Монгол Улсын Шадар сайд М.Энхболд 2011 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Олон Улсын Улаан Загалмайн Нийгэмлэгийн Зүүн Азийн бүсийн төлөөлөгчдийн газрын дарга Терри Меэратыг хүлээн авч уулзлаа. Монгол Улс хүмүүнлэгийн дэмжлэг туслалцааг хэрхэн зохион байгуулдаг талаар газар дээр үзэж танилцахаар ирсэнд талархаж байгаагаа Шадар сайд уулзалтын эхэнд хэлээд манай оронд сүүлийн жилүүдэд байгалийн гамшиг, цас зуд тохиолдож, түүнийг хохирол багатай даван туулах, малчид иргэдэд тусалж, дэмжих арга хэмжээг шуурхай зохион байгуулж байна. Өнгөрсөн жил манай орны ихэнх нутгийг хамарсан зуданд өртөгсдөд 40 сая америк долларын тусламж үзүүлсэн гэв.
Ноён Терри Меэрат цаг зав гарган хүлээн авч уулзсанд Шадар сайд М.Энхболдод талархал илэрхийлээд Монгол Улсын Засгийн газар Монголын Улаан Загалмайн нийгэмлэгийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж байдагт талархаж байгаагаа хэллээ. Мөн тэрээр гарч болзошгүй байгалийн гамшигт үзэгдлүүд бидний санааг зовоож байна. Ямар нэг байгалийн гамшиг болсон тохиолдолд гэр бүлийн холбоог сэргээх Монголын улаан загалмайн нийгэмлэгийн хөтөлбөрт Монгол Улсын Засгийн газар дэмжлэг үзүүлэхийг хүслээ.
Шадар сайд М.Энхболд Японы ард түмэнд Монголын ард түмэн ихээхэн дэмжлэг туслалцаа үзүүлэн ажиллаж байна. Улс орон даяар Японы ард түмэнд туслах хандивын аян өрнүүлж, баггүй хэмжээний хөрөнгө хүч, эд барааг газар дээр нь хүргээд байна. Мөн манай улсын аврах баг гамшиг болсон газар очиж эрэн хайх ажиллагааг 4 хоногийн турш хийгээд ирлээ. Японы Засгийн газар манай аврах багыг санаачилгатай, сайн ажилласан гэсэн үнэлгээ өгсөн. Дээр нь Монгол Улсын Засгийн газар гамшиг болсон өдөр Японд байгаа иргэдтэйгээ холбогдох, мэдээлэл өгөх ажлыг шуурхай зохион байгуулж, Япон улсад ажиллаж амьдарч байгаа 4700 иргэнээс эхний өдөр 800 хүнтэй шууд холбогдсон бол 5 хоногийн дотор гурван мянга гаруй иргэнтэйгээ холбоо барьж ар гэрийнхнийг нь хооронд нь холбох, үнэн бодит мэдээллээр хангах ажиллагааг зохион байгуулснаа энэ үеэр хэллээ.