Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
ЗАСГИЙН ГАЗРЫН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН 2010 ОНЫ 5 ДУГААР САРЫН 5-НЫ ӨДӨР БОЛЖ, ДАРААХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭН ШИЙДВЭРЛЭЛЭЭ
/ мэдээг нийтэлсэн огноо : 2010.05.05 /
Орон сууцны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулна
Орон сууцны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулиудын төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.
 
Дээрх хуульд нэмэлт, өөрчлөлтийг оруулснаар:
•  Орон сууцны байшингийн инженерийн шугам сүлжээний ашиглалт, засвар, үйлчилгээг эрх бүхий мэргэжлийн байгууллагуудад хариуцуулснаар засвар, үйлчилгээний чанар дээшилнэ.
•    Хүн амьдрахыг хориглосон орон сууцны асуудлыг шийдвэрлэх эрх зүйн орчин бүрдэнэ.
•    Тухайн оршин суугч, хувь хүн, ашиглалт, засвар, үйлчилгээг хариуцсан байгууллагын үүрэг, хариуцлага дээшилснээр орон сууцны ашиглалт сайжирч, эдэлгээний хугацаа уртасч, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэнэ хэмээн үзэж байна.
 
Эмнэлгийнхний мэргэшлийн зэргийн нэмэгдлийг тогтоов

Эмнэлгийн мэргэжилтэнд олгох мэргэшлийн зэргийн нэмэгдлийн доод хэмжээг баталлаа. Нэмэгдлийн доод хэмжээ нь:
•    Ахлах - 10
•    Тэргүүлэх - 15
•    Зөвлөх - 20 хувь  байхаар шийдвэрлэв.

Ажлын алба байгуулав

Монгол Улсын Ерөнхий сайдын 2010 оны 8 дугаар захирамжаар батлагдсан Өмнөговь аймагт ажиллах Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгчийн ажиллах журмын дагуу ажиллуулах Бүрэн эрхт төлөөлөгчийн ажлын албаны бүтэц, орон тооны дээд хязгаарыг 8 хүртэл байхаар тогтов.
Үүнд:
-    Ажлын албаны дарга
-    Ахлах мэргэжилтэн
-    Боомт хариуцсан мэргэжилтэн
-    Хуулийн мэргэжилтэн
-    Төлөөлөгчийн туслах
-    Орчуулагч
-    Нягтлан бодогч
-    Жолооч зэрэг орон тоо багтав.

“Энжунмэн” ХХК-ийн лицензийг хураахаар шийдвэрлэв

УМХЕГ-ын дарга Я.Содбаатар Дорноговь аймгийн Айраг сумын нутагт жоншны хайгуул, олборлолт хийж буй “Энжунмэн” ХХК-ийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүнг танилцуулав. 

Дорноговь аймгийн Айраг сумын нутагт 13993А тоот ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайд үйл ажиллагаа явуулж буй “Энжунмэн”ХХК нь:
•    ТЭЗҮ, зураг төсөл, байгаль орчны нарийвчилсан үнэлгээний дагуу үйл ажиллагаа явуулаагүй, Ашигт малтмалын тухай хууль, Байгальд орчинд нөлөөлөх үнэлгээний тухай хуулийг зөрчсөн
•    2009 оны уулын ажлын тайлан, 2010 оны уулын ажлын төлөвлөгөө байхгүй, тэсэлгээний ажлын паспортгүйгээр тэсрэх бодис хэрэглэж олборлолт явуулсан
•    2009 оны 07 сарын 1-ний өдрийн 09/338 тоот улсын байцаагчийн актаар үйл ажиллагааг нь зогсоосон боловч уулын ажлыг үргэлжлүүлэн явуулсан. 2009 онд өгөгдсөн улсын байцаагчийн албан шаардлагын дагуу зөрчил дутагдлаа арилгах арга хэмжээ аваагүй.
•    Уулын ашиглалтыг далд уурхайн аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрмийг зөрчиж явуулсан
•    Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөгүйгээр олборлох үйл ажиллагаа явуулсан нь Байгальд орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийг зөрчсөн 
•    Уурхайн талбайн хилийг тогтоосон шав тэмдэггүй
•    Тэсрэх материалыг стандартын шаардлага хангасан агуулахад хадгалаагүй
•    Ажилтантайгаа хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. 
•    Хөдөлмөрийн дотоод журам байхгүй
•    Мөн тус компанид ажиллаж байгаа БНХАУ-ын 5 иргэний 3 нь хөдөлмөр эрхлэх зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхэлж байгаа
•    Ашигт малтмалын тээвэрлэлтийг тээвэрлэлтийн гэрээний үндсэн дээр эрхлээгүй зэрэг олон ноцтой зөрчил гаргажээ. Иймээс Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд “Энжунмэн” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг хураахыг Ерөнхий сайд үүрэг болгов. 

