майнз Лимитед”болон “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед”компани гэрээний дагуу "Оюутолгой" ХХК-д эзэмшиж буй аливаа хувьцаагаа төрийн өмчийн оролцоот этгээдэд, эсвэл “Оюутолгой”ХХК-ийн шууд буюу шууд бус хамааралтай этгээдэд худалдах, шилжүүлэхдээ Монгол Улсын Засгийн газартай урьдчилан зөвшилцөж,бичгээр өгсөн зөвшөөрлийн үндсэн дээр хийхээр тохиролцов. Ийнхүү хувьцаа худалдах, шилжүүлэхийг хязгаарласан асуудлаар Хөрөнгө оруулалтын гэрээний талууд тусдаа гэрээ байгуулан гарын үсэг зурж баталгаажуулахаар болжээ.

ЗАСГИЙН ГАЗАР 800 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БОНД ГАРГАНА

Засгийн газрын хуралдаанаар үнэт цаас болон Засгийн газрын баталгаа гаргах тухай хэлэлцээд 800 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргахаар шийдвэрлэв. Санхүүгийнх нь эх үүсвэрийг бүрдүүлэхэд зориулж Монгол Улсын Хөгжлийн банкны 250 тэрбум төгрөгийн үнэт цаасыг 5 жил, 250 тэрбум төгрөгийн үнэт цаасыг 10 жил, 300 тэрбум төгрөгийн үнэт цаасыг 15 жилийн хугацаатай дотоодын зах зээлд гаргахыг Хөгжлийн банкны Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Ч.Хашчулуунд, үнэт цаасны үндсэн болон хүүгийн төлбөрт Засгийн газрын баталгаа гаргахыг Сангийн сайдад зөвшөөрсөн байна.

Баталгаажсан үнэт цаасны эх үүсвэрээс Улсын Их Хурлын 2011 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 15 дугаар тогтоолд заасан төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлж эхлэх юм. Мөн хуралдаанаас Монгол Улсын Хөгжлийн банкны үнэт цаасны эх үүсвэрийг хямдруулах, иргэдэд олгох боломжийн хямд үнэтэй орон сууцны зээлийн хүүг жилийн 6 хувиас хэтрүүлэхгүй байлгах саналыг Монголбанктай хамтран  боловсруулж Засгийн газарт оруулж шийдвэрлүүлэхийг Хөгжлийн банкны Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Ч.Хашчулуунд даалгав. Уг арга хэмжээг авахдаа мөнгөний бодлоготой уялдуулж хийхийг холбогдох газруудад Засгийн газрын хуралдаанаас зөвлөмж болголоо.  

“САЙНШАНД АЖ ҮЙЛДВЭРИЙН ЦОГЦОЛБОР” ТӨСЛИЙН ЗӨВЛӨХ КОМПАНИЙГ ШАЛГАРУУЛНА

“Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор” төслийн олон улсын болон дотоодын хамтарсан хуулийн зөвлөх үйлчилгээний компанийн сонгон шалгаруулалтад “Liberty partners LLC”, ”BNP Paribas”, ”McKinsey and Company”, “Pillsbury”компанийн нэгдэл болон “Hogan Lovells”, ”GT’s advocate”консерциум оролцсон байна.

Эдгээрээс Hogan Lovells”, ”GT’s advocate”консерциум хамгийн сайн үнэлгээ авчээ. Гэхдээ дээрх компаниуд төслийн бүтээн байгуулалтын ажлыг санхүүжүүлэх эх үүсвэрийг хэрхэн бүрдүүлэх, санхүүжилтийн бүтэц боловсруулах болон эрсдлийг хүлээх зэрэгт учир дутагдалтай  байгаа тул үүнийг  “Liberty partners LLC”, ”BNP Paribas”, ”McKinsey and Company”, “Pillsbury”компанийн нэгдэлд хариуцуулан хамтарсан баг байгуулж шийдвэрлэх боломжтой гэж Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо үзэж байна.

Төслийн ерөнхий зөвлөх үйлчилгээний компанийн сонгон шалгаруулалтад 4 компани өрсөлдсөнөөс техникийн босго оноог “Bechtel”, ”Worley Parsons”компани хангажээ. Нэгдсэн дүнгээр “Bechtel” компанийн санал хамгийн сайн үнэлэгдсэн учир хэлэлцээрт орж, өмнө хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээний бодит үр дүнтэй танилцсаны үндсэн дээр гэрээ байгуулах боломжтой гэсэн дүгнэлт гараад байна.

Үнэлгээ дуусч, шалгарсан компаниудтай гэрээ байгуулах ажил эхэлж байгаатай холбогдуулан талууд санхүүжилтийн хэлэлцээрт орно. Хэрэв тохиролцоонд хүрэхгүй бол удаах оноо авсан зөвлөх компанитай хэлэлцээ хийж  тендерийн хүчинтэй байх хугацаанд /2011.03.26/ зөвлөхүүдийг сонгон шалгаруулна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.     

УЛСЫН ТЭРГҮҮНИЙ СУМДЫГ ШАЛГАРУУЛЛАА

Улсын тэргүүний /загвар/ сумаар Булган аймгийн Сэлэнгэ, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Сэлэнгэ аймгийн Мандал, Ховд аймгийн Дарви сумыг шалгаруулж тус бүр гэрчилгээ, 100 сая төгрөгөөр шагнахаар Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ. Засгийн газрын 2009 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 193 дугаар тогтоолын дагуу “Улсын тэргүүний /загвар/ сум шалгаруулах болзол” баталж, 2 жил тутам бүс бүрээс 1 сум шалгаруулахаар болсон юм.

Энэ дагуу бүсийн зөвлөлүүд бүсээсээ 1 сумыг шалгаруулахаар материалаа ирүүлсэн бөгөөд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын ажилтнууд сумдын ажилтай газар дээр танилцаж, дүгнэлт өгчээ. Орон нутгийн Хурал, Засаг даргын бүрэн эрхийн хугацаатай уялдуулах зорилгоор ирэх онд “Улсын тэргүүний сум” шалгаруулж, цаашид 2 жил тутам шалгаруулж байхыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатарт даалгасан байна.

ЕРӨНХИЙ САЙДЫН ОРОН НУТАГТ ХИЙСЭН АЙЛЧЛАЛЫН МӨРӨӨР ХИЙСЭН АЖИЛТАЙ ТАНИЛЦАВ

“Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын орон нутагт ажилласан мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-ний биелэлтийн тухай Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар танилцуулав. Ерөнхий сайд орон нутагт ажиллаад ирснийхээ дараа иргэдээс гарсан саналыг нэгтгэн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, хийх ажлын төлөвлөгөөг батласан юм.

99 заалт бүхий ажлын 70 нь буюу 93,9 хувь нь хэрэгжсэн бөгөөд 2011 оны төсөвт тусгагдан, санхүүжилт нь ямар нэг байдлаар шийдэгджээ. 23 заалтыг  хэрэгжүүлэхээр судлаж, төсвийн тодотгол, гадаадын төсөл, хөтөлбөр, бусад санхүүжилтийн эх үүсвэрт хамруулахыг зорьж байгаа бол 6 асуудал огт хэрэгжээгүй, төсөвт тусгагдаагүй байна. 

Өлгий хотод хүүхэд, залуучуудын парк шинээр байгуулах, Завхан аймгийн төвийн гэр хорооллын 2.5 км замыг засварлах хөрөнгийн эх үүсвэр, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын цэвэр, бохир усны нэгдсэн системийн барилга, байгууламжийн зураг төсөл боловсруулах, Дэлгэрцогт, Дэрэн сумын нутагт бэлчээр сайжруулах экологийн туршилт, судалгааны төв байгуулах, Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн барилгыг төсвийн хөрөнгөөр шинээр барих, Дархан-Уул аймгийн Орхон сумын төвөөс Улаанбаатар-Сэлэнгийн төмөр зам хүртэл 7 км хатуу хучилттай зам барих зэрэгт анхаарах хэрэгтэй байна.

Хуралдаанаар энэ талаар хэлэлцэн хэрэгжээгүй болон хэрэгжих шатандаа байгаа удаашралтай ажилд анхаарч, ирэх оны төсөвт тусгах, бусад эх үүсвэрт хамруулах зэрэг арга хэмжээ авахыг Засгийн газрын гишүүдэд даалгалаа.

ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГАХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛНЭ

2011-2012 онд хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсвийн багц болон гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжих төслийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайд болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа. 59 зорилтын хүрээнд хийгдэх 124 арга хэмжээг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, яамд, агентлагууд, орон нутгийн захиргааны байгууллага зохион байгуулах бол төрийн бус байгууллагууд хяналт тавьж хамтран ажиллах юм. 2011 оны Засгийн газраас “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарласантай уялдуулж нийгэм, соёл, эдийн засгийн эрхийн хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээг түлхүү тусгасан байна.

ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮНИЙГ ӨӨРЧИЛНӨ

Энэ жил Үндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулагдсаны 805 жилийн ой, Ардын хувьсгалын 90 жилийн ой тохиож байгаа. Баяр наадмын арга хэмжээг хурдан шуурхай зохион байгуулах, ард иргэдийн ая тухтай наадамлах боломж бүрдүүлэх, баяр наадмын үйл ажиллагааг батлагдсан хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу явуулахад Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах үндэсний хорооны бүрэлдэхүүнд холбогдох байгууллагаас төлөөлөл оролцуулах шаардлага бий болжээ.

