Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Засгийн газрын тэргүүнээр томилогдсоныхоо дараахан дэлхийн шилдэг боловсролын эталонд тооцогддог Кембрижийн боловсролын тогтолцоог Монголд нэвтрүүлэх зорилтыг дэвшүүлсэн. Энэхүү зорилтын эхний үр дүнг тодорхойлсон нэгэн түүхэн арга хэмжээ өнөөдөр боллоо. Нийслэлийн Хан-Уул дүүргийн 115 дугаар сургууль дээр Кембрижийн сургалтын хөтөлбөрөөр хос хэлээр хичээллэх төрийн өмчит анхны дунд сургуулийг өнгөрсөн оны өдийд байгуулснаар “Шинэ эрин” хэмээх сургууль үйл ажиллагаагаа эхэлсэн билээ.
Тэгвэл өнөөдөр Монгол Улсын Засгийн газар, Кембрижийн Их сургуулийн олон улсын Шалгалтын төв хооронд Бага, дунд боловсролын стандарт, хөтөлбөрийн шинэчлэлийн талаар хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ёслол тус сургуулийн хурлын танхимд болж, БСШУ-ы сайд Ё.Отгонбаяр, Кембрижийн их сургуулийн Олон улсын шалгалтын төвийн захирал Анн Пунтис нар санамж бичгийг үзэглэлээ.
Энэхүү арга хэмжээнд Кембрижийн хөтөлбөрийг Монголд хэрэгжүүлэх ажлыг анхлан санаачилсан, тус хөтөлбөрийн автор гэж хэлж болох Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд болон Кембрижийн Үнэлгээний группийн дарга Симон Либус нар байлцлаа. Мөн энэ үеэр тус сургуулийн захирал Б.Амартүвшинд “Шинэ эрин” төрийн өмчит дунд сургууль нь Кембрижийн сүлжээ сургуулийн нэг болсныг батлах гэрчилгээ гардуулаа.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд энэхүү түүхэн үйл явдлын гэрч болж тэнд цугласан олонд хандаж үг хэлэхдээ “Миний бие Ерөнхий сайдын ажлыг авсан даруйдаа боловсролын салбарынхантай уулзаж Монгол Улсын хөгжлийн гол хөшүүрэг, мотор нь өндөр боловсролтой, олон улсын хэмжээнд өрсөлдөх чадвартай монгол хүн. Тиймээс Засгийн газраас хүний хөгжилд нэн тэргүүнд анхаарна гэдгээ хэлж байсан. Энэ яриа ажил болж хөрсөн дээрээ бууж байгаагийн нэг тод жишээ бол Кембрижийн стандарт Монголын боловсролын салбарт бодитоор нэвтэрч эхэлсэн явдал юм гэлээ.
Өнгөрсөн XX зуунд манай улс боловсролын салбартаа Зөвлөлтийн боловсролын системийг нэвтрүүлж, улсаа улс шиг улс болгосон. Харин өнөөдөр XXI зуунд Монгол Улс, монгол хүнээ олон улсын стандартад нийцсэн боловсролын тогтолцоонд оруулах том ажлын эхлэлийг тавьж байна гэдгийг Ерөнхий сайд онцлоод манай монгол хүүхэд сургуулиа төгсөөд Харвардын их сургуульд очиход Кембрижийн стандартын гэрчилгээтэй, шууд элсэн орж чаддаг байх ёстой. Ийм боломжийн төлөө Засгийн газар бүхий л талаар дэмжиж ажиллах болно гэдгээ амлалаа.
Мөн тэрбээр танай сургууль “Шинэ эрин” гэж сайхан нэртэй юм. Шинэ эрин, шинэ хөгжлийн эхлэл сургууль гэж харж байна. Монголын Засгийн газар, Кембрижийн их сургууль та бүхнийг дэмжиж байгаагийн эхний үр дүн гарч байна гээд Монголын бүх сургуулиудад энэ сургалтын хөтөлбөр хэрэгжинэ, Кембрижийн боловсрол хүрнэ. “Шинэ эрин” сургууль Кембрижийн сургуулийн гэрчилгээ авсан нь Монголын боловсролын салбарын шинэчлэлийн бодитой эхлэл, буухиа боллоо гэдийг тэмдэглэлээ.
Дэлхийн монгол иргэнийг бэлтгэх төрийн өмчит анхны “Шинэ эрин” лаборатори дунд сургууль шиг ийм 30 сургууль ирэх хичээлийн жилээс сургалтаа эхэлнэ, улсын хэмжээний бүх сургуулийн тав болон аравдугаар ангийн сурагчдын сургалтын хөтөлбөрийг Кембрижийн стандартаар явуулахаар төлөвлөн бэлтгэл ажил хангаж байгаа гэсэн мэдээллийг БСШУ-ын сайд Ё.Отгонбаяр энэ үеэр өглөө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.