Товчхон:

•    2010 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хотноо гарын үсэг зурсан “Гаалийн асуудлаар хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Унгар Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хэлэлцээр”-ийг батлав.

•    Монгол Улс дэлхийн худалдааны байгууллагын Оюуны өмчийн эрхийн худалдаатай холбогдсон асуудлын тухай Протоколд нэгдэн орсныг соёрхон батлуулах тухай асуудлыг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.

•    Гадаад харилцааны сайд Г.Занданшатарын 2010 оны 5 дугаар сарын 18-21-ний өдрүүдэд ХБНГУ-д хийх айлчлалын үеэр баримтлах удирдамжийг зүйтэй хэмээн үзэж Ерөнхий сайдаар батлуулахаар боллоо.

•    Ливан Улс дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд цэргийн баг оролцуулах тухай асуудлыг хэлэлцэн дэмжээд Монгол Улсын Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөлд оруулахыг Батлан хамгаалахын сайд Л.Болд, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар нарт даалгав.

•    Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн тухай хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.

•    Нүүрсний аюулгүйн нөөц бүрдүүлэх хөрөнгийн тухай хэлэлцээд түлш, эрчим хүчний үйлдвэрүүдийн найдвартай ажиллагааг хангах, өр авлагыг нэмэгдүүлэхгүй байх зорилгоор “Нүүрсний аюулгүйн нөөц” бүрдүүлэхэд шаардагдах 4.9 тэрбум төгрөгийг улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр гэрээний үндсэн дээр ашиглуулж 2010 онд багтаан төрийн өмчит дулааны цахилгаан станцуудаас төвлөрүүлэх арга хэмжээ авахыг холбогдох яам, сайд нарт даалгав.

•    Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Гандиг 2010 оны 5 дугаар сарын 10-11-ний өдрүүдэд Нидерландын Вант Улсын Гаага хотноо болох Хүүхдийн хөдөлмөрийн асуудлаархи олон улсын бага хуралд оролцохыг зөвшөөрч, ажлын удирдамжийг Ерөнхий сайдаар батлуулахаар тогтов.

•    Монгол Улсын Засгийн газар болон Олон улсын хөгжлийн ассоциаци хоороонд байгуулах “Хөгжлийн бодлогын санхүүжилт-2” хөтөлбөрийн санхүүжилтийн гэрээний төслийг зарчмын хувьд дэмжиж УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр тогтов.

•    НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн 2010 оны сайд нарын уулзалтад Монгол Улсаас танилцуулахаар бэлтгэсэн “Жендерийн тэгш байдал ба эмэгтэйчүүдийг чадавхижуулах нь” сэдэвт Үндэсний сайн дурын илтгэлийн төслийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди танилцуулав. Үүнтэй холбогдуулан АНУ-ын Нью-Иорк хотноо 2010 оны 6 дугаар сард болох НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн сайд нарын уулзалтад Монгол Улсаас тавих “Жендерийн тэгш байдал ба эмэгтэйчүүдийг чадваржуулах нь” сэдэвт Үндэсний сайн дурын илтгэлийн төслийг зарчмын хувьд дэмжив.

•    Дорнод аймгийн Булган, Хөлөнбуйр, Сүхбаатар аймгийн Мөнххаан, Сүхбаатар сумдад гарсан хээрийн түймэрт өртөн гэр нь шатаж орон гэргүй болсон 9 өрхөд Улсын нөөцөөс иж бүрэн  гэр тус бүр нэгийг олгож, 2010 оны хоёрдугаар улиралд багтаан нөхөн бүрдүүлэхийг Монгол Улсын шадар сайд, Улсын онцгой комиссын дарга М.Энхболдод даалгав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв.



ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
Ерөнхий сайдын нэрэмжит шагналтан Унгарт амарна
АЖЛЫН ХЭСГИЙГ АЖЛАА ЭРЧИМЖҮҮЛЭХИЙГ ҮҮРЭГ БОЛГОВ
“Монголын хүүхдүүд” Үндэсний II их чуулганы хэлэлцүүлгийг нээж Шадар сайд М.Энхболдын хэлсэн үг
ОЙ, ХЭЭРИЙН ТҮЙМЭРТ 2 ХҮН АМЬ НАСАА АЛДААД БАЙНА
Ерөнхий сайд С.Батболд Нийслэлийн хоёр дүүрэгт ажиллав
“МОНГОЛ ОРНЫ ХӨГЖИЛД” VI ЧУУЛГАН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан