Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД СҮХБААТАР ДҮҮРЭГТ АЖИЛЛАЛАА
/ мэдээг нийтэлсэн огноо : 2011.04.24 /

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2011 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн ням гарагт Сүхбаатар дүүрэгт ажиллав. Тэрээр нөөцийн махны борлуулалт, үнэ ханш ямар байгаатай танилцан өрхийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэнтэй уулзсан байна. Мөн Дамбадаржаагийн автозамаас Шадивлан хүртэл тавьж байгаа 12,7 км автозамын ажил болон Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороонд байрлах Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн ажилтай танилцан, Нийслэлийн “Хөдөлмөр эрхлэлт-Хүний хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд 1 дүгээр улиралд хийсэн ажлын тайланг сонсож үүрэг, чиглэл өглөө.

Нөөцийн махны үнэ захынхаас хямд байна

Ерөнхий сайд С.Батболд эхлээд Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, 6 буудлын автобусны буудлын дэргэд байрлах “Оргихын булаг” компанийн “Жасмин” дэлгүүрээр орж нөөцийн махны борлуулалт, үнэ ханш ямар байгаатай танилцав. Энэ жил нийслэл хот 14 аж ахуйн нэгжээр 12 мянган тонн мах бэлтгүүлж нөөцөлсөн байна. Хороо бүрт байх 2 цэгээр дамжуулан 5100 тонныг нь борлуулсан бөгөөд үлдэгдлийг 7 дугаар сарын 1 хүртэл борлуулж, зах зээлд махны үнэ зохиомлоор өсөхөөс сэргийлж байгаа юм.  

Өнгөрсөн жил нөөцийн махыг хангалттай бэлтгээгүйгээс зах дээр хонины нэг кг мах гэхэд л 5 мянган төгрөг хүрч байсан. Харин Засгийн газар, хотын захиргаа хамтран хангалттай хэмжээний мах бэлтгэх, шат дамжлагыг багасгахад анхаарсны дүнд энэ жил махны үнийн хөөрөгдөл гараагүй. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нөөцийн бүх төрлийн махны үнэ 400 хүртэл төгрөгөөр хямд,  тухайлбал нэг кг хонины мах 2900 төгрөг байгаа тухай Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ч.Бат танилцууллаа.

Нөөцийн махны борлуулалт, үнэ ханш ямар байгааг дарга нараас бус худалдагч, худалдан авагчдаас сонсохыг Ерөнхий сайд илүүд үзэн асууж тодруулж байв. Махны чанар сайн, савлагаа нь ч шаардлага хангасан, хамгийн гол нь хямд, саяхан үхэр, хонины махыг килограмм тутамд нь 200 хүртэл төгрөгөөр хямдруулсанд иргэд ам сайтай байна. Гэхдээ үнийг дахин буулгах талаар арга хэмжээ авахыг хүсэх хүн ч цөөнгүй байлаа. Нөөцийн махыг хангалттай бэлтгэж, эртнээс борлуулж эхэлсэн учир зах дээр махны үнийн хөөрөгдөл гараагүйг Ерөнхий сайд сайшааж, махны үнийг зохиомлоор буулгах бус харин шат дамжлагыг нь цөөрүүлэх замаар хямдруулах  боломжтойг холбогдох албан тушаалтнуудад санууллаа.

Мөн тэрээр дэлгүүрт худалдаж байгаа өргөн хэрэглээний бусад бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлт, үнэ ханш, иргэдийн худалдан авах чадвар ямар байгаа тухай энэ үеэр хөндөгдлөө. Нийлүүлэлт хэвийн байдаг ч үнэ ханшид Засгийн газар анхаарч, аль болох хямд байлгахад анхаарахыг иргэд Ерөнхий сайдаас хүсч байв.    

Шадивлан хүртэлх автозамыг 9 дүгээр сарын 1-нд ашиглалтад оруулна

Үүний дараа Ерөнхий сайд С.Батболд Сүхбаатар дүүргийн 15, 17 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу Сансрын шатахуун түгээх станцаас Шадивлан хүртэл тавьж байгаа 12,7 км замын ажлын явцтай танилцлаа. Шатахуун түгээх станцаас Дамбадаржаагийн зам хүртэлх 6,7 км, Дамбадаржаагаас Сэлбийн зүүн эргээр Шадивлан хүрэх 6 км автозамыг “Эйч Кей Би” холдинг компани барьж 9 дүгээр сарын 1 гэхэд ашиглалтад өгөхөөр ажиллаж байна.

Замыг шинэчлэн өргөтгөх ажил 2 айлаас болж саатаад байгаа ч нийслэл даяар өрнөж байгаа бүтээн байгуулалтын ажил зогсох ёсгүй учир айлуудыг 10 хоногийн дотор нүүлгэхийг нийслэлийн Засаг даргын орлогч үүрэг болгосон. Зам ашиглалтад орсноор замын ачаалал эрс багасна гэж хотын холбогдох байгууллагын удирдлага Ерөнхий сайдад танилцууллаа. Одоо замын ажил болон тохижилтыг хооронд нь уялдуулж, нэгдсэн төлөвлөгөө гарган ажиллаж байгаа учир нэгийг хийх гээд нөгөөг сүйтгэдэг явдал гарахгүй гэж хотын Ерөнхий менежер хэлэв.   

Нийслэл хот өнгөрсөн жил 30 км замыг засч шинэчилсэн бол энэ жил 60 км болгосон байна. Засварын ажил хийх гэж түгжрэл үүсгэхгүйн тулд 4 дүгээр сарын 15-наас ажлыг нь эхэлж 10 дугаар сарын 1 гэхэд бүрэн дуусгах юм. Зам засварын  чанар муу байх тохиолдол цөөнгүй гардаг учир энэ жил нийслэл хот үүнд онцгой анхаарч асьфалт битум үйлдвэрлэдэг болон гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулан ажиллаж байна.  

Зам засч байна гээд түгжрэл үүсгэж жолооч, иргэдийн бухимдуулдаг байсанд Засгийн газар дүгнэлт хийн энэ жил тендерээ эрт зарлаж, шалгаруулалтыг нээлттэй, ил тод, цаг хугацаанд нь дүгнэн, компаниудыг ажилд нь оруулсныг Ерөнхий сайд тэмдэглэлээ. Цаашид их хэмжээний хөрөнгө зарж байгаа замын засварын чанарт онцгой анхаарах, ачааллыг багасгаж, түгжрэл үүсгэхгүй байх боломж байгаа учир системтэй ажиллах нь зүйтэй гэж зөвлөв.

Энэ жил зам засварт өмнөхөөс их хэмжээний мөнгө зарцуулж байгаа. Тухайлбал БНХАУ-ын 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг замын бүтээн байгуулалтад зарцуулах шийдвэр гаргасан. Одоо ажлаа цаг хугацаанд нь чанартай, өөрөөр хэлбэл энд тэнд алаг цоог байдлаар бус системтэй хийх ёстой гэж Ерөнхий сайд хэллээ.     

Өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдэд санхүүгийн дэмжлэг хэрэгтэй байна

Засгийн газар 2011 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” жил болгон зарлаж олон зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа. Жилийн ажлыг үр дүнтэй болгохын тулд энэ ажлыг улсын хэмжээнд удирдан зохион байгуулах, хяналт тавих үүрэгтэй Үндэсний хороог Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд өөрөө ахалж байгаа юм. Аймаг, нийслэл ч энэ жилийн хүрээнд хийх ажлын төлөвлөгөө гарган ажиллаж эхнээсээ тайлангаа ирүүлж байна. Тайланг цаасаар авах нэг хэрэг, харин хийж байгаа ажил иргэдэд хүрч байгаа эсэхэд Ерөнхий сайд анхаарч өрхийн үйлдвэрлэл эрхэлдэг иргэнтэй зориуд уулзлаа.

Ерөнхий сайд Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 25-142 тоотод оршин суух Г.Янжиндуламынд очив. Тэрээр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ялангуяа өрхийн үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд төр, засгаас ямар дэмжлэг хэрэгтэй байгааг тодруулж, ямар нэгэн хүнд суртал байгаа эсэхийг асуулаа. Г.Янжиндулам 2005 оноос савхин бээлий оёж эхэлжээ. Тэрээр 5 хүнийг байнга ажиллуулан өдөрт 40 бээлий оёдог бөгөөд шаардлагатай үед хорооныхоо иргэдийг ажиллуулдаг юм байна.

Байнгын ажилладаг 5 хүнээс гадна 10 гаруй хүн бээлийг нь Нарантуул захад борлуулдаг гэж үзвэл 20 гаруй айлын амьжиргааг залгуулж яваа. Хэдийгээр нэг бээлийгээ 6 мянган төгрөгөөр борлуулж байгаа ч иргэдийн эрэлт хэрэгцээг хангаж чадахгүй байна. Тэр байтугай оросууд хүртэл монголын савхин бээлий чанартай хэмээн эрж сурч явдаг тухай Г.Янжиндулам ярив. Арьс ширний үйлдвэрүүд ажиллахгүй байгаа учир арьсаа авч чадахгүйд хүрсэн, үүнтэй зэрэгцэн урд хөршөөс үнэ өндөр ч чанар муутай бээлий их орж ирж байгааг Ерөнхий сайдад дуулгалаа.

Хийж бүтээх гэсэн хүсэл, эрмэлзэл, ажиллах хүн, бүтээгдэхүүнээ борлуулах зах зээл нь байна. Харамсалтай нь үйлдвэрлэлээ өргөтгөх гээд зээл авъя гэсэн ч барьцаа хөрөнгө шаарддаг учир төр, засгаас үүнд анхаарч эргэлтийн хөрөнгөөр дэмжмээр байна гэж тэрээр хэлэв. Өмнө нь ид хямралын үе буюу 2005 онд банк бус санхүүгийн байгууллагаас хүү өндөртэй зээл авч байснаа ч ярилаа. Хэрвээ хөрөнгө, мөнгөөр дэмжээд өгвөл үйлдвэрлэлээ өргөтгөхөөс гадна өөрийн гудамж, хороо, цаашлаад дүүргийнхээ айл өрхүүдэд өрхийн үйлдвэрлэл нэвтрүүлэхэд нь сурч мэдсэнээ зориулна. Нэг ажилчин нь тусдаа гарч үйлдвэрлэл эрхлэх хүсэлтэй ч зээл авч чадахгүй учир өнөөг хүртэл хамт ажилласаар байна гэж Г.Янжиндулам хэлэв.

Өрхийн үйлдвэрлэл эрхэлж амьдралаа авч явахаас гадна бусдын амьдралыг ч залгуулж байгаа түүнд Ерөнхий сайд С.Батболд хувиасаа болон Засгийн газрын нэрийн өмнөөс талархаж байгаагаа зориуд илэрхийллээ. Хийж бүтээе гэсэн иргэдийн хүсэл, санаачилгыг төр, засаг бодлогоор дэмжих ёстой. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих болон Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сан зэргийн хөнгөлөлттэй зээл үйлдвэрлэл эрхэлж байгаа Г.Янжиндулам шиг олон хүнд олдохгүй байгаад Ерөнхий сайд санаа зовниж, үүнд анхаарна гэж амлав.   

Бодитоор ажлын байр бий болгож байгаа иргэдээ илүү дэмжиж, төрөл бүрийн сангийн хөнгөлөлттэй зээлд хамруулж, эргэлтийн хөрөнгөтэй болгоход анхаарахыг тэрээр холбогдох байгууллагын удирдлагуудад хатуу анхаарууллаа. Ерөнхий сайд мөн өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороонд байх Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн ажилтай танилцан, Нийслэлийн “Хөдөлмөр эрхлэлт-Хүний хөгжлийг дэмжих жил”-ийн 1 дүгээр улиралд хийсэн ажлын тайланг сонссон байна.

ДҮГНЭЛТ

Засгийн газрын танхимаас гарсан шийдвэр бодит амьдрал дээр хэрхэн хэрэгжиж байгаатай танилцахаар Ерөнхий сайд С.Батболд өнөөдөр амралтын өдрөө хугаслав. Ялангуяа Засгийн газраас энэ жилийг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан жижиг, дунд үйлдвэрлэлийн явц, өрх бүрээс нэг хүн  ажилтай болж чадаж байна уу гэдгийг үзэх нэг ёсны “шалгалт”  ч хэлж болох. Очсон газрынхан Ерөнхий сайдын урмыг хугалсангүй, хийе бүтээе гэх хүсэл эрмэлзэл төдийгүй бүхэл бүтэн гудамныхнаа ажлын байртай болгосон бүтээлч  ажлаар Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны иргэн  Г.Янжиндулам гуай угтсан нь сайхан жишээ байлаа.  

Харин түүний нэг адил хүсэл эрмэлзэлтэй иргэдэд туслах нь төрийн албаныхны гол үүрэг байх ёстой атал хүнд суртал гэх гайхал байсаар байгаа, бас Засгийн газраас зорилтот бүлэг рүү чиглэн гаргаж байгаа санхүүжилт хөрөнгө мөнгөний дэмжлэг жинхэнэ эзэндээ хүрэхгүй байгааг Засгийн газрын тэргүүнд дуулгаж байв. Ялангуяа бизнес эрхэлж байгаа иргэдэд сангуудаас очих ёстой мөнгө хүртэхгүй байгааг иргэн Г.Янжиндулам гуай ч, гадаадын олон улсад оёмол бүтээгдэхүүний зах зээлийг нээж борлуулалтын сүлжээ бий болгосон “ Дээд өнгө” компанийхан ч дурьдсан юм. Ойр орчныхноо хамгийн түрүүн ажлын байртай болгож, үйлдвэрлэл эрхэлж байгаа Г. Янжиндулам гуайд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас нэг ч төгрөг төсөвлөгдөж, очоогүй байгаад Ерөнхий сайд шүүмжлэлтэй хандаж, үүний учрыг олно гэдгээ амаллаа. 