Иймд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Улсын Их Хурлын Тамгын газрын нарийн бичгийн дарга, Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, Түүхийн ухааны хүрээлэнгийн захирал, Шадар сайдын зөвлөх, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Захиргааны хэлтсийн дарга нарыг хорооны бүрэлдэхүүнд нэмж оруулахаар боллоо.

ЗАСГИЙН ГАЗРЫН ШИЙДВЭРИЙН ХЭРЭГЖИЛТ  81,4 ХУВЬТАЙ БАЙНА

Хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийн 2010 оны 4 дүгээр улирлын дүнг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар гишүүдэд танилцууллаа. Үүнтэй холбогдуулан Улсын Их Хурлын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэрийн заалт, арга хэмжээ бүрийг хяналтад авч, хэрэгжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах, биелэлтийг тогтоосон хугацаанд нь бодитойгоор  тайлагнах, 2010 оны 4 дүгээр улирлын байдлаар тасарсан болон хэрэгжилт нь удааширч байгаа заалтуудыг хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг сайд, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа.

2010 оны 4 дүгээр улиралд УИХ-ын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Үндэсний Аюулгүй байдлын зөвлөмж, Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын захирамж, Засгийн газрын хуралдааны тэмдэглэл зэрэг хяналтад авсан 4544 шийдвэрийн 6723 заалт / давхардсан тоогоор/-ын биелэлт 81,5 хувьтай байна. Улсын Их Хурлын тогтоол, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж зэрэг 128 шийдвэрийн 215 заалтыг хэрэгжүүлэх арга хэмжээ авснаас 46 заалт буюу 21,4 хувь нь биелжээ. 160 заалт буюу 74,5 хувь нь хэрэгжих шатанд, 7 заалтын биелэлтийг тооцох хугацаа болоогүй, 7 арга хэмжээ тасарсан болон хэрэгжилтийн явц нь удаашралтай байна.

2010 оны 4 дүгээр улиралд Засгийн газрын 4416 шийдвэрийн 6508 заалтыг хэрэгжүүлэх арга хэмжээ авсны дүнд 2833 заалт буюу 43,5 хувь нь биелж, 3599 заалт буюу 55,3 хувь хэрэгжих шатандаа, биелэлтийг тооцох хугацаа болоогүй 55 арга хэмжээ байна. Нийт заалтын 0,33 хувь буюу 21 арга хэмжээ тасарсны 80,9 хувь нь ажлын зохион байгуулалт хангалтгүй байсантай холбоотой байжээ.  

ТОВЧХОН

  • Улсын Их Хурлын нэр бүхий 15 гишүүний санаачлан боловсруулсан “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль”-ийн төслийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжиж, гишүүдээс гарсан саналыг хууль санаачлагчдад уламжлахаар болов.
  • 2011 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Бүгд Найрамдах Итали Улсын Ром хотноо болсон Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны Монгол, Италийн Засгийн газар хоорондын Хамтарсан комиссын анхдугаар хуралдааны дүнг Засгийн газрын хуралдаанаас сайшаалаа. Хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө батлан, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Хамтарсан комиссын Монголын хэсгийн дарга Т.Бадамжунайд даалгав.
  • Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Засгийн газар хоорондын Агаарын харилцааны хэлэлцээр байгуулахыг дэмжиж, зарчмын хувьд зүйтэй гэж үзлээ. Хэлэлцээр байгуулснаар хоёр орны хоорондын агаарын харилцаа, хамтын ажиллагаа шинэ шатанд гарах бөгөөд ялангуяа агаарын шууд болон дамжин өнгөрөх нислэгийн эрх зүйн зохицуулалт бүрдэх юм байна. 


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
Европын холбооны Төлөөлөгчийн газрыг Монголд нээх сонирхолтой байгаагаа Ерөнхий сайд илэрхийллээ
Монголын инженерүүдийн анхдугаар чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын хэлсэн үг
ЯПОНЫ АРД ТҮМЭНД 500 ГАРУЙ САЯ ТӨГРӨГИЙН ХАНДИВ ӨРГӨВ
Хүнсний аюулгүй байдлыг Европын норм стандартын тэргүүлэх чиглэл болгоход санал нэгдлээ
Иргэдээ орон сууцжуулах ажлыг Засгийн газар эрчимжүүллээ
803 САЯ ТӨГРӨГИЙН ХАНДИВ ӨРГӨӨД БАЙНА
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан