Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
Засгийн газрын хуралдаан 2011 оны 3 дугаар сарын 22-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа
/ мэдээг нийтэлсэн огноо : 2011.03.22 /
ЕВРОПЫН ХОЛБООНЫ СТАНДАРТЫГ НЭВТРҮҮЛЭХ БЭЛТГЭЛЭЭ ХАНГАНА

Европын Холбооны нийтлэг зарчим, хэм хэмжээ, стандартыг судлах нэвтрүүлэх бэлтгэл ажлыг хангах төлөвлөгөөг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Европын Стандартын Хороо, Европын Цахилгаан техникийн стандартын хороонд хамтран ажиллагч байгууллагаар элсэх тухай хүсэлтийг албан ёсоор уламжлан шийдвэрлүүлэх болов. Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан, Тэргүүн шадар сайд Н.Алтанхуягийн ахалсан Ажлын хэсэг Бүгд Найрамдах Чех Улс Европын стандартыг хэрхэн авч, нутагшуулж байгаа туршлагатай газар дээр нь танилцсан байна.  

Европын стандартын тогтолцоог нэвтрүүлэхийн тулд манай улс юуны өмнө Европын Холбооны хүрээнд бүх төрлийн үйл ажиллагааны стандарт тогтоож байгаа үндсэн гурван байгууллагад хамтран ажиллах хүсэлтээ албан ёсоор уламжилж, Европын стандартын төрөлжсөн байгууллагуудын мэдээллийн сангаас мэдээлэл авах эрх нээлгэх ёстой юм. Европын стандартыг нэвтрүүлэх тухай асуудлаар тогтоолын төсөл боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэх шаардлагатай бөгөөд тогтоол батлагдсанаар стандарт нэвтрүүлэх нь зөвхөн Засгийн газрын бус, төрийн холбогдох бүх байгууллагын үүрэг болохын зэрэгцээ  шаардагдах хөрөнгийг дараа жилүүдийн улсын төсөвт тусгахад нэмэртэй гэж Ажлын хэсэг үзжээ.  

Манай зарим салбарт нэвтрүүлэх гэж байгаа Канадын барилга, Их Британы Кембрижийн боловсролын, ОХУ-ын төмөр замын зэрэг стандарт нь цаашид Европын Холбооны стандарттай нийцэх эсэх тухай асуудлыг судалж, шийдвэрлэх шаардлагатай байна. Мөн Европын Холбооны хүрээнд мөрдөгдөж байгаа 5500 гаруй стандартыг нэг бүрчлэн монгол хэлнээ хөрвүүлж, тухайн стандартыг мөрдөх салбар тус бүр тодорхой ойлголттой болох гээд цаг хугацаа, хүн, хөрөнгө хүч шаардсан ажил хүлээж байна.

Манай улсад мөрдөгдөж байгаа үндэсний стандартын тогтолцоо, ялангуяа заавал мөрдөгдөх стандартын зарчимд суурилсан тогтолцоог баталгаажуулсан “Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хууль”-ийг шинэчлэн боловсруулах, олон улсын зарчмын дагуу сайн дурын үндсэн дээр мөрдөгдөх стандартын тогтолцоог хүлээн зөвшөөрсөн, Европын стандартад шилжих шилжилтийн талаархи эрх зүйн асуудлыг тусгасан холбогдох хуулийн төслийг шинэчлэн боловсруулах Ажлын хэсэг байгуулан ажиллах шаардлагатай байна.

ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДҮРМИЙГ ДЭМЖЛЭЭ

“Монгол Улсын Хөгжлийн банкны дүрэм” болон банкны удирдах үйл ажиллагааг хэрэгжүүлэх Удирдлагын багтай байгуулах гэрээний төслийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Засгийн газрын 2011 оны 3 дугаар сар 18-ны өдрийн хуралдаанаар Хөгжлийн банкны бүтэц, зохион байгуулалт, Удирдлагын багтай гэрээ байгуулахыг зөвшөөрч, дүрмийг нь дахин боловсруулж Засгийн газарт оруулахыг даалгасан юм. Энэ дагуу банкны дүрмийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжлээ.  