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас дамжин  сүүлийн 6-7 жилд 200 гаруй тэрбум төгрөг тараагдсан байтал, жинхэнэ очих ёстой хүндээ очоогүйн жишээ энэ мэт байлаа. Түүнчлэн Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сан, орон нутгийн үйлдвэрлэлийг дэмжих сан, нийслэлээс, Засгийн газраас гэхчлэн чамгүй олон чиглэлээр их мөнгө гаргаж байгаа ч ядуурал , ажилгүйдэл буурахгүй байгаагийн шалтгааныг, бас  үр дүнгийг биелэлт хаана байгааг зохих албан тушаалтнуудаас асуулаа. Энэ ажлын явцыг ойрын үед шалгахаа холбогдох албан тушаалтнуудад сануулж байна.

УИХ-ын гишүүдийн тойрогтоо зарцуулж, хуваарилагдах ёстой мөнгийг энэ их санхүүгийн урсгалд нийлүүлвэл асар их боломж байгаа жишээ ч эдгээрийг харуулж байна гэдгийг Ерөнхий сайд С.Батболд тэмдэглээд, очих ёстой мөнгө нь олон салаагаар урсахгүй, жинхэнэ ёсоор эзэддээ хүрвэл өрх бүр үйлдвэрлэгч болж ажилгүйдэл, ядуурал бодитоор буурах боломж байгааг онцоллоо. 

Сүүлийн 20 жил бид энэ тухай ярьж, шүүмжилж байгаа ч үр дүн  харагдахгүй байгаад цэг тавих ёстой гэж Ерөнхий сайд үзэж байна. Тиймээс энэ асуудалд зохион байгуулалттай хандаж, үүнийг хорооны Засаг даргаас эхлээд Ерөнхий сайд хүртэлх бүх түвшний хүмүүс ухамсарлан хариуцлагатай хандаж чадвал  ажилгүйдлийг тойрсон гомдол, шүүмжлэл  алга болох бүрэн боломж байгааг өрнөж буй үйл явц  харуулж байна.  Бүх насны иргэдэд маань ч ажил хийх урам байна шүү гэдгийг тэмдэглэлээ.

Санхүүжилт, үйл ажиллагааны уялдаа буюу зохион байгуулалт, иргэдийн хүсэл эрмэлзэл энэ гурвыг нийлүүлбэл бидэнд олон ажлыг шийдчих боломж байгааг гүйцэтгэх засаглалын тэргүүн  С.Батболд онцлон хэлж байна. Болохгүй бүтэхгүй байгаа бүхнийг өнгөрсөн 20 жил бид хангалттай ярьсан, бүгд энэ тухай мэдэж байгаа. Одоо харин амаар ярьсан ажлаа бодитоор харуулах цаг болсныг Ерөнхий сайд тэмдэглээд иргэдийнхээ хүсэл эрмэлзлийг унтраалгүй, тэдэнд хойрго хандаж буй төрийн албан тушаалтнуудын сандал ширээтэй  нь ч ярих хүртэл арга хэмжээ авахыг энэ дашрамд санууллаа.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар энэ жил 35 мянган ажлын байр шинээр бий болгох боломж байгаа юм байна. Эдгээр ажлыг зохин байгуулахад нийслэлийнхэн голлох үүрэгтэй гэдгийг дурьдаад, дүүрэг бүрийн мэдээллийг нарийвчлан шалгах болно гэдгийг Засгийн газрын тэргүүн онцолж байна. Өнөөдрийн бидний ажилласан Сүхбаатар  болон Чингэлтэй дүүргүүд дэх хөдөлмөр эрхлэлтийн байдал нь ажлын зөвхөн эхлэл, одоо үүнийг нийслэл болоод улсын хэмжээнд  маш сайн зохион байгуулах ёстой гэдгийг дурьдаад, үүнд хот жишиг болох ёстой гэдгийг нийслэлийн удирдлагуудад үүрэг болголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Мэдээний бүлэг: Ерөнхий сайд , 2011 ХЭДЖ ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
ХӨГЖЛИЙН БАНКНЫ БОНДОД БАТАЛГАА ГАРГАЛАА
Хүний эрхийн комисс илтгэлээ өргөн барилаа
300 ортой Эх нялхсын эрүүл мэндийн төв эмнэлэг ирэх жил ашиглалтад орно
Ерөнхий сайд гэр хороололд ажиллана
М.Олбрайт: Маргаантай асуудлуудыг тайван замаар шийдэж чаддаг гайхалтай улс орон бол Монгол
Ардчиллын төдийгүй байгалийн баялгаа зөв ашиглаж чадсан загвар улс болохыг ерөөлөө
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан