Монгол улсын ерөнхий сайд С.Батболд өнөөдөр Кембрижийн үнэлгээний группын ерөнхий захирал Симон Либус тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд “Манай улсын хувьд хүүхэд, залуучуудаа чанартай, өрсөлдөх чадвартай боловсролтой болгох нь их чухал байгаа. Монгол улс бол эртний түүхтэй төдийгүй ардчилсан залуу орон. Тиймээс баялаг түүхтэйгээ уялдуулахаас гадна боловсролын системээ ирээдүйн хөгжлийн боломжтой нийцүүлэн хөгжүүлэх зорилтыг Монгол улс тавин ажиллаж байна. Кембрижийн стандартыг нутагшуулж, нэвтрүүлэх ажлыг миний бие Ерөнхий сайд болох үедээ дэвшүүлэн тавьж байсан.
Ноднин жил энэ талаарх анхны алхмууд хийгдсэн бол, одоо хэрэгжүүлэх шатандаа явж байгаад их баяртай байгаа. Улсын хэмжээнд бүх аймаг, төвийг оролцуулсан 30-д лаборотори сургуульд Кембрижийн стандартыг нэвтрүүлж, туршилт хийхээр төлөвлөөд байгаа. Энэ ажилд тодорхой цаг хугацаа шаардана гэдгийг бид ойлгож байна . Эхний 4-5 жилд үндсэн өөрчлөлтийг хийгээд, үүний дараагаас буюу 10-д жилийн дараа Кембрижийн стандарт бүрэн утгаараа хэрэгжих бодит үр дүн гарна гэдэгт би эргэлзэхгүй байна.
Үүнд бусад улсын туршлага маш чухал юм. Дугуйг дахин зохиолгүйгээр бусдын сайн туршлагыг судалж нэвтрүүлэхийг бид зорилгоо болгож байгаа. Бидний энэ хүчин чармайлтыг дэмжиж, маш шуурхай арга хэмжээ авч байгаа та бүхэнд дахин талархлаа илэрхийлье. Шалгалтын анхны системийг нэвтрүүлэх талаар харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж байгаагийн ач холбогдол ч үүнд оршиж байна. Ялангуяа багш нарыг бэлдэх, боловсролын дэд бүтцийг хөгжүүлэхэд хамтран ажиллах санаачилгыг дэмжиж байгаад баяртай байна“ хэмээн тэмдэглэн хэллээ.
Ноён Симон Либус дэлхийн тэргүүлэх стандартыг эх орондоо нэвтрүүлэхээр зорьж байгаа Монгол улсын Засгийн газрын бодлогыг сайшаагаад, боловсролын салбарт нь Кембрижийн стандартыг нэвтрүүлэхээр хамтран ажиллаж байгаадаа баяртай байгаагаа онцолж байв. Өдгөө дэлхийн 160 гаруй орон Кембрижийн их сургуулийн сургалтын стандартыг нэвтрүүлээд байгаа юм байна. Кембриж нь Англи хэл заах, шалгалт авах талаар дэлхийд хамгийн том нийлүүлэгч байгууллага гэдгийг эрхэм зочин дурьдлаа.
Сингапур улс нь 50-иад жилийн өмнө боловсролын системдээ Кембрижийн стандартыг нэвтрүүлж эхэлснээр эдүгээ дэлхийн хэмжээнд хүрэх болсныг ч ноён Симон Либус тэмдэглээд, Монгол улс эдийн засгийн өсөлт хөгжлийн хувьд ирээдүйтэй орон учраас боловсролоо тэр хэмжээнд хүргэхийн чухлыг анхааруулж байлаа. Кембриж нь Монголд хэрэгтэй байгаа тэр бүх асуудлаар арвин их баялаг туршлагатай, ялангуяа англи хэл заах дэд бүтцийг маш сайн хөгжүүлж чадсан гэдгийг Симон Либус тэмдэглээд, Монгол улстай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа дахин илэрхийллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.