ДЭВШҮҮЛСЭН ЗОРИЛТОО ХЭРЭГЖҮҮЛЭХ ЭДИЙН ЗАСАГ, САНХҮҮГИЙН ҮНДЭС СУУРИА БЭХЖҮҮЛЖ ЧАДЖЭЭ

Засгийн газар 2010 онд санхүү, эдийн засгийн хүндрэлийг амжилттай даван туулж, үүний дүнд бий болсон олон эерэг үр дүнг тогтворжуулан, бүрэн эрхийн үлдсэн хугацаанд дэвшүүлсэн зорилтоо хэрэгжүүлэх эдийн засаг, хөрөнгө санхүүгийн үндэс сууриа бэхжүүлж чаджээ. Цаашид улс орны хэмжээний бүтээн байгуулалтын шинжтэй томоохон төслүүдийг бодитой хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2010 оны хэрэгжилтийн тухай Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар танилцуулав.

Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн явц 2010 оны жилийн эцсийн байдлаар 61 хувьтай байгаа нь оны эхний хагас жилээс 8, 2009 оны жилийн эцсээс 18.2 хувиар өссөн байна. Энэ нь Засгийн газрын бүрэн эрхийн хугацаатай харьцуулахад хангалттай үзүүлэлт юм. Төлөвлөгөөнд тусгагдсан нийт арга хэмжээний 154 нь бүрэн биелж, 103 нь 90 хувь, 300 нь 70 хувь, 341 нь 50 хувь, 248 нь 30 буюу түүнээс доош хувийн биелэлттэй байна. Заасан хугацаанд хэрэгжээгүй болон өмнөх онуудад хэрэгжүүлж эхлэхээр тусгагдсан ч 27 арга хэмжээ удааширч байна.  

Удааширч байгаа заалтуудыг хэрэгжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах, шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэх чиглэлээр арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газрын гишүүд, холбогдох байгууллагуудын удирдлагад даалгалаа.

САНАМЖ БИЧГИЙГ ШИНЭЧЛЭН БАЙГУУЛНА

“Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны дагуу БНСУ-д ажилчид илгээх тухай” харилцан ойлголцлын Санамж бичиг байгуулахаар Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди БНСУ-д ажиллаж байна. 2008 оны 10 дугаар сард шинэчлэн байгуулсан Санамж бичгийн хугацаа дуусч байгаа тул талууд Санамж бичгийг шинэчлэх талаар өнгөрсөн жилээс харилцан төслөө солилцож, Ажлын хэсэг хэд хэдэн удаа хэлэлцжээ. Монгол Улс, БНСУ-ын холбогдох яамд Монгол Улсаас ажилчин авах харилцан ойлголцлын Санамж бичгийг 2004 оны 5 дугаар сард байгуулан хэрэгжүүлж эхэлсэн юм. Энэ дагуу 2007 оноос хойш “Зуучлагч товчоо” болон “Гадаадад ажиллах хүч илгээх төв” ХХК-иар дамжуулан БНСУ-д 8 мянга орчим хүнийг хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулахаар илгээсэн байна. 

ТӨЛБӨРИЙН ХУВЬ, ХЭМЖЭЭГ ТОГТООЛОО

Агаарын бохирдлын томоохон суурин эх үүсвэрээс агаарт гарах хаягдлын бохирдуулах бодисын төлбөрийн хувь, хэмжээг Засгийн газрын хуралдаанаар баталлаа. Нэр бүхий 9 бодисыг хор, аюулын зэрэглэлээр нь 4 ангилсан байна. 1 дүгээр зэрэглэлийн буюу хамгийн хортой гурван /Бенз /а/ пирен, удаан задардаг органик бодис болох диоксин, фуран, полихлорбифенилүүд, мөнгөн ус, түүний органик биш нэгдлүүд/ бодисыг кг тутамд 10 төгрөгөөр, 2 дугаар зэрэглэлийн хортой /Азотын ислүүд, хүхэрт устөрөгч/ бодисуудыг кг тутамд 3 төгрөгөөр, 3 дугаар зэрэглэлийн /хүхрийн давхар исэл буюу хүхэрлэг хий, нийт тоос/ бодисуудыг кг тутамд 2 төгрөгөөр, 4 дүгээр зэрэглэлийн /нүүрстөрөгчийн давхар исэл буюу нүүрсхүчлийн хий, нүүрсустөрөгч/ бодисуудыг кг тутамд 1 төгрөг байхаар тооцож төлбөр ноогдуулна.

Ингэснээр бага болон дунд оврын уурын зуух ойролцоогоор 150 сая, цахилгаан станцууд 3 тэрбум гаруй төгрөгийг агаарын бохирдлын төлбөрт төлөх урьдчилсан тооцоо гарчээ. Гэхдээ Улаанбаатар хотын эрчим хүч үйлдвэрлэгч гол станцууд, сургууль, цэцэрлэг, төрийн болон төсвийн аж ахуйн нэгжүүдийг халаадаг бага болон дунд оврын уурын зуухнуудыг төлбөрөөс тодорхой хэмжээгээр хөнгөлж, чөлөөлөх тул эрчим хүч үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн дарамт учирч, дулаан, цахилгааны үнэд их нөлөөлөхгүй гэж Засгийн газар үзлээ.

Нэг өрх жилд дунджаар 5.2 тн нүүрс, 4.7 м3 түлээ хэрэглэдэг бол дулааны 3 цахилгаан станц жилдээ 5 сая тн нүүрс шатааж, хотын агаарт жил бүр 260 мянган тн бохирдуулагч бодис цацаж байна. Үүн дээр жилээс жилд огцом нэмэгдэж байгаа авто тээврийн хэрэгслээс ялгарч байгаа хорт хий агаар бохирдуулж байгаа юм.

  • Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Монгол Улсын нутаг дэвсгэрээс олборлож худалдсан, худалдахаар ачуулсан болон ашигласан нүүрс, төмрийн хүдэр, цайр, жоншноос авах малтмалын нөөц ашигласны төлбөрийг орон нутгийн төсвийн дансанд төлдөг байсныг улсын төсвийн дансанд төлдөг байхаар өөрчиллөө. Дээрх арга хэмжээ нь төсвийн орлогын бүрдүүлэлтэд хяналт тавих, төсвийн сахилга бат сайжрахад тодорхой нөлөө үзүүлнэ гэж Засгийн газар үзлээ.
  • Ази, Европын орнуудын цагаачлалын албадын удирдлагын ээлжит 10 дугаар хурлыг 2011 онд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар тогтлоо. Цагаачлал, хөдөлмөрийн шилжилт хөдөлгөөн, суурьшилтын талаар манай улсын баримталж байгаа бодлого, байр суурийг хуралдааны үеэр олон улсын түвшинд өргөн хүрээтэй таниулна. Мөн харилцан ойлголцол, хамтын ажиллагааг бүс нутаг, олон улсад өргөжүүлэх, яриа хэлэлцээг идэвхжүүлэх, шаардлагатай дэмжлэг туслалцаа авах, шилжилт, хөдөлгөөнийг хөгжлийн арга хэрэгсэл болгох, гадаад улсаас мэдлэг, ур чадвар татах, хилийн чанад дахь эх орон нэгтнүүдтэйгээ хамтарч ажиллан, улсынхаа хөгжилд хувь нэмэр оруулж байгаа бусдын туршлагаас суралцах, өөрийн орны түүх, ёс заншил, соёлоо сурталчлах боломж бүрдэж байна. 


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
ЯПОНЫ АРД ТҮМЭНД ХАНДИВ ӨРГӨВ
М.ЭНХБОЛД: ЯПОНД БАЙГАА ИРГЭДТЭЙГЭЭ ХОЛБОГДОХ, ҮНЭН БОДИТ МЭДЭЭЛЛЭЭР ХАНГАХ АЖИЛЛАГААГ ШУУРХАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Ерөнхий сайдын айлчлал Солонгос дахь монгол иргэдтэйгээ уулзсанаар эхэллээ
С.БАТБОЛД: ХАМТАРСАН НИСЛЭГ НЬ ХОЁР ОРНЫ НАЙРАМДАЛ, НӨХӨРЛӨЛИЙН ИЛЭРХИЙЛЭЛ ЮМ
Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд гурван тал хамтран ажиллахаар боллоо
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН ИЛГЭЭЛТ
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан