|
|
Ирэх оны 2 дугаар сард Монголын эдийн засгийн чуулга уулзалт болно
/ мэдээг нийтэлсэн огноо : 2009.12.16 /
|
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2009 оны 12 дугаар сарын 16-ны өдөр үндэсний үйлдвэрлэгч 50 гаруй компаний удирдлагуудтай уулзав. Хувийн хэвшлийнхэн дотоодын нийт бүтээгдэхүүний 70 гаруй хувийг дангаараа үйлдвэрлэдэг. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд амаргүй зам, шалгуурыг туулж ирсэн хувийн хэвшлийнхэнтэй төр, засаг илүү бодлоготой, нягт уялдаатай ажиллана гэж Ерөнхий сайд уулзалтын эхэнд хэлсэн үгэндээ тэмдэглэв. Монгол Улстай адил орчин, нөхцөлтэй улс олон. Тэдэнтэй өрсөлдөх чадвартай болохын тулд юу хийх хэрэгтэй байгаа нь энэ уулзалтын гол сэдэв байлаа.
Манай улс эдийн засгийн өрсөлдөх чадвараараа дэлхийн 133 орноос 117 орж сүүл мушгидаг. Төр, засгийн шийдвэр гаргах хэм хэмжээ, бодлогын орчин тогтворгүй, дэд бүтэц муу, санхүүгийн салбарын үзүүлэлт нь тааруу учир ийм дүн авсан. Иймээс шийд гаргадаг механизмаа өөрчлөх, ил тод болгох шаардлагатай байгааг Ерөнхий сайд тэмдэглэв. Төр, засаг шийдвэр гаргахдаа ядаж 2 сарын өмнө аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн саналыг нээлттэй хэлбэрээр авдаг байх, аж ахуйн нэгжүүд асуудлаа салбарынхаа холбоогоор дамжуулж илэрхийлэх, яамдын бодлогын зөвлөл ч үүнд оролцон хамтарч ажиллах нь чухал гэж Ерөнхий сайд онцлов.
Засгийн газар цаашид нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортод гаргах, технологийг дэмжсэн бодлого явуулахыг зорьж байгааг Ерөнхий сайд хэлэв. Гэхдээ аж ахуйн нэгжүүд компаний засаглалаа сайжруулж, гадны туршлагыг нэвтрүүлэх, олон улсын зах зээлд гарах, уул уурхайн гээд бусад томоохон төсөл, хөтөлбөрүүдэд оролцох бэлтгэлээ хангах хэрэгтэй байгааг Ерөнхий сайд С.Батболд сануулав. Шударга өрсөлдөөнийг дэмжиж, чадвартай, боловсролтой, өрсөлдөх чадвартай боловсон хүчин бэлдэх, хөрөнгө, санхүүгийн зах зээлийг бодит утгаар нь хөгжүүлэх, эдийн засгаа дархлаажуулах, хүнд суртал, зөвшөөрлийн системийг өөрчлөх, бизнесийн нэр хүндийг өргөж, энэ салбарынхны хүч, хөдөлмөрийг иргэдэд ойлгуулах, компаний нийгмийн хариуцлага зэрэгт голлон анхаарах нь чухал гэж гэв.
Ерөнхий сайдыг үг хэлсэний дараа үндэсний үйлдвэрлэгч компаний төлөөллүүд санал, бодлоо илэрхийлэв.
“Төр, засаг бүх салбараа хөгжүүлнэ гэж хүч, хөрөнгөө тарамдалгүй, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, чухал гэсэн 2-3 салбарыг хөгжүүлэхийн тулд татварын бодлогоор дэмжих нь чухал” гэж “Моносфарм” группын Ерөнхийлөгч Д.Хүрэлбаатар хэлэв. Уул уурхайн салбарт хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрт дотоодын компаниудаа оролцуулах Засгийн газрын байр суурийг “Эрэл” группын Ерөнхийлөгч Б.Эрдэнэбат дэмжиж байгаагаа илэрхийлэв.
Төр, засгийн бодлого, шийдвэр, татварын орчин ойлгомжтой байх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг тодорхойлох концессын хуулиа даруй гаргах, уул уурхай, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлж, мал аж ахуйн гаралтай түүхий эдээ боловсруулан гадаадад гаргахад дэмжлэг үзүүлэхийг “MCS” группын Ерөнхийлөгч Ж.Оджаргал хүслээ. Төр, засгийн шийдвэр цаг үетэй уралдаж гаралгүй хугацаа их алдаж байгааг Худалдаа, хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Мэдрээ сануулаад алтны салбарт олгох санхүүжилт, тендер зарлалт оройтдог зэргийг жишээ болгов.
Цаашид олон улсын хөрөнгө, санхүүгийн зах зээлд гарах үндэсний компаниудаа төр, засаг зоригтой дэмжиж, бизнесийн хууль, эрх зүйн орчинг сайжруулах хууль гаргах цаг болсон. Гэхдээ хууль батлагдсаны дараа дагалдах заавар, журмыг нь түргэн гаргахгүй байгааг Худалдаа, хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Мэдрээ шүүмжиллээ. Цаашид улс орны хөгжил, хямрал, дулаарал зэрэг тулгамдаж байгаа томоохон асуудлаар Засгийн газар, хувийн хэвшил, эрдэмтэн судлаач нар хамтарч албан бус уулзалт хийж, асуудлаа хэрхэн шийдэх гарцаа тодорхойлж байхыг Ерөнхий сайд санал болголоо. Энэ дагуу ирэх оны 2 дугаар сард Монголын эдийн засгийн чуулга уулзалт хийхээр төлөвлөсөн байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
|
|
|
ӨМНӨХ 3 МЭДЭЭ |
ДАРААХ 3 МЭДЭЭ |
|
Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан 2009.12.16-нд болов
|
|
Засгийн газрын ээлжит хуралдаан 2009.12.16-ны өдөр боллоо.
|
|
ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧ НАРТАЙ ГЭРЭЭ БАЙГУУЛАВ
|
|
|
ӨМНӨГОВЬ АЙМАГТ ТОМУУГИЙН А ХҮРЭЭНИЙ /H1N1/ ВИРУС ТАРХАЖ БАЙНА
|
|
ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧ НАРТ ҮҮРЭГ ӨГЛӨӨ
|
|
ЕРӨНХИЙ САЙД САХИЛГА, ДЭГ ЖУРАМ, ХАРИУЦЛАГЫГ САЙЖРУУЛАХААР ҮҮРЭГ ӨГЛӨӨ
|
|
|
|
|
|
|
|
|