Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт
 
Хүн рүүгээ чиглэсэн бодлого бүхэн тооллогын баримтад тулгуурласан байх учиртай
/ мэдээг нийтэлсэн огноо : 2011.06.10 /
Монгол Улс 713 мянга 780 өрхтэй. Эдгээр өрхийн 322 мянга 836 нь гэрт, 382 мянга 808 нь байшинд, 8064 нь зориулалтын бус сууцанд амьдардаг. Өөр нэгэн сонирхолтой баримт дэлгэхэд, зургаан наснаас дээш нийт хүмүүсийн 75 хувь нь гар утас хэрэглэдэг байна. Энэ болоод бусад олон мэдээллийг 2010 оны Хүн ам, орон сууцны тооллогын дүн мэдээнээс харж болохоор байна. Түүх сөхөхөд Монгол Улс ХХ зууны туршид хүн амаа 9 удаа тоолжээ. Үүний анхных нь болох 1918 оны тооллогоор 647.5 мянган хүн амтай байсан бол 2000 оны Хүн амын тооллогоор манай улсын хүн ам 2 сая 373 мянга 493 болсон байлаа. Тэгвэл 2010 онд бид хэдүүлээ болсон бэ. Энэ болоод бусад олон асуултад хариулт өгөх 2010 оны хүн ам, орон сууцны тооллогын дүнг албан ёсоор танилцууллаа.

Энэхүү ажиллагааг нээж Монгол Улсын Ерөнхий сайд, Хүн, ам орон сууцны тооллогын улсын комиссын дарга С.Батболд үг хэлэхдээ  “2010 онд дэлхийн 53, үүний дотор Азийн 15 улс тооллого зохион байгуулсны нэг нь манай улс байлаа гэдгийг тэмдэглээд Монгол Улсын хүн ам 2010 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар 2 сая 754 мянга 685 болсныг албан есоор мэдээллээ. Улс орнууд хүн амаа 10 жил тутам тоолж байх НҮБ-ын зөвлөмжийн дагуу манай улс ээлжит 10 дахь удаагийн тооллогоо “Хүмүүнд төр эрхэм, төрд хүмүүн эрдэнэ” уриан дор 2010 оны 11 дүгээр сарын 11-17-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулсан гэдгийг Ерөнхий сайд хэлээд манай улс хөгжлийн гараанд ирсэн чухал үед хүн ам, орон сууцны 2010 оны тооллогын дүн гарч байгаа нь түүхэн ач холбогдолтой гэлээ.

Хүн амынхаа энэ бодит мэдээлэлд тулгуурлан өөрийн орны нөхцөл байдалд нийцсэн хөгжлийн загвар,  үзэл баримтлалыг тодорхойлох шаардлагатай болж байна. Хүн рүүгээ чиглэсэн бодлого бүхэн энэ тоо баримтад тулгуурласан байх ёстой. Тухайлбал, шинээр байрьж байгуулах сургууль, эмнэлэг зэрэг нийгмийн үйлчилгээний газруудыг хаана ямар багтаамж, хүчин чадалтайгаар баривал оновчтой байх вэ зэрэг асуултад тооллогын дүн бүрэн хариулт өгч байгаа гэдгийг Засгийн газрын тэргүүн тодотголоо. Мөн хүн ам зүй, хүн амын суурьшил, байршлыг зөв оновчтой зохицуулах, хүн амын орон сууцны нөхцөл, хангамжийн талаарх мэдээллүүдэд тулгуурлан Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөрөө үнэлэх, үйл ажиллагаандаа ашиглана. Тиймээс тооллогын дүн, мэдээлэл үнэтэй лавлагаа болох учиртайг ч тэрбээр хэлсэн үгэндээ онцолж байлаа.

Энэхүү кампанит ажил тооллого явуулах байнгын бүтэц, эдийн засгийн баталгаа, хамрах хүрээ, мэдээлэл цуглуулах, боловсруулах зэргийг тооллогын тухай хуулиар баталгаажуулсан анхны тооллого. Гадаадад 6 сараас дээш хугацаагаар оршин суугаа иргэдээ анх удаа тооллогод хамрууллаа. Монгол Улс гадаадад байгаа иргэдээ тоолсон анхны улс боллоо. Мөн тоон системийн газрын зургийг анх удаа ашиглалаа зэрэг энэ удаагийн хүн ам орон сууцны тооллогын онцлогийг Монгол Улсын Ерөнхий сайд, Хүн ам, орон сууцны тооллогын улсын комиссын дарга С.Батболд танилцууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч илгээлт, НҮБ-ын Статистикийн комиссын дарга мэндчилгээ хүргүүлснийг ёслоллын ажиллагааны үеэр хүмүүст уламжиллаа. Мөн Улсын Их хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Зоригт үг хэлсэн юм. Илгээлт, мэндчилгээ болон УИХ-ын гишүүний хэлсэн үгэнд “УИХ-ын шийдвэрээр Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдоор ахлуулсан Хүн ам, орон сууцны тооллогын улсын комиссыг байгуулсан. Энэ комисс энэ чухал ажлыг “Хүмүүнд төр эрхэм, төрд хүмүүн эрдэнэ” уриан дор амжилттай зохион байгууллаа” гэдгийг онцлон баяр хүргэсэн байлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.      

Мэдээний бүлэг: Ерөнхий сайд ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
ЕРӨНХИЙ САЙД “ВАШИНГТОН ПОСТ” СОНИНД ЯРИЛЦЛАГА ӨГӨВ
Залуу зохион бүтээгчдийн ордонг сэргээнэ
Засгийн газрын хуралдаан 2011 оны 6 дугаар сарын 10-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.
“НОГООН ТУУЗ“ АЯНД ШАДАР САЙД М.ЭНХБОЛД НЭГДЛЭЭ
Мах экспортлох, шатахуун импортлох асуудлыг ажил хэрэг болгохыг үүрэг болголоо
Монголын хүн амын тоо 2 сая 754. 685 болжээ
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан